Гадаадад гэр бүлээрээ зугаалж буй зургуудаа нийтэлснийгээ өөрийгөө нийтлэлч гэж үздэг дипломат ажилтан, профессор Баярхүү саяхан “Лангуучин ба таксичин” хэмээх нийтлэл бичин уншигч олныг талцуулаад авчээ. Уг нийтлэл нь хэл загтнуулаад болохгүй тул ийнхүү хариу бичив.
Д.Баярхүү ер нь хэзээ ч зам зааж байгаагүй. Харин бусдыг өнгөрсөн хойно нь муулахдаа ихэд гаргуун. Угийн характер нь тийм. Социалист нийгмийн үед хөдөө мал төллүүлэх даалгавраар яваад ирснийхээ дараа ихэд бухимдан “малчдын бүдүүлэг байдлыг харааж”, мал аж ахуйг муулж, дайрсан зүйл бичиж байсан.
Соц нийгмийн үед Баярхүүг хувьсгал хийлээ, орон шоронд орлоо гэж огт сонсоогүй. Тэр чимээгүй л байсан. Аялдан дагалдаад л. Харин дараа нь нийгэм солигдсоны дараа түүнээс илүү МАХН-ыг шүүмжлэгч үгүй болж, түүнээс илүү Ленинийг үзэн ядагч, Зөвлөлтийн цэргүүдийг үзэн ядагч байгаагүй болж хувирсан.
Зөвлөлтийн цэргүүд Монголоос дөнгөж гарсны дараахан тэр “Улаан армийн хар мөр” хэмээх нийтлэл бичин хэвлүүлж, Ленин хэрхэн харгислал үйлдэж үй түмэн хүний аминд хүрсэн, ялгуусан улаан арми ямар аймаар яргачин, Гитлерийн армиас долоон дор байсан талаар шүлсээ үсчүүлсэн. Огт үндэслэлгүй зүйл ч биш л дээ. Гэхдээ үнэхээр л тийм сайн мэдэж, үзэн яддаг байсан юм бол өмнө нь хэлж ярихгүй, тэрхүү үхтэл муулаад байгаа Зөвлөлт Холбоот Улсынхаа нийслэлд тэгтлээ зовон зовон гадаад харилцаагаар сурах хэрэг түүнд байсан ч юм уу? Сургуулийг нь хаяад ирэхгүй яасын? Сурч сурч, хоолыг нь идэж идчихээд дараа нь тогоог нь өшиглөдөг хоёр нүүртэй зан гаргаж сүгсэлзэх хэрэг байсан юм уу. Энэ зан магадгүй оюутан цагаас нь түүнд төлөвшсөн юм байлгүй.
Эх орныхоо хөгжилд зовдог хүний байртай их л сүртэй сэдэв хөндөж сүржин мэдэгдэл хийвч даржин буулттай тэрбээр өнгөрсөн хугацаанд ямар бизнес хийж, хаашаа ямар бүтээгдэхүүний экспорт хийв? Хэдэн хүнийг ажлын байраар хангав? Тийм атал өнөөдөр Монголд хамгийн их хүнийг ажлын байраар хангаж, монголчуудад өөрсдөө өөрсдийгөө авч явах боломж олгож буй “лангуу, такси” хоёрыг үзэн ядан ийн өгүүлжээ.
“Монголд хамгийн түгээмэл болчихсон хоёр мэргэжлийг би нэрлэж байна. Сайхан сэтгэлтэй монгол хүний тухай өгүүлэх гэж байгаа биш, цаагуураа улсаа хорлож буй үйл явдлыг нэрлэх гэж байна… Гучин жил ингэж явлаа… Болоо юм биш үү!?…
Хотын төвд хүн олонтой худалдааны төвд миний сайн танил нэг нөхөр лангуу түрээслээд лав 20 гаран жилийг үдэж байна. Өмнөд хөршөөс элдэв жижиг сажиг юм авчирч лангуугаа дүүргээд зардаг. Эхлээд мань хүн тэндээ байнга сууж ажилладаг байлаа. Насны эрхээр хөгшрөөд хүүгээ суулгадаг болжээ… Хүү нь дээд боловсролтой, диплом, ромбтой. Хуучны ойлголтоор, бас миний ойлголтоор бол лангууны ард сууж байх залуу биш санж. Гоё өндөр залуу, хэрдээ боловсролтой… Хайран сайхан залуу нас… Би тэр залууг харах тусам өр өвдөнө. Нүднийх нь гал мөд унтарчих вий… Лангуу нь л чухал. Амиа хичээсэн тун арчаагүй дүр зураг… Ажил хийхгүй гэдсээ тэжээж аргалаад болоод байдаг…”
За нэг иймэрхүү зүйл тэр бичжээ. Угаасаа ч нэг иймэрхүү зүйл бичдэг хүн л дээ. Энд тэндхийн төслөөс хэдэн төгрөг тоншиж тархи угаах талын юм бичдэгээ өөрийгөө нийгмийг гэгээрүүлж байна гэж үздэг.

Гадаадад хурал цуглаанд суухдаа дэлхийд сайнаараа ч, муугаараа ч алдартай нэгэнтэй очиж ихэд саймшран гар барин зургаа Твиттерээрээ жиргэдэг. Тэгснийхээ дараа тэр хүнээ газар дор ортол нь муулсан нийтлэл Монгол хэлээр бичдэг. Хэрэв тэгж бичих байсан бол цаад хүн нь гар барих байсан уу, тэгж шүүмжлэх байсан юм бол гар барилгүй нүүрэн дээр нь хэлчихэж чаддаггүй юм уу? Ийм л хоёр нүүртэй нэгэн. Нэг л их ардчилал ярьдаг, бодлого ярьдаг, нийтлэлүүд нь дандаа хатгасан өнгө аястай. Гарц ярихгүй, муулж байж кайф авдаг.
Өнөөдөр Гадаад хэргийн яам шиг асуудалтай газар хаана байна? Ажилтнууд нь дэлхийн хамгийн хүнд гэмт хэрэгт байсхийгээд л орооцолдож хар тамхитай хутгалддаг. Томилгоонууд нь хэзээ ч мэргэжлийн ур чадварын дагуу явдаггүй. Мэргэжлийн дипломатуудыг элчин сайдаар томилохын оронд Гадаад яамны сайд нь өөрөө “Элчин сайд хүн гадаад хэл мэдэх шаардлагагүй” гэж хэлээд зогсож байх жишээний.
Ийм үед эхлээд наад ажиллаж байгаа газраа нэг хараач. Наад яамаа эхлээд зад шүүмжилж нэг цэгцлээч. Та чадах уу? Эргэн тойрон чинь бөөн хээл хахууль, тамхины наймаа байгаа биз дээ. Энэ бүхнээ цэгцэлж чадаагүй байж өөрт чинь түй ч хамаагүй, бусдад гай болоогүй лангуу, такси шүүмжилж бусдыг доромжилж суухаасаа ичдэг болоосой. Ингэхэд ардчилал гэдэг чинь бусдын зааснаар биш хүн өөрөө өөрийгөө авч явах чадвар биз дээ. Харин нэг л их ардчилал яриад байсан та одоо бусдын юу хийх, ямар ажил хийхийг зааж байгаа чинь нөгөө муулаад байсан улаан коммунистуудаас ялгаа юу байна? Ингэхэд та тэр коммунизм, ардчиллынхаа мөн чанарыг ойлгодог юм уу үгүй юм уу? За асуугаад ч дэмий биз дээ.