Агуулга
Сар бол манай гаригийн дагуул сансрын эрхэс бөгөөд дэлхийн цорын ганц байгалийн дагуул. Сар манай Нарны системийн тав дахь том сар. Тойрч буй эх гаригтай нь харьцуулбал, бусад сарыг бодвол манай Сар нарны систем дотроо хамгийн том нь.
Сар одоогоос 4.51 тэрбум жилийн өмнө, дэлхий үүсээд удаагүй байхад үүссэн гэж үздэг. Түүнчлэн дэлхийг асар том биет ирж мөргөхөд пүлхийн үсрэн гарсан хэлтэрхийнүүдийн үндсэн дээр сар үүссэн хэмээн эрдэмтэд одоогоор үзэж байна.
Сарны нэг сонин зүйл нь, сар дэлхийтэй яг ижил эргэлттэй болохоор зөвхөн нэг тал нь дэлхий рүү хардаг бөгөөд нөгөө тал нь дэлхий рүү хэзээ ч хардаггүй. Үүнээс болоод “Dark Side of the Moon” буюу “Сарны Харагдахгүй” талын тухай янз бүрийн онол дэвшиж байсан юм. Тухайлбал “Сар бол харь гаригийнхны бүтээл бөгөөд, сарны нөгөө талд харь гаригийнхны байшин сууц байдаг, тийм болохоор тэр талаа ерөөс дэлхийнхэнд харуулдаггүй юм” гэх мэт.
Сар дэлхийгээс ойролцоогоор 400 мянган км зайд оршдог. Яг нарийвчилбал 384 402 км. Ийм зайд, ийм хэмжээтэй оршдог болохоор заримдаа Сар Нарны наагуур халхлахдаа нарыг яг бүрэн халхалж, нарыг хиртүүлдэг юм. Энэ яг бүрэн халхлагч байдал ирээдүйд гэхдээ энэ хэвээр хадгалагдахгүй. Учир нь Сар маань алгуур дэлхийгээс салан, холдож байгаа билээ.
1959 оны 9 сард хүний бүтээсэн анхны хөлөг саранд ойртсон нь ЗХУ-ын хөөргөсөн Луна-2 хэмээх нисгэгчгүй хөлөг байв. Түүний дараа 1966 онд Луна-9 хөлөг Саран дээр анх удаагаа зөөлөн газардсан. Түүний дараа, 1968 онд АНУ-ын Аполло-8 хөлгийн гишүүн Саран дээр анх удаагаа хөл тавьсан. Удаах нислэгүүдийн үеэр сарны хөрснөөс дээж авчирсныг өдгөө эрдэмтэд судалж байна.
Нарны системийн бусад сарнуудаас ялгах үүднээс эрдэмтэд болон зохиолчид Luna хэмээх нэрээр сарыг нэрлэж байсан нь өргөн. Энэ нь латин хэлний Luna буюу Сар хэмээх үгнээс үүссэн нэршил билээ.
Сарны цаад талын хөрсний гадаргуу нь хүн төрөлхтөнд харагдаж буй наад талын гадаргууг бодвол дунджаар 50 км зузаан байдаг. Энэ нь Сар үнэндээ хоёр өөр эрхсийн мөргөлдөөний үр дүн байх гэсэн онол дэвшихэд хүргэдэг юм. Сарны дотоод геологийн бүтэцтэй холбоотой олон сонирхолтой асуудал дэвшсэн бөгөөд эрдэмтэд одоо хүртэл хариултыг нь олж чадаагүй байна.

2012 онд Вашингтон хотын Карнегийн Хүрээлэнгийн эрдэмтэд Аполло хөлгүүдийн авчирсан сарны дээжийг судалж үзээд нэгэн төрлийн титаны изотоп илрүүлсэн бөгөөд энэ нь дэлхий дээр өргөн тархсан изотоптой төстэй байжээ. Энэ нээлт, Сар дэлхийгээс хол үүссэн байж магадгүй гэсэн онолд асуудал учруулж байгаа юм.
Гадаргуугын найрлага
Гадаргуугын химийн найрлагын хувьд цахиур 45%, хөнгөн цагаан 15%, шохойн чулуу 12%, төмрийн оксид 14%, магнези 9%, титаны диоксид 4%, содиум оксид 0.6% эзэлж байна.
Сар төмрөөр баялаг цул дотоод цөмтэй бөгөөд тэр нь 240 орчим км хэмжээтэй болов уу. Түүний гадуур 300 км орчим зузаан үргэлжлэх шингэн, хайлмал төмөр цөм бий. Үүний гадуур 500 км зузаан үргэлжлэх хайлмал гадуурх давхарга оршино.
Газрын гадаргуу нь дунджаар 50 орчим км зузаан. Сар үнэндээ манай Нарны системийн хоёр дахь нягтрал ихтэй дагуул.
Гадаргуугын геологийн бүтэц
Сарны гадаргууг эрдэмтэд лазерын алтиметрээр хэмжсэн бөгөөд үүнээс үзвэл сарны гадаргуу дээрх хамгийн том биет нь Сарны цаад талд, Өмнөд Туйл хавьцаа нь орших Айткены сав билээ. Энэ сав 2240 км диаметртэй бөгөөд Сарны хоёр дахь том мөргөлтийн үр дүнд үүссэн тогоо. Уг сав 13 км гүнзгий. Үүнээс гадна өөр бусад том мөргөлтийн тогоонууд ч бий. Сарны гадаргуу дээр галт уулын ул мөр их бөгөөд дэлхий рүү харсан талын нийт гадаргуугийн 31%-д нь галт уулын тогоо бий бол цаашаа харсан талын ердөө 2%-д нь л галт уулын тогоо бий. Энэ нь дэлхий рүү харсан Сарны гадаргуу арай нимгэхэнээс болсон гэж эрдэмтэд үзэж байна.
Радиометрээр хэмжиж үзээд эрдэмтэд Сарны галт уулууд 3-3.5 тэрбум жилийн өмнө тэсэрчээ гэж дүгнэсэн юм. Гэсэн ч 2014 онд НАСА Сарны гадаргуу дэрх зарим цууралт, хагарлуудыг 50 сая хүрэхгүй настай байна, зарим нь ердөө 2-10 сая жилийн настай байна хэмээн зарласан юм.
Сарны дэлхий рүү харсан талд багадаа 1 км-ээс дээш радиустай 300 000 тогоо бий. Агаар мандалгүй, цаг уурын үзэгдэлгүй болохоор эртний мөргөлтийн тогоонууд нь өнөөг хүртэл сайн хадгалагдан үлджээ.
Ус
Сарны гадаргуу дээр ус байх боломжгүйг эрдэмтэд нотолсон. Хэрэв ус сарны гадаргуу дээр асгах юм бол фотодисассоциаци хэмээх үзэгдэл явагдан ус задран сансрын уудамд ууршин алга болдог ажээ. Эрдэмтэд гэхдээ компьютерын аргаар тооцоолж үзээд сарны гадаргуугаас 14 000 км-ийн гүнд л ус оршиж байж болох юм гэж үзээд байна. Харин 2018 оны 8 сард Сарны Усны судалгааны багийнхан сарны гадаргуу дээр устай-мөс байж болох ул мөр илрүүлсэн.
Татах хүч
Сарны татах хүч дэлхийн татах хүчний 100-ны нэгтэй тэнцэнэ. Түүнээс ч бага. Саранд манай дэлхий шиг хоёр туйлт соронзон орон байхгүй.
Агаар мандал
Агаар мандал нь дэндүү сийрэг тул бараг вакуум гэж хэлсэн ч болно. Агаар мандлаас нь гели-4, неон, аргон-40, радон-22, полониум-210 илэрсэн бөгөөд харин хүчилтөрөгч, азот, нүүрстөрөгч, устөрөгч, магнези илрээгүй. Усны уур байгааг Chandrayaan-1 хөлөг илрүүлсэн.
Тоос Сарны гадаргуугийн нэлээн хувийг эзэлдэг бөгөөд дунджаар 100 км хүртэлх өндөрт нийтдээ 120 кг орчим тоос хөвж байдаг.
2017 оны 10 сард НАСА-гийн эрдэмтэд 3-4 тэрбум жилийн өмнө, 70 орчим сая жилийн хугацаанд Сар нэг хэсэг арай илүү өтгөн агаар мандалтай байжээ гэсэн дүгнэлт хийсэн юм.

Хэмжээ
Дэлхийтэй харьцуулбал Сар бусад гаригийг бодвол хамаагүй том. Сарны диаметр дэлхийн диаметрын 1/81-тэйтэнцэнэ. Дэлхийг тойрон эргэхдээ далайг өөртөө татдагаас далайн түрэлт үүсдэг. Үний улмаас 24 цагийн дотор хоёр Их давалгаа, хоёр Бага давалга үүсдэг.
Аполло хөлгүүдийн аяллууд лазер ойлтын шинжилгээ хийн Сар дэлхийгээс жилд 38 мм холдож байгааг илрүүлжээ. Хумс ургах хурдаар дэлхийгээс холдож байна гэсэн үг. Түүнчлэн атомын цагуудаар хэмжихэд жил бүр дэлхийн ӨДӨР 15 микро секундээр уртсаж байна.
Хууль зүйн статус
Хэдийгээр улс орнууд саран дээр өөрсдийн хөлгөөр өөрсдийн далбааг аваачиж байсан ч 1967 оны Сансрын Уудмын Гэрээгээр Сарыг “Бүх хүн төрөлхтний өмч” хэмээн зарласан юм. Түүнчлэн энэ гэрээ сарыг гагцхүү энхийн зорилгоор ашиглах ёстой бөгөөд энд цэргийн бааз байгуулах, үй олноор хөнөөх зэвсэг байрлуулахыг хориглосон. 2016 оны байдлаар энэ гэрээнд 18 улсаас бусад нь нэгдэн орсон ч гарын үсэг зураагүй 18 улс угаасаа сансрын үйл ажиллагаа явуулдаггүй улсууд ажээ.
Сар хүн төрөлхтний түүх, соёл, урлагт асар их нөлөө үзүүлсэн бөгөөд сартай холбоотой заншил, календарь, үлгэр домог дэлхийн ард түмнүүдэд асар их бий.