Цэнхэр туяа, өөрөөр хэлбэл гар утас, компьютерын дэлгэц зэргээс ялгардаг туяанд удаан суувал, хэдийгээр таны нүүр рүү шууд тусахгүй байсан ч гэсэн таныг илүү хурдан хөгшрүүлж магадгүй хэмээн Орегоны Их сургуулийн судлаачдын шинэхэн тайлан дүгнэжээ.
Aging and Mechanisms of Disease хэмээх эл судалгаа LED гэрэл буюу диодоос ялгарагч туяанууд хүний нүдний ретинаг гэмтээхээс гадна тархины эсийг гэмтээдэг долгионы давтамж үүсгэдэг гэв.
Ялааг цэнхэр туяанд байлган тэд туршилт хийсэн бөгөөд ингэхдээ зарим ялааг өдрийн 12 цагт нь цэнхэр гэрэлд, 12 цагт нь харанхуйд байлгажээ. Харин өөр зарим ялааг огт цэнхэр гэрэлгүй дан харанхуйд байлгасан байна. Ингэхэд цэнхэр туяатай өрөөнд байсан ялаа нь дандаа харанхуйд байсан ялаануудаасаа түрүүлж үхэж байжээ.
Түүнчлэн цэнхэр туяатай өрөөнд байрлуулсан зарим ялаа нь нүдгүй байсан хэрнээ тархи нь гэмтэж байжээ. Хүн ялаа хоёр өөр хэдий ч эл туршилтаас нэгийг бодохгүй бол болохгүй хэмээн тус судалгааг удирдан явуулсан Тревор Нэш өгүүлж байна.
Өөрөөр хэлбэл хэрэгцээгүй л бол та гар утас байнга үзэж, ямар нэг дэлгэц харж байхаа болих буюу багасгах хэрэгтэй. Түүнчлэн гар утсандаа цэнхэр гэрэл блоклогч програмуудыг ч татаж хэрэглээрэй. Одоогоор цэнхэр туяа ялгаруулдаггүй гар утас хүн төрөлхтөн зохион бүтээж чадаагүй байгаа болохоор энэ мэт арга хэмжээнүүдийг өөрөө л авч эрт хөгшрөлт болон арьс хуурайшилтаас сэргийлэх нь зүйтэй ажээ.