Монгол 2019 оны 11 сарын 18

Өвөл дөнгөж эхэлж байхад угаартсан хүмүүсийн тоо улам нэмэгдсээр

Нийтэлсэн: Admin

Уржигдар (11 сарын 16-17) шөнө нийслэл УБ хотын ойролцоох эмнэлэг, яаралтай тусламжийн төвүүд утаанд хордож, угаартсан 67 дуудлага хүлээн авчээ. Дуудлагуудыг 101, 102, 103 гэсэн дугаарууд хүлээн авсан байна.


Цаг уурын хүчин зүйлс

Бидний амьдарч буй нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр шалгарсан билээ. Өвөлдөө энэ хотын маань оршин суугчид зүгээр нэг хүйтэн өвөлтэй биш харин хамгийн хүйтэн өвөлтэй тулгардаг. УБ хотын өвлийн дундаж температур цельсийн -20 хэмээс – 44 хэм хүртэл хэлбэлздэг. Хот маань далайн түвшнээс дээш 1350 метр дээш өндөрт оршдог нь ч үүнд нөлөөлж байгаа ба үүнээс болоод цаг уур эрс тэс билээ. Үүнтэй харьцуулахад хүйтэн гэгддэг Оросын нийслэл Москва хотын өвлийн дундаж температур цельсийн -7 хэм бөгөөд энэ нь бараг Улаанбаатарын жихүүн намар л гэсэн үг.


Утааны товч түүх

Ийм хүйтэн цаг уур дээр хүй нэгдлийн үеийнх шиг дулааны системтэй болохоор тус хотын оршин суугчид өвөлдөө нүүрс түлж өөрсдийгөө дулаацуулахаас аргагүй болдог юм. Энэ нь айхтар их утаа тортог, агаарын бохирдол үүсгэдгийг гайхах ч юмгүй. Өнгөрсөн жилийг хүртэл, тэсгим хүйтэн өвлийнхөө ачаар Улаанбаатарчууд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэгэнд зүй ёсоор шалгарсан юм. Агаарын бохирдол үнэхээр ноцтой асуудал болж байсан.

Сая сая долларыг улс төрчид зуухны загвар дизайн сайжруулах, гэрийн дулаалгын арга чаргуудад зарцуулсан ч олигтой үр дүнд хүрээгүй.

Харин өнгөрсөн хавраас Засгийн газар түүхий нүүрс УБ хотод оруулж ирэх, түлэхийг хориглох шийдвэр гаргасан бөгөөд хүмүүсийг ийм брикет нүүрс буюу сайжруулсан түлш л түлүүлэхээр шахаж эхэлсэн.

Түүхий нүүрсийн борлуулалтыг хот даяар хориглож, түүхий нүүрс түлж байгаа эсэхийг шалгах тусгай цагдаагийн эргүүлүүдийг ч зохион байгуулав. Товчхондоо гэвэл түүхий нүүрсийн нийлүүлэлтийг таслан зогсоов.


2019 оны 10-11 сар.

Энэ өвөл өмнөх өвлүүдийг бодвол утаа эрс багассан нь Улаанбаатарчуудын хувьд сайн мэдээ байлаа. Гэвч хачирхалтай нь, урьд өмнө төдийлөн дуулддаггүй байсан угаартах, угаартан нас барсан дуудлага, мэдээнүүд эрс нэмэгдэв.

Өмнөх жилүүдэд угаарталттай холбоотой дуудлага ийм их гарч байгаагүй. Хэдийгээр утаа том асуудал байсан ба хотынхны эрүүл мэндэд аюул учруулж байсан ч яг утаанаас болоод нас барчихлаа гэсэн асуудал яригдаж, хэвлэлийн сенсаац дэгдээж байгаагүй. Энэ жил харин нөхцөл байдал өөр дүр зураг харуулж байна.

  • 2019 оны 10 сарын 28: Нүүрсний утаанаас болж угаартсан гэх 82 дуудлага яаралтай тусламжийн төвүүдэд ирэв.
  • 11 сарын 1: Угаартаж 8 хүн нас барав. 10 сарын 4-нөөс 10 сарын 29-ны хооронд яаралтай тусламжийн төвүүд 471 дуудлага хүлээн авсны 273 нь угаарын хийтэй ямар нэг байдлаар холбоотой байлаа.
  • 11 сарын 7: Арван настай хүүхэд угаартсаны улмаас нас барав. Тус шөнө 12 хүн угаартаж тусламж авснаас 6 нь хүүхэд байжээ.
  • 11 сарын 16: Одоогийн байдлаар тус шөнө энэ өвлийн хамгийн хүйтэн шөнө байсан бөгөөд тиймдээ ч тэр үү яаралтай тусламжийн төвүүд угаартсан гэх 67 дуудлага хүлээн авсан байна. Азаар нас барсан хүн бүртгэгдээгүй байна.

Сонгууль ба улс төрийн оноо

Ирэх жил парламентын сонгууль болно. Улс төрийн намууд, улс төрчид сонгуулийн сунгаандаа хэдийн бэлтгээд эхэлчихсэн байгаа. Ерөнхий сайд Хүрэлсүх ч бас сонгуульд өрсөлдөх байх. Хүрэлсүх тэргүүтэй МАН намынхны хувьд хотын агаарын чанарыг сайжруулсан явдал зайлшгүй нэг том оноо болох болно. Харамсалтай нь “хүмүүс үхэж” эхлээд байна. Угаарын хий, үхчих вий гэсэн айдсаас болоод хүмүүс галаа ч сайн түлэхгүй айдас хүйдэстэй байна. Харин нөгөө талаас, эрх баригчид хүмүүс угаартаж нас барж буйг мэдээлэх, хүлээн зөвшөөрөх сонирхол багатай байгаа нь ажиглагдаж байна.


Winter is coming

Өвөл дөнгөж ирж байна. Өвлийн хамгийн хүйтэн өдрүүд биднийг 12 болон 1 сарын эхээр угтах болно. Бидэнд цэвэр агаар хэрэгтэй. Гэхдээ үүний төлөө өчнөөн хүн амь насаараа хохирохыг бас хүсэхгүй байна. Ямар нэг арга хэмжээ авч, түлж буй брикет нүүрсний чанарыг сайжруулж, угаарын хийнээс сэргийлэхгүй бол илүү олон хүн угаартах (carbon monoxide poisoning) аюул бодитой нүүрлэж байна.

Холбоотой мэдээнүүд