Технологи 2020 оны 05 сарын 07

Пуужингийн түүх (1957-)

Нийтэлсэн: Admin

1957 оны 10 сарын 4-нд Зөвлөлтүүд Спутник 1 хиймэл дагуул сансарт хөөргөснөөр Зөвлөлт-Америкийн хоорондох пуужингийн өрсөлдөөн ил тод эхэлсэн юм. Спутник хүн төрөлхтний сансар руу хөөргөсөн анхны тээврийн хэрэгсэл байгаад зогсохгүй анхны хиймэл дагуул байсан юм. Уг бяцхан хиймэл дагуулыг хөөргөх ажиллагааг Сергей Королёв удирдаж байв. Түүний нэрийг улсын нууц гэж нууцалж байсан тул түүнийг Ахлах Дизайнер хэмээх код нэрээр л нэрлэж байлаа. Тэр 1966 онд санамсаргүй байдлаар нас нөгчих хүртлээ Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийг удирджээ.

Спутник 1

Спутник 1 Америкчуудын сэтгэлийг хөөргөснийхөө хамт асар их айдас түгшүүр төрүүлсэн. Зөвлөлтүүд хэрвээ сансарт пуужин гаргачихаж чадаж байгаа юм бол өөрсөн рүү нь сансраас цөмийн зэвсгээр довтолж чадах юм байна гэсэн бодол төрсөн нь мэдээж. Зөвлөлтүүд ийнхүү сансрын хөтөлбөрт хөрөнгө мөнгө хаясны шалтгаан нь илүү сайн тив алгасах баллистик пуужин (ТАБП) бүтээх явдал байсан. Тэрхүү ТАБП нь АНУ-руу цөмийн цэнэгт хошуу хүргэх ч чадвартай байж болно.


Тэр жилийн 11 сард ЗХУ дараагийн пуужин болох Спутник 2 пуужингаа хөөргөв. Энэ удаад тус пуужиндаа Лайка нэртэй нохой суулган нисгэсэн юм. Лайка сансарт ниссэн анхны амьтан болсон.

Энэ үед нь АНУ пуужингаа хөөргөх тавцангаас амжилттай хөндийрүүлэх гэж оролдоод чадахгүй байлаа. Vanguard пуужин хөөргөсөн боловч амжилтанд хүрсэнгүй. Дараа жил нь цэргийн армийн Баллистик Пуужингийн Агентлагийн боловсруулсан Jupiter-C пуужин дээр үндэслэсэн Satellite 1958 Alpha буюу Explorer 1 хэмээх пуужин бүтээв. Энэ хиймэл дагуул АНУ-ын хөөргөсөн анхны хиймэл дагуул байсан бөгөөд дэлхийг бүрхсэн цацраг идэвхт орчныг судлах үүрэг хүлээв. Энэ хөтөлбөрт нацист Германы пуужинг бүтээлцэж байсан фон Браун бас оролцсон юм. АНУ-ын Холбоотны цэргүүд дэлхийн хоёрдугаар дайны дараа түүнийг олзлон пуужин бүтээлгэхээр Америк руу аваачсан ажээ.

1958 онд АНУ анхныхаа Vanguard пуужингаа амжилттай хөөргөв. Түүнчлэн АНУ-ын Конгресс тус жил АНУ-ын сансар судлалын гол байгууллага болох НАСА-г байгуулах шийдвэр гаргав.

АНУ-ын хөөргөсөн Vanguard 1 хиймэл дагуул

1959 онд ЗХУ Луна 1 сансрын хөлгөө хөөргөлөө. Энэ хөлөг дэлхийн татах хүчнээс тасран гарч, саранд 5995 км ойртсоноо Дэлхий, Марс хоёрын завсрын тойрог замд орсон юм.

Луна 1

Түүний дараагийн Луна 2 пуужин харин жинхэнээсээ саран дээр газардаж чадав. Гэхдээ зөөлөн газардаагүй л дээ, очиж мөргөж дэлбэрсэн гэвэл илүү ононо. Сарны дорно талд, Mare Serenitatis хэмээх газар унаж дэлбэрсэн юм. Уг пуужин сансар дахь ионыг мэдрэх төхөөрөмжөөрөө Нар салхитай юм байна гэсэн том нээлт хийснээрээ алдартай. Түүнчлэн тус пуужин Сар маань ямар нэгэн соронзон оронгүй юм байна гэдгийг баталж чадсан юм.

Түүний дараагийн Луна 3 пуужин Сарыг яг тойрон эргэлдэж, орбитолж чадсан бөгөөд сарны дэлхийд харагддаггүй нөгөө талын гэрэл зургийг авч, буцаан дамжуулж чадсан. Уг хиймэл дагуул зураг авахдаа гэрэл зургийн аппарат ашигласан бөгөөд авсан зургаа өөр дээрээ угаасныхаа дараа түүнийгээ сканнердан, яг л факсын аппаратных шиг технологи ашиглан эх дэлхий рүү түүнийгээ дамжуулжээ.


1960 он цаг уур судлалд шинэ шат нээсэн. Дэлхийн хамгийн анхны цаг уурын Tiros 1 хиймэл дагуул тойрог замд гарлаа. Мөн анхны харилцаа холбооны Echo 1 хиймэл дагуул хөөрөв. Спутник 5 пуужингаар Зөвлөлтүүд Стрелка, Белка хэмээх хоёр нохойг сансарт хөөргөсөн нь эх дэлхийдээ амжилттай эргэн буув. Энэ хоёр сансраас дэлхийд амжилттай буусан анхны сансрын нисгэгчид болсон.

1961 оноос хүн нисгэгчтэй нислэгийн эрин эхэллээ. 1961 оны 4 сарын 12-нд Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болов.

Гагарин Восток 1 пуужингаар хөөрсөн юм. Нислэг нь 60 минут үргэлжилсэн. Восток 1 болбоос Зөвлөлтийн R-7 ТАБП дээр үндэслэсэн загвар байлаа. Уг пуужин керосин шатаадаг бөгөөд түлхэгч түлшиндээ шингэн хүчилтөрөгч ашигладаг.

1961 оны 5 сарын 3-нд Америкийн анхны сансрын нисгэгч нь Алан Шепард болов. Түүний ниссэн пуужинг Германы эрдэмтэн, Германд V-2 пуужин зохион бүтээж байсан Вернер фон Брану загвар дээр үндэслэн бүтээжээ. Энэ пуужин спирт, шингэн хүчилтөрөгч шатаадаг байв.

Дараа нь 7 сарын 4-нд нь буюу АНУ-ын тусгаар тогтнолын өдөр АНУ Virgil 1 пуужин хөөргөв. Түүний дараа, 8 сарын 6-нд нь Зөвлөлтүүд Герман Титовыг сансарт нисгэсэн бөгөөд Титов сансарт 25 цаг байснаар тойрог замд нэг өдрөөс дээш хугацаанд байсан анхны хүн болжээ.

1969 оны 7 сарын 16-нд АНУ-ын Нейл Армстронг, Эдвин “Базз” Алдрин, Майкл Коллинс гурав Аполло 11 нислэгээр сар руу нисэв. Саран дээр буусныхаа дараа Армстронг, Алдрин хоёр сарны мандал дээр бууж, саран дээр хөл тавьсан анхны хүмүүс болсон.

Тэр хоёр сарны гадаргуу дээр хоёр цаг гучин минут болсон бөгөөд хөлгийн гадна өмсөх ёстой тусгай хувцас өмссөн байлаа. Түүний дараа тэр гурав сансрын гадаргуу дээрээс хөөрөн дэлхий рүүгээ явсан бөгөөд Номхон далайн умард хэсэгт 1969 оны 7 сарын 24-нд буусан.


1970-аад оноос гол дэвшил дахин ашиглаж болдог, олон угсраа пуужин байлаа. АНУ олон дахин ашиглаж болох сансрын Space Shuttles хөлгүүдээ бүтээж эхлэв. Зөвлөлтүүд үүнийг дуурайсан боловч эхэндээ төдийлөн амжилт олсонгүй. Америкийн Шаттл хөлөг хоёр удаа амжилгүй хөөрөн дэлбэрсэн юм. 1986 онд Чалленжер шаттл пуужин дэлбэрч хөлөг дээрх бүх экипаж амь үрэгдсэн бол 2003 онд Колумбиа шаттл дэлхийн тойрог замд буцаж орох үедээ дэлбэрч мөн бүх экипаж нь амь үрэгджээ.

Хятадууд Донг Фэнг загварын пуужин дээрээ үндэслэсэн анхны системүүдээ хөөргөж эхлэв. 2003 онд Хятадууд Yang Liwei хиймэл дагуулаа тойрог замд гаргав.

Одоогийн байдлаар гагцхүү Америк, Орос, Хятадууд л өөрсдийн хөлгөөр өөрсдийн нисгэгчдийг амжилттай тойрог замд гаргасан байна. Европын Сансрын Агентлаг Америкийн нислэгт өөрийн нисгэгчдээ нисгэж байсан бол манай улс Зөвлөлтийн нислэгт өөрийн нисгэгчээ мөн нисгэж байсан билээ.

Холбоотой мэдээнүүд