Монгол 2019 оны 11 сарын 06

Төрийн албан хаагчид бие биенрүүгээ “5 секундээс дээш хугацаагаар ширтвэл” шийтгүүлнэ

Нийтэлсэн: Admin

Ийм утгатай шийдвэр өнөөдөр Монгол улсын засгийн газрын хуралдаанаас гарсан гарсан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэв.

Энэ нь төрийн албан хаагчид, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнууд бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргүүд цөөнгүй гарч, зарим нь бүр олон улсын шинж чанартай дуулиан дэгдээж байгаатай холбоотой бололтой. Ийм шийдвэр гарахад хүрсэн нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр гадаадад улсад аялах үедээ онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгтэй ч холбоотой байх.

Ийнхүү засгийн газар хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулах арга хэмжээ авч буй нь сайшаалтай ч цаасан дээр үлдсэн “Тамхины тухай” хууль шигээ бас нэг ярианы сэдэв болоод өнгөрөх вий.

Нөгөө талаар, хэрэв дээрх заалт яг хууль дүрэм болоод хэрэгжээд эхэлбэл хэн үүнийг нь хянаж шалгах вэ, төрийн албан хаагчид бие биенрүүгээ болон иргэд рүү яг 5 секундээс бага хугацаанд ширтэж байгаа эсэхийг хэн хянах вэ гэх мэт практик мөртлөө “утгагүй” ч гэмээр асуудлууд ар араасаа төрөх вий.


Франц улс өнгөрсөн жил бэлгийн эрх чөлөө, бэлгийн дарамтын тухай хуульдаа өөрчлөлт оруулсан бөгөөд тэр үеэр “Удаан хугацаагаар” ширтвэл 750 еврогоор торгох саналууд дэвшиж байсан ч эцэст нь уг заалтыг хуулинд оруулахгүй гэж шийдсэн ажээ. Тэр үеэр, “эхлээд удаан ширтвэл торгоно”, тэгж байснаа дараа нь “удаан инээмсэглэвэл” торгодог болох вий дээ гэх зэрэг шүүмжлэлүүд гарч байжээ.

Америкийн мужуудад энэ талаарх хууль янз бүр бөгөөд Калифорнид жишээ нь ажилтныхаа хөх рүү удаан хугацаагаар ширтэхийг хориглодог байна.

Тэгэхээр хэрэв Монголд үүнийг хуульчилж байгаа бол зүгээр нэг ширтэх биш дотор нь бас ялгаж “нүд рүү ширтвэл”, “хөх рүү ширтвэл”, “өгзөг рүү ширтвэл” гэх мэтээр ялгах байлгүй дээ. Бэлгийн дарамт мэдээж тоглоом биш боловч үүнийг арилгах нэрийдлээр хүмүүсийн “харах эрх чөлөөг” хүртэл хуулиар зааж хязгаарлаад эхэлбэл амьдрал дээр хэрэгждэггүй олон хуультай болох вий. Хэрэв энэ хууль дүрэм хэрэгжээд эхлэх юм бол танд цагтаа багтааж ширтээрэй, таван секундээ дотроо сайн тоолоорой, цагаа сайн хараарай гэж зөвлөх шаардлагагүй бизээ. ??⏱️ ⏱️

Холбоотой мэдээнүүд