Технологи 2020 оны 05 сарын 10

Python биш COBOL-ын эрэлт нэмэгдэв

Нийтэлсэн: Admin

Энэ зөвлөгөө Монголын зах зээлтэй шууд холбоотой биш боловч олон улсын, тэр тусмаа Америкийн програмчлалын салбарт гарч буй өвөрмөц шинэ хандлага болоод байна. Ингээд энэ хандлага юу болохыг сонирхоцгооё.

Бизнесийн салбарт динозавр гэж болохоор компьютерын нэгэн хэл хэрэглэгддэг бөгөөд өнөөдөр тэр хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Энэ бол жар гаруй настай COBOL.

Зах зээл дээр байгаа компьютерын бусад хэлүүдийг авч үзье л дээ. Тэгэх юм бол С хэл бараг тавь гаруй настай, Python гучин хэдтэй. Fortran мөн жар гаруй настай боловч одоо хүртэл хэрэглэгдсээр байна.

COBOL хүмүүс хоорондын арилжаа, гүйлгээний 80%-ийг хийдэг бөгөөд бүх мөнгө гаргадаг машины, тэр дундаа ATM-үүдийн 95% нь COBOL хэл дээр ажиллаж байна. Өнөөдөр дэлхий даяар 200 тэрбум COBOL код байгаа бөгөөд энэ бүх код идэвхтэй хэрэглэгдэж, цаг ямагт засвар өөрчлөлт, мэйнтэнэнс хийхийг шаардаж байна.

Одоо энэ эрэлт хэрэгцээ улам нэмэгджээ. АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүссэн хүмүүсийн тоо улам нэмэгдэхийн хамт нийгмийн даатгалын системийн ачаалал нь нэмэгдэж байгаа бөгөөд тэрхүү систем нь COBOL хэл дээр бичигджээ. АНУ-ын Мужийн захирагчид COBOL хэл дээр ажиллаж чаддаг чадварлаг програмистууд олж авахын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй байдалд орсон байна.

Тэгтэл

COBOL мэддэг хүн өнөөдөр цөөхөн болжээ

Юун түрүүн тайлбарлахад COBOL гэдэг бол COmmon Business Oriented Language буюу Бизнесийн Чиг Хандлага Бүхий Програмчлалын Хэл гэсэн утгатай үгийн товчлол юм. Уг хэлийг ямар ч кодны мэдлэггүй бизнес эрхлэгчид бичиж чаддаг байхаар зохиожээ. Синтакс нь жаахан сонин болохоор хардкор кодчид энэ хэлэнд тийм ч дуртай байгаагүй. “КОБОЛ тархи толгойг самууруулдаг, тийм болохоор энэ хэлийг заахыг гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй” хэмээн Эдсгер В.Дижкстра хэлж байв.

Тийм авч ийнхүү сануулах зуур нь энэ хэл 1970 он гэхэд бизнес, банкны системд хэдийн гүн нэвтрэн тэмтрүүлүүдээрээ ороон, бүх нүх сүвд шигдэж чаджээ. Дараагийн хэлүүд гарч ирснээр энэ хэл мөхсөн гэж тооцогдсон тул хэн ч энэ хэлийг сурах гэж 1980-аад оноос хойш оролдсонгүй. Өмнө сурсан байсан хүмүүс нь өмнөх системүүдийг шинэчлэх ажил хийж байв. Яах вэ, ачааллаа даагаад байсан бололтой.

Харин тэгтэл 2020 оны коронавирусын хямралтай холбоотойгоор гэнэт асар их ачаалал АНУ-ын нийгмийн даатгалын системд ирсэн бөгөөд тэгтэл тэр систем нь бараг тэр чигтээ COBOL хэл дээр бичигдсэн байлаа. Гэнэт л энэ хэлийг сайн мэддэг хүмүүсийн эрэлт хэрэгцээ адар цойлон тэнгэрт гарав.

Нью-Жэрси мужийн амбан захирагч нь бүр ТВ-ээр КОБОЛЬ мэддэг хүн ажилд авна шүү гэж зарлав. Дэлхийд зартай IBM компани хүртэл COBOL-ын мэргэжилтнүүд хайж эхэлснээ мэдэгдсэн боловч одоогоор үр дүн муутай байна.

Моодны биш боловч ашигтай

Коболь хамгийн сүүлийн үеийн моодны хэл биш. Сүүлийн үеийн програмчлалын хэлүүдийн хийж чадах олон зүйлийг энэ чадахгүй. КОБОЛЬ сурах юм бол чи лав хуучны, магадгүй хэдэн арван жилийн өмнө бичигдсэн кодтой л ноцолдох болов уу. Гэлээ ч тэр ноцолдох зүйл чинь яг одоо дэлхий ертөнцөд хамгийн хэрэгтэй зүйл байж магадгүй. Олон сая хүн ажилгүй болж, ажил нь шаардлагагүй болж буй үед энэ програм харин ч эсрэгээрээ жинхэнэ ажлын баталгаа ч болж магад. Үүнээс илүү моодны зүйл гэж юу байх вэ.


Үүнтэй ижил эрэлт хэрэгцээ Y2K буюу он цагийн тоолол 2000-ыг цохих дөхөх үед бас гарч байжээ. Тэр үед 1960-1970-аад онд бичигдсэн компьютерын системүүд 2000 он гарна гэдгийг анзаараагүйгээс оны тооллоо дөрвөн орноор биш хоёр орноор төлөөлүүлснээс болоод 2000 он гарах үед систем буруу ажиллаж маш их буруу тооцоололд хүргэх аюул дэлхий даяар тохиолдсон бөгөөд үүнтэй холбоотойгоор тэр үед мөн КОБОЛЬ програмчид маш олноороо хэрэг болж байсан ажээ. Нэг хэсэгтэй л КОБОЛЬ програмистууд гал сөнөөгчдийн үүрэг гүйцэтгэх бололтой.

Холбоотой мэдээнүүд