Ном 2020 оны 04 сарын 23

Өндөг

Нийтэлсэн: Admin

Энэ бол Америк зохиолч Энди Вейрын 2009 онд бичсэн гайхалтай, бодол хөгжөөсөн богино өгүүлэл билээ.

Чи гэр рүүгээ харих замдаа нас барсан юм.

Автомашины ослоор. Хүн нас барсан гэдгээс өөрөөр бол үүнд ямар ч онц гойд юм байхгүй. Ард чинь эхнэр, хоёр хүүхэд чинь л үлдсэн. Түүнээс биш чи зовсонгүй нас нөгчжээ. Түргэн тусламжийнхан ирээд чамайг ухаан оруулах гэж оролдсон боловч чадсангүй. Бие чинь няц дайруулсан болохоор бараг үхсэн нь ч дээр байсан биз.

Ингээд чи бид хоёр таарсан юм.

— Юу, надад юу тохиолдсон юм бэ? Би хаана байгаа юм бэ?

— Үнэндээ гэвэл чи үхсэн. Гоёоор, зөөлрүүлж хэлэх гээд яах вэ.

— Нэг ачааны машин шарваж байсан

— Харин тийм хэмээн би хэлэв.

Чи эргэн тойрноо харав. Хов хоосон. Зөвхөн чи бид хоёр л энд бий.

— Энэ ямар газар вэ гэж чи асуув. “Энэ хойд нас гээч нь үү?”

— Бараг л тийм, гэж би хариулав.

— Чи бурхан уу? гэж чи асуув.

— Тийм ээ, Би бурхан.

— Эхнэр… хүүхдүүд маань?

— Тэд юу гэж?

— Тэд маань одоо яадаг бол?

— Сайн байна. Чи үхсэн хэрнээ гэр бүлдээ санаа зовж байдаг. Энэ чинь л сайн зүйл.

Чи над руу гайхан харав. Тийм ээ, би тийм ч Бурхантай адилгүй харагдаж байгаагаа мэднэ. Би байдаг л нэг энгийн хүн шиг. Аль эсвэл эмэгтэй хүн шиг ч юм уу. Бага зэрэг даргадуу төрхтэй. Бурхан гэхээс илүү хэл зүйн багш шиг.

— Санаа зоволтгүй гэж би хэлэв. “Тэд зүгээр. Хүүхдүүд чинь чамайг хамгийн сайн сайхнаар дурсана. Тэд чамд дургүй болж амжаагүй. Эхнэр чинь гаднаа бол хэсэг уйлах ч, тэгж байгаад сэтгэл нь тайвширна. Гэр бүл чинь угаасаа асуудалтай, салахын ирмэг дээр байсан юм. Үнэндээ гэвэл санаа нь амарсандаа эхнэр чинь сэтгэл нь буруутай мэт санагдаж өөрийгөө зэмлэнэ.

— Өө өө, гэж чи дуугарснаа “Одоо яах вэ? Би одоо там юм уу диваажин руу очих уу? гэж асуув.

— Алин ч биш хэмээн би хариулснаа “Чи дахин төрөх болно” гэв.

— Мхм, тэгэхээр хойд нас байдаг гэж Хинду шашинтнууд үздэг байсан үнэн байх нь ээ.

— Бүх шашин тодорхой хэмжээгээр үнэн гэж би хариулав. Алив хамт алхъя.

Хов хоосон дундуур чи намайг дагаад алхав.

— Хоёулаа хаашаа явж байгаа юм бэ?

— Хаашаа ч биш. Зүгээр л ярингаа алхах сайхан байдаг юм.

— Тэгвэл, энэ бүхэнд ямар утга учир байгаа юм бэ? хэмээн чи надаас асуув. “Би дахин төрөх үедээ цоо шинээс эхлэнэ биз дээ? Цагаан цаас шиг, жаахан хүүхэд. Миний өмнөх бүх зүйл, амьдрал ямар ч хамаагүй, нөлөөгүй болох уу?”

— Огт үгүй гэв би. “Чиний дотор чиний урьд өмнийн бүх амьдралын чинь мэдлэг, туршлага бий. Чи зүгээр л тэр бүхнийгээ одоо санахгүй байгаа юм”.

Би алхахаа болин, чам руу харан мөрнөөс чинь барив. “Чиний сүнс чиний төсөөлж байгаагаас гоёмсог, аугаа, гайхалтай зүйл. Хүний оюун ухаан гэгч зүйл чиний байгаагийн өчүүхэн хэсгийг нь л агуулж чаддаг юм. Яг л хуруугаа аягатай усанд дүрэн халуун хүйтэн эсэхийг нь үздэг шиг. Чи өөрийгөө тэр саванд хийгээд, тийшээ ороод гарч ирэхдээ тодорхой туршлага олж авдаг юм.

Чи өнгөрсөн 48 жилийн турш хүн байсан болохоор өөрийн аугаа уудам оюун ухааныг бүхэлд нь мэдэрч, тэлж амжаагүй байгаа. Хэрэв чи бид хоёр энд удах юм бол чиний оюун ухаан тэлж, чи алгуур бүхнийг санаж эхэлнэ. Гэлээ ч дахин төрөх хооронд тэгж алгуурлаж байх хэрэг байхгүй.

— Би тэгвэл хэдэн удаа дахин төрсөн бэ?

— Өө, маш олон. Зөндөө олон удаа өөр өөр амьдралд төрсөн. Энэ удаа чи МЭ 540 онд Хятадад тариачин охин болж төрөх болно.

— Юу, хүлээгээрэй гэж чи ээрэв. “Та намайг өнгөрсөн цаг үе рүү буцаах гэж байгаа юм уу?”

— Яахав, яг нарийндаа бол цаг хугацаа гэдэг зүйл чиний тэр орчлонд л байдаг юм. Миний ирсэн газар бол өөр.

— “Та хаанаас ирсэн юм бэ?”

— Би нэг газраас ирсэн, огт өөр газраас. Тэр газарт маань над шиг зүйл өөр олон бий. Тэнд ямар бол гэж чи бодож, сонирхож байгаа нь лавтай. Гэхдээ хэлсэн ч чи ойлгохгүй л дээ.

— Өө тийм гэж үү, хэмээн чи гонсойв. “Тэгвэл, би өөр өөр цаг хугацаанд өөр өөр газар төрж байсан бол би өөртэйгээ таарж байсан байж магадгүй юу?”

— Тэгэлгүй яах вэ. Тийм зүйл дандаа тохиолддог юм. Хэн хэн нь зөвхөн өөрийнхөө үүднээс амьдралыг хардаг болохоор тэгж таарч байна ч гэдгээ мэддэггүй юм.

— Тэгвэл ингэх хэрэг юу байгаа юм бэ? Ямар утга учир байна вэ?

— Чи жинхэнээсээ мэдмээр байна уу? Амьдралын утга учир гэж улиг болсон асуулт биш үү?

— Үгүй, энэ бол заавал хариултыг нь мэдэх ёстой асуулт гэж чи зөрөв.

Би чиний нүд рүү харлаа.

— Амьдралын утга учир гэдэг бол, би энэ ертөнцийг бүтээсэн юм — чамайг хүмүүжиж, ухаан сууг гэж.

— Хүн төрөлхтнийг хүмүүжүүлэх гэж үү? Та биднийг ухаан суулгах гээ юу?

— Үгүй, зөвхөн чамайг. Энэ бүх орчлонг би ганцхан чамд л зориулж бүтээсэн юм. Дахин төрөх бүртээ чи илүү ухаан сууж, илүү ухаантай болдог.

— Ганцхан надад гэж үү? Бусад нь яах юм бэ? Бусад хүмүүс?

— Бусад гэж байхгүй. Энэ орчлонд ганцхан чи бид хоёр л гэж бий хэмээн би хэлэв.

Чи над руу дүрлийтэл ширтлээ.

— Гэхдээ дэлхий дээр тэр их олон хүн…

— Бүгд чи. Цөм чиний өөр өөр дахин төрөлт

— Уучлаарай, юу? Би бол бүгд гэж үү?!

— Чи одоо л ойлгож байна гэж би хэлээд чиний мөрөн дээр зөөлөн алгадав.

— Би тэгэхээр урьд өмнө амьдарч байсан тэр бүх хүн гэж үү?

— Бас ирээдүйд амьдрах тэр бүх хүн

— Би Абрахам Линколнь юм уу?

— Бас түүнийг алсан Жон Вилкес Бүүт.

— Би бас Гитлер юм уу хэмээн чи балмагдав.

— Бас түүнд алагдсан сая сая хүн.

— Би бас Есүс гэж үү?

— Бас түүнд итгэн дагасан итгэгчид нь

Чи чимээгүй болов.

— Чи хэн нэгнийг дээрэлхэх бүртээ өөрийгөө дээрэлхэж байсан юм. Бусдад сайхан сэтгэл гаргах бүртээ өөртөө сайхан сэтгэл гаргаж байсан. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт ямар нэгэн гуниг, аз жаргал мэдрэх бүрийд тэр мэдэрч байсан хүн нь бас чи билээ.

Чи удаан чимээгүй болов.

— Яагаад? гэж чи надаас асуув. “Яагаад ингэж байгаа юм бэ?”

— Яагаад гэвэл, нэг л өдөр чи над шиг болох болно. Учир нь чи бол тийм. Чи бол миний төрөл. Миний хүү.

— “Хөөх” хэмээн чи итгэж ядан хөөрөөд “Би тэгэхээр бурхан юм уу?” гэж асуув.

— Одоохондоо тийм биш. Чи бол ураг. Чи одоо өсөж хөгжсөөр байна. Чи бүх цаг хугацаан дахь бүх хүний амьдралаар амьдарч гүйцсэнийхээ дараа чи төрөхөд бэлэн болно.

— Тэгэхээр орчлон ертөнц гэдэг бол бүхэлдээ ердөө л …

— “Өндөг гэсэн үг” гэж би хариулав. “За одоо чи дараагийн амьдрал руугаа яв”.

Тэгээд би чамайг илгээв.

Холбоотой мэдээнүүд