Дэлхий 2026 оны 08 сарын 06

Орос-Украины сүүлийн үеийн нөхцөл байдал (2026-8-6)

Нийтэлсэн: Admin

За сайн байна уу найзуудаа, Орос Украины сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгаа тухай нэгэн подкаст оруулъя.

Товч агуулга нь:

* Оросыг дрондон буулгаж авах Зеленскийн төлөвлөгөө бүтэлгүйтэн, эсрэгээр эргэн, өөрсдөө улам хүнд байдалд оров.

* Америкаас Патриот пуужингууд авах яриа хэлэлцээ нь бүтсэнгүй

* Старлинк хиймэл дагуулын сүлжээ ашиглан Орос руу дрон харвах санааг нь Америкчууд болон Элон Маск зөвшөөрсөнгүй.

* Энэ өвөл Украины байдал бүр ч хүнд болох төлөвтэй байна.

* Украины дроны цохилтуудын хариуд Украины олон зуун колонкийг Оросууд дрондон устгав. Украин иргэддээ түлш, шатахуун хязгаартай өгөх арга хэмжээ авч байна.

* “Баатарлаг” Украин нь ялагдах талруу орсныг барууны хэвлэлүүд мэр сэр дуугарч эхлэв.

* Украиныг Орост ялагдуулахгүйн тулд барууныхан “гал зогсоох” санаа дэвшүүлж эхлэв. Оросыг цааш давшуулахгүй гэсэн санаа.

* Болохгүй бол янз бүрийн байдлаар Украин руу барууны цэрэг оруулах хувилбаруудыг ч ярилцаж байгаа ажээ.

* Оросын армийн давшилт үргэлжилж байна. Энэ зун Оросын стратеги, тактикт нэлээд өөрчлөлт гараад байгаа. Тэр талаар дараа тусдаа пост оруулъя.

Дэлгэрэнгүй:


Оросыг хэлэлцээний ширээнд суулгах, өөрөөр хэлбэл бууж өгүүлэх зорилготой хэрэгжүүлсэн Зеленскийн дөч хоногийн кампанит ажил бүрэн бүтэлгүйтэлд хүрэв. Украины дронууд Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү нэвтэрч, газрын тос боловсруулах үйлдвэрүүдрүү нь довтлон тодорхой хэмжээний хохирол учруулсан.

Гэвч сүүлийн үеийн мэдээллээр Оросын дотоод түлшний хангамжийн байдал — Украинтай хиллэдэг зарим хилийн бүс нутгаас бусад газарт — тогтворжсон байна.
Украин Оросын иргэний байгууламжуудруу давтан довтолгоо хийсээр байна. Тухайлбал, Хар тэнгисийн эргийн Краснодар мужийн амралтын бүсрүү дайралт хийсэн бөгөөд зарим хүмүүс ойролцоохон нь Оросын цэргийн байгууламж байсан гэж ярьж байгаа ч Украин зориуд Оросын иргэний иргэний объектууд руу довтолсоор байгаа нь нууц биш. Тухайлбал ВайлдБэрриес компанийн байгууламжруу Украин довтолж байна.

Зеленский Украины тагнуул, аюулгүй байдлын байгууллагуудад Оросын өндөр албан тушаалын цэргийн хүмүүсийг устгах үүрэг өгсөн бололтой. Үүний нэг жишээ нь Москва дахь Кудринская рестораны дэлбэрэлт юм. Тэр халдлагаар Оросын Агаарын цэргийн хүчний өндөр тушаалын офицерыг хөнөөхийг оролдсон бололтой. Гэвч нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэх юм бол Украины стратегийн байдал сайжраагүй. Харин ч эсрэгээрээ улам дорджээ.

Сүүлийн хэдэн сард Украины байдал тасралтгүй дордож байна. Өмнө нь ийм дүгнэлтийг барууныхан болон манай либералчууд үл тоомсорлодог байсан. Гэвч өнөөдөр бодит байдлыг үгүйсгэх улам бүр хэцүү болж байна.
Хамгийн сонирхолтой нь энэ өөрчлөлтийг зөвхөн бие даасан шинжээчид биш, харин Барууны томоохон хэвлэлүүд хүртэл аажмаар хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Фронтын шугам дээр Оросын арми хэд хэдэн томоохон ахиц гаргав. Тухайлбал:

• Оросын цэргүүд Славянск хотоос ердөө тав орчим километрийн зайд ирээд байна.
• Оросууд Доброполье чиглэлд хүчтэй довтолж байна.
• Покровский орчимд улам их шахалт үзүүлж байна.
• Харьков мужийн логистикийн чухал зангилаа болох Белый Колодезь тосгоныг эзлээд байна.

Энэ нь Харьков мужийн зүүн хойд хэсгийг бүхэлд нь хяналтандаа авах боломжийг Орост өгч байгаа юм.
Улмаар Оросууд Хар тэнгисийг бараг бүрэн хяналтандаа оруулжээ. Үүний улмаас Украин бараг далайд гарцгүй улс шиг байдалд ороод байна.
Үүнээс гадна Орос улс:
• пуужин,
• камиказе дрон,
• удирдлагатай бөмбөгөөр
Украины бараг бүх нутаг дэвсгэрт урьд өмнөхөөс хавьгүй хүчтэй, өргөн цараатай цохилт өгч байна. Харин Украины хариу довтолгооны боломж үүнтэй харьцуулахад хамаагүй бага хэвээр байна.

Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Зеленский өмнөх шигээ: “Бид Оросыг хэлэлцээ хийхээс өөр аргагүй болгоно” гэж ярихаа болив. Харин оронд нь гал зогсоох талаар дахин ярьж эхэлсэн байна. Гэвч Орос энэ саналыг удаа дараа няцаасаар ирсэн юм.

Үүний зэрэгцээ Украинд улс төр өрнөж байна. Зеленскийн улс төрийн гол өрсөлдөгч гэгддэг Валерий Залужный Украины Элчин сайд нарт хандан илтгэл тавьжээ. Үүндээ тэр:
“НАТО-д элсэх тухай мөрөөдлөө мартъя. Украин хэзээ ч НАТО-д элсэхгүй” гэж мэдэгдсэн байна.
Түүний тайлбарласнаар НАТО өнөөдөр ч дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн үзэл баримтлалд баригдсан хэвээр байгаа бөгөөд үүнээс болоод технологийн хувьд ч аль хэдийн хоцрогджээ.

Украинд өрнөж буй орчин үеийн дайн НАТО-гийн хуучин онолуудаас хэдийнэ давж гарсан гэж тэр үзэж байна. Залужный энэ мэдэгдлээрээ Зеленскийг шууд шүүмжилсэн юм. Тэр “Зеленский бүхнийг буруу тооцоолсон. Намайг Ерөнхийлөгч болговол би бодит байдалд тулгуурласан бодлого явуулна” гэсэн санаа илэрхийлжээ. Үүгээр тэр Украин НАТО-д элсэхгүй гэдгийг Орост хэлж, ийм буулт хийсний үндсэн дээр дайныг дуусгах боломжийг эрэлхийлэх ажээ.

Гэхдээ Залужный НАТО-г үгүйсгэсэн ч бүрэн төвийг сахих үзэлтэн биш. Тэр Европын холбооны нэгдсэн арми байгуулах талаар ярьж байна. Мөн Украины аюулгүй байдлын баталгааг Европын орнууд буюу ер нь эцсийн дүндээ Америк гаргах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл НАТО-д элсэхгүй ч гэсэн барууны аюулгүй байдлын системийн нэг хэсэг хэвээр үлдэх санааг тэр дэвшүүлж байгаа юм.

Залужный илтгэлдээ нэгэн анхаарал татсан тоо дурдсан юм. Тэр: НАТО хоцрогдоод байгаа бөгөөд Оросын цэргийн чадавхын дөнгөж талд нь хүрэхийн тулд НАТО-д дахиад арван хоёр жил шаардлагатай. “НАТО одоо ч Дэлхийн хоёрдугаар дайны үеийн сэтгэлгээтэй байна” гэж хэлсэн юм.

Залужный бол туйлын үндсэрхэг үзэлтэй хүн. Түүний ажлын өрөөнд Украины үндсэрхэг хөдөлгөөний удирдагч Степан Бандерагийн хөрөг хүртэл байдаг юм. Мөн зарим мэдээллээр Залужный Норд Стрим хий дамжуулах хоолойг дэлбэлэх ажилд оролцсон байж болзошгүй.

Тиймээс Орос түүнийг энхийн хэлэлцээ хийх түнш гэж үзэхгүй байх магадлал өндөр юм. Гэсэн ч түүний Украин НАТО-д элсэх боломжгүй гэсэн мэдэгдэл Зеленскийн улс төрийн байр суурийг улам сулруулж байна.

Одоо Барууны орнуудын хамгийн их ярьж байгаа сэдэв бол ирэх өвөл. Америкийн олон хэвлэл Украинд маш хүнд өвөл нүүрлэх тухай бичиж байна. Нөгөө талаар Украины ихээхэн найдлага тавьж байсан агаарын довтолгооноос хамгаалах Патриот системийн пуужингууд түүнд ирсэнгүй. Америкаас НАТО-д суугаа Элчин сайд хүртэл Украинд Патриот систем үйлдвэрлэх лицензийг ойрын хугацаанд олгохгүй гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Зеленскийн Патриот дээр тулгуурласан төлөвлөгөө бүтэлгүйтжээ. Үүний дараа тэр шинэ санаа гаргаж ирсэн нь Старлинк болон Старшилд системүүд.

Тэр Элон Маскийн хиймэл дагуулын системийг илүү өргөн ашиглахыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр Оросын нутаг дэвсгэрийн гүнд байгаа байнуудыг илүү нарийвчлалтай онох боломжтой болно гэж найдаж байна. Гэвч энэ санаа нь бас урагшлахгүй бололтой.
Элон Маск Зеленскийтэй уулзах хүсэлгүй байгаа бөгөөд энэ асуудал цааш явах шинжгүй байна. Тэгвэл ийм нөхцөлд Зеленскийг энэ өвөл юу хүлээж байж болох вэ?

Ойрын саруудад Европчууд Зеленскийтэй хамтран маш том дипломат ажиллагаа эхлүүлж магадгүй байна. Тэдний гол зорилго нь гал зогсоох хэлэлцээр Оростой байгуулах явдал байх шинжтэй. Үүнийгээ тэд “Хэрэв гал зогсоохгүй бол Украинд асар том хүмүүнлэгийн гамшиг нүүрлэнэ” гэж тайлбарлах болно.

Үүнийг зөвхөн улс төрийн мэдэгдлээр хязгаарлахгүй.
НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон бусад байгууллагуудыг ч энэ ажиллагаанд татан оролцуулахыг европчууд оролдох болно.
Үүний зэрэгцээ Оросын цэргийн удирдагчдын эсрэг “Та нар дайны гэмт хэрэг хийж байна шүү, хэрэг үүсгэнэ шүү” гэж сүрдүүлэх болно.

Мөн Хятад болон дэлхийн өмнөд бүсийн улс орнуудаар Орост дипломат дарамт үзүүлүүлэхээр оролдох шинжтэй. Эцсийн зорилго нь ердөө л: Энхийн гэрээ байгуулахгүй хэрнээ Оросоор гал зогсоолгох явдал байх болно. Үүний тулд тэд боломжтой бүх аргаа ашиглана.

Гэхдээ энэ нь амжилтад хүрэхгүй бизээ. Ийм төрлийн дипломат арга үр дүнтэй байдаг үе аль хэдийн хойно өнгөрсөн шүү дээ.

Энэ зуур явагдаж болзошгүй өөр нэг хувилбар бас байна. Тэр нь Баруун Европын цэргүүдийг Украины баруун хэсэгт, ялангуяа Одесса орчимд байрлуулах санаа юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ асуудлыг ойрын хэдэн сарын турш идэвхтэй шахах болов уу даа.

Гал зогсоох хүчин чармайлтыг Европчууд уриална гэж байгаа ч үүний цаана үнэндээ Америк өөрөө л байх нь ойлгомжтой. Европ дангаараа НҮБ дээр ийм хэмжээний ажиллагаа явуулах хүчгүй.

Америк өнгөн дээрээ Украин-Оросын дайны тухайд төвийг сахисан тал мэт харагдахыг хичээж байгаа ч цаанаа Украинд маш их хөрөнгө оруулж, цэрэг зэвсгийн хувьд дэмжиж байгаа юм. Гэвч одоо бооцоо тавьсан Украины байдал нь хүндэрч байгаа тул цаашид ялагдал хүлээхгүйн тулд фронтын шугамыг гацаах арга хэмжээг тэд авахаар зэхэж байна.

Ер нь ойрын саруудад бидний урьд өмнө харж байгаагүй том далайцтай дипломат үйл ажиллагаа явагдах шинжтэй байна. Аль болох олон орныг энэ үйл явцад татан оролцуулахыг барууныхан чармайх байх.

Залужныйгийн саяын мэдэгдэл ч энэ арга хэмжээний нэг хэсэг байж болох юм. Үүний цаана Британи гэх мэт улс орнууд байж болох юм.
Тэд Залужныйг:
• Зеленскийн өөр хувилбар,
• Оростой хэлэлцээ хийх боломжтой шинэ удирдагч хэмээн харуулахыг хүсэж байж болох юм.

Америкчууд Зеленскийд Старлинкийг хүссэнээрээ ашиглах боломж өгөөгүйн цаана өөр нэг шалтгаан бий. Сүүлийн үед Оросууд Старлинкийн дохиог саатуулах чадвараа эрс сайжруулсан гэсэн мэдээллүүд гарч байна. Америкчууд үүнд санаа зовох нь ойлгомжтой. Учир нь ийм байдал цааш үргэлжилбэл Старлинк нэр хүнд болон техникийн хувьд том асуудалтай тулгарч магадгүй.

Үүний зэрэгцээ Орос өөрийн Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулын системээ хөгжүүлж байна. Сүүлийн үед Оросын хэвлэлүүд энэ системийн талаар улам их мэдээлж байгаа бөгөөд одоо уг систем Украинд тодорхой хэмжээгээр ажиллаж эхэлсэн гэсэн мэдээллүүд гарч байна. Оросууд шинэ хиймэл дагуул хөөргөх бүрийд энэ системийнх нь хүчин чадал улам бүр өсөж байна.

Старшилдын тухайд гэвэл: Старшилд гэдэг нь Старлинкийн цэргийн зориулалттай хувилбар шүү дээ. Хэрэв Украинд Америк Старшилд ашиглах бүрэн эрх олговол энэ нь ердийн үйлчилгээ биш болно. Ингэвэл Украин Америкийн цэргийн холбоо харилцаны системд албан ёсоор нэгдэж байна гэсэн үг. Тийм учраас Элон Маск Зеленскийтэй уулзахаас татгалзсан байх магадлалтай.

Дараагийн тодруулга: Хэрэв Европчууд Украинд цэрэг илгээх шийдвэр гаргавал ямар орнууд оролцох бол?

Хамгийн түрүүнд Франц болон Их Британи оролцож болзошгүй. Бусад орнуудын хувьд нөхцөл байдал өөр. Польш энэ санаанд нэг их дуртай биш байгаа мэт харагдаж байна. Балтын орнууд оролцох хүсэлтэй байж болох ч цэргийн хүч нь маш бага. Швед тодорхой хэмжээний хүч гаргаж магадгүй. Гэхдээ тэдний арми ч бас харьцангуй жижиг.
Харин Германд нөхцөл байдал огт өөр байна. Хэрэв Германы удирдлагууд цэргээ Украинруу илгээх санал гарвал Германы олон нийт хүчтэй эсэргүүцэх болно. Одоогийн улс төрийн удирдлага нь ийм эсэргүүцлийг даван гарах хангалттай хүчтэй биш.
Тиймээс бодит байдал дээр:
• Франц,
• Их Британи
хоёр л гол ачааг үүрнэ. Бусад улс багахан хэмжээгээр оролцох болов уу даа.

Британи юу илгээж чадах тухайд гэвээс:
Үнэндээ Британийн явган цэргийн бүх хүч нь нийлээд дөнгөж хорин таван мянган хүн шүү дээ. Тиймээс Британи цэрэг илгээлээ гэхэд үсрээд таван мянган цэрэг л илгээх болов уу. Франц харин үүнээс арай олон хүн гаргаж болох юм.

Дараагийн асуулт: Ийм цөөхөн цэрэг Украинд очоод юу хийж чадах юм бэ?

Үнэндээ, цэрэг тактикийн хувьд бол ямар ч үр дүн гаргаж чадахгүй. Харин улс төрийн зорилгод нь тусалж болох юм. Тэд цэргээ Украинд байрлуулснаа Оросын довтолгоонд өртөхөд нь “Хөөе хараач, Манай цэргүүд халдлагад өртлөө” гэж Америкт хандаж тусламж хүсэх болно.

Өөрөөр хэлбэл Европчууд цэргээ дохиоллын утас буюу tripwire болгон ашиглаж, улмаар Америкийг Оростой шууд мөргөлдөөнд татан оруулахыг оролдох арга л хэрэглэх байх. Ялангуяа Францын Ерөнхийлөгч Макрон хувьдаа ийм зорилго дэвшүүлж байж магадгүй талаар ажиглагч нар ярьж байгаа юм.

За Украин-Оросын мөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдлыг товч дүгнэхэд ийм байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, шэйр хийхээ битгий мартаарай, дараагийн подкастаар уулзатлаа түр баяртай.

Холбоотой мэдээнүүд