Лондон хот – Хэнриетта Гудамны 5 тоот – 1897 он
Нэгдүгээр бүлэг
Тэр өдөр алхах ямар ч боломж байсангүй. Уг нь бид өглөөгүүр навчгүй бутнууд дунд бүтэн цаг алхсан юм. гэсэн ч оройн зоогноос хойш (цуг зоог барих хүнгүй үед Рийд ахайтан эрт хооллодог юм) өвлийн хүйтэн салхи баргар үүлсийг туун авчирч, нэвт нором бороогоор шавшсанаас гадаа гарч дасгал хийх хөг тийнхүү өнгөрчээ.
Надад энэ нь гэхдээ таатай байв: би хол алхах угаас дургүй, ялангуяа зэврүүн үдээс хойш: гар хөлийн хуруу бээрэн орой бүрийд гэртээ ирнэ гэхээс айдас хүрэхийн сацуу, асрагч Бэссигийн үглэх зэмлэхийг дуулна гэхээс зүрх үхэж, Элиза, Жон, Жоржиана Рийд нараас дорой биетэй гэж бодохоос өөрийгөө голох сэтгэл төрнө.
Элиза, Жон, Жоржиана нар одоо харин ээжийнхээ зочны өрөөнд эргэлдэж байна. Ээж нь галын хажууд буйдан дээрээ тухлан сууж, хонгорхон үрсээ харан (тэд нар нь одоохондоо хэрэлдэж муудалцсан юмгүй л байна) үнэхээр аз жаргалтай харагдаж байв. Би харин тэр хэдтэй нийлэх эрхгүй, холоос харж сууна. Энэ талаар тэр “Чамайг ингэж хол байлган тусгаарлаж байгаа нь харамсалтай л юм. Гэхдээ Бэсси түүнд хэлэх хүртэл, аль эсвэл өөрөө намайг ажиглан, намайг үнэхээр хүүхэд шиг, нийцтэй, хөгжилтэй, өөдрөг, инээд хөөр цацарсан болох хүртэл ийнхүү аз жаргалтай, баяр баясалтай хүүхдүүдээс тусгаарлана гэсэн юм”.
“Бэсси намайг ямар буруу юм хийсэн гэж ховлосон юм бэ?” хэмээн би асуув.
“Жэйн, би ингэж өөдөөс үг сөрдөг, олон юм асуудаг хүнд дургүй шүү. Дээр нь чи жаахан хүүхэд байж том хүний өөдөөс яаж ярьж байгаа юм. Нэг газар очиж суу, тэгээд хүнтэй найрсаг, соёлтой ярьж чаддаг болох хүртлээ дуугүй бай”.
Өглөөний цайны өрөө зочны өрөөний хажууд тул бий тийшээ оров. Энд номтой хайрцаг байдаг юм. Удсан ч үгүй би нэг зурагтай том ном аван цонхны хажуугийн сандал дээр гарч суув. Хөлөө дээш гарган, яг л Туркууд шиг хөлөө завилан суулаа. Улаан хөшгийг бараг л хаагдтал нь татсан болохоор би давхар бусдаас тусгаарлагдав.
(Үргэлжлэл бий)