“Ном бол ертөнцийг харах цонх мөн” хэмээх эртний үг бий. Гэвч энэ зүйл ганцаараа ертөнцийг харах цонх биш болжээ. Технологи хөгжихийн хэрээр ТВ, кино, ФМ, подкаст, гар утас, интернэт цөм ертөнцийг харах цонх болсон байна. Зарим нь илүү богино хугацаанд ертөнцийг хамаагүй их харуулдаг. Гэвч кино, интернэтийн алин ч гүн гүнзгийгээрээ номыг гүйцэхгүй. Одоо болтол гүйцээгүй л байна.
Дунд сургуульд байхдаа би ном их уншдаг байлаа. Зарим шөнө унталгүй уншиж байв. Мэдээж тэр үед уншсан номын маань нэлээд нь уран зохиолын ном байсан. Оюутан болсноос хойш, магадгүй ажил дээр гарснаас хойш харин зорьж ном унших маань эрс багасчээ. Ер нь бид цөм л тийм болсон байх.
Интернэт дэлгэрч, ухаалаг гар утас хүн бүхэн барьдаг болсноос хойш бид интернэтээс хангалттай их мэдээлэл авч байна гэж бодон, номонд зарцуулдаг цагууд маань ч эрс багассан байж магад. Тэгтэл интернэт, ухаалаг гар утас номыг орлож чадахгүй. Үүнийг суутнууд бидэнд сануулж байна.
“Чи – цаг хугацаагаа хамгийн их цуг өнгөрүүлдэг 5 хүнийхээ дундаж нь”.
~ Жим Рон
“Хүнийг найзаар нь дүгнэдэг”. Тэгтэл нөхөрлөж, цуг байдаг хүмүүс чинь буюу нөгөө 4 хүн чинь ирээдүйгээ ч боддоггүй, өдөржин шөнөжин шоуддаг бол чи тэдний л дундаж байх ба ирээдүй чинь ч тэдний дундаж байх болно.
Харин тэгтэл, найзууд чинь жимд явдаг, дасгал их хийдэг бол “Алтны дэргэдэх гууль шарлана” хэмээх дүрмээр чи ч бас хааяа нэг төмөр өргөдөг, турникт суниадаг болох ба дундаж хүмүүсийг бодвол арай илүү чийрэг, спортлог байх болно.
Тийм ч болохоор зарим сэтгэл судлаачид “Хүн өөрөөсөө илүү амжилттай хүмүүстэй нөхөрлөх ёстой” гэж зөвлөдөг. Чи найзуудаасаа дутуу, хойно нь явж байж болно. Гэсэн ч урд чинь явж буй хүмүүс юу руу харж, юу руу тэмүүлж, хаашаа зүтгэж байгаа нь чамд урам зориг, тэмүүлэл өгөх ба үүний үр дүнд чи ч бас бусдыг бодвол илүү амжилтанд хүрэх магадлалтай ажээ.
Өнөө цагийн нэгэн суутан болох Америкийн бизнес эрхлэгч Элон Маскаас нэг сурвалжлагч хүн яаж түүн шиг болох вэ хэмээн асуухад тэр “Ном унш” гэж зөвлөсөн юм.
Дэлхийн супер тэрбумтнуудын нэг Уоррэн Баффэт “Би ажил дээрээ суугаад л, өдөржин юм уншдаг” гэж хэлсэн билээ. Яаж баяжсан нууцыг нь сурвалжлагч асуухад тэр ширээн дээрх бичиг цаас руугаа зааснаа “Би долоо хоногт 500 хуудас уншдаг юм” гэж тайлбарлажээ. 500 хуудас гэдэг нь даруухан тоо бөгөөд зарим өдөрт тэр хэдэн зуун хуудас уншдаг байсан аж.

Зориуд цаг гарган ном маш их уншдаг өөр нэг тэрбумтан бол Билл Гэйтс. Тэр долоо хоног бүр нэг шинэ ном унших (уншиж дуусгах) зорилт өөртөө тавьдаг гэнэ.

Номыг тэрбумтнууд ийнхүү чухалчилж байгааг би анх түүнээс л мэдсэн. Ер нь тэрбумтнуудыг юм уу, дэлхийн том корпорацийн захирлуудыг номонд ингэтэл хорхойтдог гэж хэн санах билээ дээ. Гэвч байдал тийм байгаа бөгөөд тэрбумтнууд номыг асар их үнэлдэг ажээ. Тэд ухаалаг гар утсаа өдөржин оролдож суудаггүй. Үнэндээ ч ухаалаг нэртэй л болохоос биш гар утас тэдний хувьд хангалттай “ухаалаг” зүйл биш ажээ.
“Долоо хоног бүр шинэ ном унш.”
~ Билл Гэйтс
Билл Гэйтс жилд 50 гаруй шинэ ном уншдаг аж. Тэгэхдээ цахим номоос илүү цаасан номыг тэр илүүд үздэг байна. Цаасан ном илүү бодитой, гарт барьцтай тул мэдлэг болж санаанд үлдэх нь илүү байдаг гэж зарим сэтгэл судлаачид үздэгт үнэний хувь байдаг биз ээ.
“Ухаан далай номоос ихтэй” хэмээн ард түмэн маань сургаж байсан нь юутай үнэн бэ. Технологи хөгжиж, бүх зүйл цахижиж байгаа ч мэдлэгт хүрэх сонгодог арга хэвээр байгаа бөгөөд тэр нь юу болохыг чи одоо хэлүүлэлтгүй мэдсэн биз ээ.