Би ердөөсөө ч энэ тухайд дүгнэлт хийж, дүгнэлт өгч чадахгүй юм байна. Бүтэн цаг яриа, лекцийг минь сонссоны эцэст чи тэмдэглэлийн дэвтрийнхээ хуудасны завсар хавчуулж, ил зуухны дээдэх тавиур дээр нандигнан хадгалах бяцхан алтан бухтай гаръя гэж бодно биз дээ. Энэ тал дээр би ердөө нэг өчүүхэн хувийн бодлоо л илэрхийлж чадах ажээ. Тэр нь – эмэгтэй хүн зохиол бичихийн тулд мөнгөтэй байх ёстой, өөрийн гэсэн өрөөтэй байх ёстой гэсэн бодол. Гэхдээ ингээд л орхихоор эмэгтэй хүний жинхэнэ мөн чанар болон утга зохиолын жинхэнэ мөн чанарыг хөндөлгүй орхичихож байгаа биз. Энэ хоёр бол шийдэгдээгүй асуудлууд. Тийм ч болхоор энэ хоёрын тухайд би дүгнэлт хийхээс зайлсхийлээ. Оронд нь харин би өрөө, мөнгөний талаар яагаад ингэж бодсоноо тайлбарлан өөрийгөө цайруулъя.
Та бүхний өмнө би юу намайг энэ дүгнэлтэнд хүргэсэн тэрхүү бодлын галт тэрэгний хэлхээсээ бүрэн бүтнээр нь, эрх чөлөөтэй задгайгаар нь үзүүлж, танилцуулъя. Магадгүй би өөрийн үзэл бодол, алдаа гажуудлаа ил тод, илэн далангуй уудлах аваас хэлсэн дүгнэлтийн минь цаадах тэр бүхэн ил болж эмэгтэйчүүд, утга зохиолын талаар зарим нэг бодол төрүүлэх буй за.
Гэхдээ аливаа тун ч маргаантай сэдвийн тухайд тэгдэгчлэн, тэгээд ч хүйстэй холбоотой бүх асуудал маргаан дэгдээдэг шүү дээ, тийм болохоор ийм асуудлын тухайд цор ганц хөдөлшгүй үнэнийг би л ганцаараа хэлж байна гэж би мэтгэхгүй. Оронд нь миний ярианаас та бүхэн миний хязгаар, хүрээ, хувийн үзэл бодлыг ажиглан өөрийн дүгнэлтээ хийх боломжийг л би өгөх болтугай хэмээн найдаж байна.
Утга зохиол үнэндээ баримтнаас ч илүү үнэнийг агуулдаг. Тийм болохоор романч хүний бүрэн эрх, эрх чөлөөгөө ашиглан энд ирэхийн өмнөх хоёр өдрийн түүхээ би өгүүлэхээр шийдлээ. Та бүхний нуруун дээр минь үүрүүлсэн хүнд сэдвийн жинд дарагдан бөхийсөн би энэ талаар өдөржин бодол болон эргэцүүлсэн юм. Миний одоо хэлж ярих гэж буй тийм газрууд бодитоор байдггүй гэдгийг та бүхэнд хэлэх ч шаардлагагүй биз ээ. Оксбриж гэдэг газар бол зохиомол газар. Фернхэм ч бас. “Би” хэмээх өгүүлэх хүн маань ердөө л огтхон ч оршдоггүй нэгнийг төлөөлөхөд амар орлуулах үг төдий. Уруулнаас минь одоо худал хуурмаг яриа урсана. Гэхдээ зарим нэг үнэний хайлш тэнд бий. Тиймээс аль хэсгийг нь тэмдэглэж авч, хадгалж үлдэхээ та бүхэн өөрсдөө мэдтүгэй. Хүсвэл цөмийг нь базаад хогийн сав руу чулуудаад мартчихсан ч болно.
За ингээд, Би гэдэг хүн, тэр нь Мэри Бэтон ч юм уу, Мэри Сэтон ч юм уу, Мэри Кармайкл ч юм уу, дуртайгаараа нэрлээрэй, тэр нь ач холбогдолгүй. Би гэдэг хүн тэгээд нэг хоёр долоо хоногийн өмнө Аравдугаар сарын аятайхан нэгэн өдөр бодолдоо автан голын эрэг дээр сууж авай. Эмэгтэйчүүд, утга зохиолын талаар ямар нэг дүгнэлтэнд хүрэх ёстой гэсэн бодол элдэв санаа, бодол төрүүлэн тэргүүнийг минь бараг газар хүргэж байлаа. Баруун зүүн талд минь алтан шаргал, час улаан бутнууд өнгө өнгөөр алаглан, яг л халуу дүүгэн шатах гэж буй мэт туяарч байв. Голын нөгөө талд үс нь мөрөндөө хүрсэн бургаснууд мөнхийн уй гашуундаа автан уйлж суулаа. Гол харин тэнгэр, гүүр, шатаж буй мод гээд юу хүссэнээ мандалдаа ойлгон толилзуулж байснаа нэгэн оюутан завиа сэлүүрдэн явах үед толин тусгал нь юу ч байгаагүй мэт балран арилж байв. Тэнд би бодолдоо автан хэр удаан ч суусан юм бэ дээ. Бодол – гэвэл бараг магтсан болж хувирах өнөөх ээдэрсэн зүйл маань нэг л мэдэхэд гарнаас минь мултран голд оров. Мандлын тусгал, урт замагнуудын наагуур цаагуур тэр минь ийшээ ч нэг, тийшээ ч нэг, нэг дээшээ, нэг доошоо тэнүүчлэв. Тэгж байтал гэнэт нэгэн бяцхан угзралт бодлын уяаны минь үзүүрээс татав. Татан өвсөн дээр гаргаж иртэл миний тэр бодол минь ямар өчүүхэн жаахан юм байсан гэж санана; сайн загасчин бол за хэсэг сэл дээ, таргалахаар чинь барьж шөлийг чинь ууя хэмээн усанд нь буцаан хийх тийм л өчүүхэн юм байлаа. Тэр бодол юун бодол байсныг би одоо хэлж та бүхнийг залхаахгүй. Оронд нь харин анхааралтай чагнах аваас та нар өөрсдөө миний юу хэлэх гэж буйг олж мэдэх вий. Хэдий жижиг ч гэсэн тэр бодолд гэхдээ нэгэн үл таних, өвөрмөц онцгой шинж байсан юм. Ус руу нь буцаан хийхэд тэр бодол тэр дороо л маш чухал, сэтгэл хөөрүүлсэн зүйл болон хувирч, ийшээ ч нэг ухасхийж, тийшээ ч нэг гялсхийж, зүгээр суухын аргагүй бөөн бодол үүсгэн хөөрүүлж орхив. Чухам тэр үед л, нэг мэдсэн би зүлгэн дээгүүр хурдан гээч алхан урагшилж явлаа.
Тэгтэл гэнэт нэг эрэгтэй хүн урд минь гарч ирэн намайг зогсоодог юм байна. Эхлээд би тэр хачин төрхтэй, үдшийн цамц өмссөн хүрэмтэй зүйл над руу зорьж ирж байгааг би анзаарсангүй. Царайд нь айдас, дургүйцэл тодорсон байлаа. Тэр үед ухаант бодлоороо биш харин зөнгөөрөө би тэр бол гэлэн, би харин бүсгүй хүн байх чинь гэдгээ анзаарав. Энэ өвст зам түүний жим. Гагцхүү эрдэмтэд, оюутнууд л үүгээр явах эрхтэй. Бүсгүй хүн би чулуун замаар явах ёстой шүү дээ гэдгээ ухаарав. Агшин зуурын дотор эдгээр бодол төрсөн юм. Тийнхүү би буцан зам руугаа орохын сацуу гэлэнгийн гар доош буун, царай нь буцан амар амгалан болов. Хэдийгээр зүлэгт зам чулуун замыг бодвол амар ч гэлээ чулуун замаар явлаа гээд нэг их дор болсон зүйлгүй…