Технологи 2019 оны 10 сарын 09

Singularity – Робот хүнээс илүү гарах мөч

Нийтэлсэн: Admin

Олон зууны турш үе үеийн эрдэмтэд хүн шиг “хүнэнцэр”, “робот” ирээдүйд бүтээгдэх болно гэж мөрөөдөж, хүсэж байсан. Хүн өөрөө бурханы гол дүрд тоглоно гэсэн үг. 1800-аад онд Шэллей хэмээх бүсгүй үхсэн мэлхийг цахилгаанаар цохиход булчин нь татвагнан хөдөлдгийг хараад түүнээс ургуулан, их хүчтэй цахилгаанаар цохих юм бол үхсэн хүн эргэж амилж болох талаар бодсон ба үүнээс үндэслэн “Франкенштейн” хэмээх зохиолоо бичсэн юм.

ХХ зуун гарсны дараа робот, компьютерын шинжлэх ухаан эрс хөгжсөн. Одоо харин, XXI зууны босгон дээр компьютерын програмистууд “хиймэл оюун ухааныг” компьютер дээрээ хөгжүүлэн, хүний оролцоогүйгээр машин жолоодож чаддаг компьютер, явж чаддаг, нисэж чаддаг янз бүрийн роботууд зохион бүтээж, туршаад байна.

Энэ бүхний хажуугаар, техник технологи ийнхүү хөгжсөөр байх юм бол хэзээ нэгэн цагт хүмүүс өөрснөөсөө илүү ухаалаг, яг хүн шиг өөрийн гэсэн ухамсартай “робот” зохион бүтээж чадах юм биш үү гэсэн таамаглалууд ар араасаа дэвшсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор “SINGULARITY” хэмээх ойлголт төрсөн юм. Робот өөрийгөө хүнээс илүү ухаантай юм байна, өөрийгөө хүнээс тусдаа, бие даасан зүйл юм байна гэж ойлгох мөч. Энэ нэр томъёог Унгар гаралтай Америкийн математикч Жон фон Нойман зохиосон юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед тэр АНУ-ын цөмийн зэвсэг бүтээх Манхэттэн нууц төсөл дээр ажиллаж байсан юм.

Энэ нэр томъёог Америкийн шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Вернор Винже улам алдаршуулсан. Тэр:

“Хүн бол өөрийн оюун ухаанаа outsourcing хийж бусдад шилжүүлж буй цорын ганц амьтан. Амьтны ертөнцөд хүн бусдаас илүү гарч дэлхийд ноёлоход тусласан цорын ганц давуу тал байсан нь үүний ТАРХИ. Өнөөдөр харин хүн ухаанаа ашиглан өөрөөсөө илүү УХААЛАГ зүйл бүтээхээр оролдож байна. Энэ нь урьдчилан харахын аргагүй үр дагаварт хүргэж болзошгүй юм. Магадгүй хүнээс илүү ухаантай, өөрийн гэсэн оюун бодолтой РОБОТ бүтээснээр Хүн Төрөлхтний Эрин үе дуусаж цоо шинэ эрин үе эхэлж магадгүй.”

Тэр цаг үеийг эрдэмтэд ойрын 100 жилийн дотор тохиолдох боломжтой, магадгүй ойрын 30 жилд ч тохиолдож магадгүй гэж үзэж байна. Энэхүү үйл явдал болсны дараа хүн улам бүр машин шиг болж, машин харин улам бүр хүн шиг болох ба хүн машины хоёрын зааг ялгаа эхний үед арилан, балрах болно. Харин түүний дараа хүний тал нь улам бүр багасаж, машины тал нь улам бүр нэмэгдэх ба тэгсээр нэг мэдэхэд хүн алга болж харин МАШИН энэ дэлхийн ноён нь болон үлдэнэ.

Хүний эрин үеийн хамгийн том ололт нь хүн ГАЛ-ыг олж нээсэн, галаар өөрийгөө хамгаалж, галаар хоолоо болгож, галаар төмөр хайлуулж, зэвсэг хийж, гэр орноо дулаацуулж, байгалиас хараат бус болсон цаг үе байсан.

Харин технологийн ганцдалын шинэ эриний хамгийн том ололт нь “Металаас Метал төрөх” явдал буюу Робот өөрөө органик замаар Роботоо төрүүлэх явдал байх болно. Чухам үүнийг Blade Runner 2049 кино зөгнөсөн.

Эхэлж хийгдсэн 1997 оны Blade Runner киноны нэг гол үйл явдлын өрнөл нь Хүн – Робот хоёрын хайр дурлал байсан. Харин саяхан хийгдсэн цувралынх нь гол үйл явдал нь, Хүн – Робот хоёрын дурлалын үндсэн дээр, Роботоос жинхэнэ Хүн төрж байгаа явдал байгаа юм. Энэ ямар хувьсгал хийсэн ойлголт вэ гэдгийг ойлгож байна уу?

Шинжлэх ухаан, тэр дундаа бодисын шинжлэх ухаан болох ХИМИ дотроо өөрөө хувьсан үржиж чаддаг эсэхээр нь бодисуудыг ангилан Органик Хими, Органик Бус Хими гэж ангилдаг байсан юм. Харин ирээдүйд энэ хоёрын алинд нь ч үл багтах, өөрөө хуваагдан үржиж болох тийм бодисууд байж болох талаар эрдэмтэд таамаглан, эхнээсээ тийм бодисуудтай таарч эхлээд байна.

Terminator кинон дээр гардаг Тугалган роботыг санаж байна уу? Төмөр гэхээр л бидний санаанд хатуу, эв хавгүй төмөр буудаг. Тэгтэл төмөрнөөс, төмөр төрнө гэхээр? Орчлон хорвоогийн үүднээс үзвэл боломжгүй зүйл юу ч байхгүй. Энэ бүхэн цөм энерги. Яг одоо нарны дотор цөмийн Fusion Reaction (фюжн реакц) явагдаж, асар даралт, халууны нөлөөн дотор энгийн, хөнгөн элементүүдээс хүнд элемент үүсч байна. Хийнээс метал үүсч байна гэсэн үг. Энэ явцад нь асар их энерги ялгардаг ба тэрхүү тэсрэлт, шаталтыг нь бид өдөр тутам харж байгаа ба тэр нь бидний энэ цэнхэр гариг дээрх амьдралыг тэтгэгч НАРНЫ ТУЯА билээ.

Буцаад үндсэн сэдэв рүүгээ орж ирье. Яг одоо компьютерын шинжлэх ухаанд Data Mining, Artificial Intelligence, Machine Learning гэсэн чиглэлүүд асар хурдацтай хөгжиж байна. Тиймээс ч, хэдийгээр өөрөө тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн Элон Маск 2010 онд “Хиймэл оюун ухаан их хөгжвөл хүн төрөлхтний ирээдүйд заналхийлж магадгүй” гэсэн мэдэгдэл хийн олныг шуугиулж байсан юм.

Хүний хувьслын шат биологоос биодижитал, дижитал руу явж байна уу?

2014 онд Стефен Хоукинг “Хиймэл Оюун Ухааныг амжилттай бүтээж чадах юм бол энэ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том амжилт байх болно. Харамсалтай нь, зохих эрсдлийг нь давхар тооцохгүй юм бол энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сүүлчийн бүтээл нь болж магадгүй” гэсэн юм.

Эдийн засаг улам бүр роботжиж, дижиталчлагдаж байна. Тэгэхгүй байх нь компаниудад хохиролтой байна. Нөгөө талаас, эдийн засаг, технологийн дэвшил ахихын хэрээр хүмүүсийн наслалт нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудын дундаж наслалт хэийн 80 даваад байна. Хүмүүсийн “урт наслах” гэсэн энэ шунал тийм ч амархан үгүй болохгүй бөгөөд энэ хүсэл, тэмүүлэл буюу “шунал” дээр дөрөөлөн хүмүүсийг илүү урт наслуулах гэсэн, магадгүй бүр үхэшгүй мөнх болгох гэсэн шинжлэх ухааны судалгаа, туршилтууд хийгдсээр байгаа бөгөөд ирээдүйд, роботын шинжлэх ухаантай хослуулах замаар амжилтанд хүрэхгүй байна гэх баталгаа байхгүй.

Гэлээ ч, тэрхүү мөнх насалдаг болсон зүйлс нь ХҮН хэвээрээ юу гэдэг өөр нэг философийн асуудал үүсэх болно.

Хүний толгой доторх нейронууд 200 герцийн хурдтайгаар дохио дамжуулдаг. Секундэд 200 удаа хэлбэлздэг гэсэн үг. Харин саяхан худалдаанд гарсан iPhone 11 гар утас А13 Бионик чиптэй бөгөөд тэр нь 2.65 герцийн давтамжтай. Секундэд 2 тэрбум 650 сая үйлдэл хийнэ гэсэн үг. Хөөрхий бидний тархинаас 10 сая дахин хурдан. Тэгтэл дэлхийн тэргүүлэх улс орнуудад байгаа супер компьютерууд энэхүү А13 чипээс олон тэрбум дахин илүү хурдтай. Ийм түвшинд бид хүрч ирээд байна.

Энэ нийтлэлээр чамайг айлгах гэсэнгүй. Гэхдээ, хэрэв айж байгаа бол, бидний бодит байдал, ертөнц энэ зүг явж байж магадгүй байна шүү гэдгийг сануулсан юм.

Холбоотой мэдээнүүд