Алтан суурьтай молекулууд цагаан алтан суурьтай эмчилгээнүүдийг бодвол илүү үр дүнтэй харагдаж байна.
Өнгөрсөн хэдэн арван жилийн турш цагаан алтан дээр суурилсан цисплатин хорт хавдрын эсрэг эмчилгээний гол арга байсан юм.
Уг эмчилгээ ялангуяа түрүү булчирхайн хорт хавдрыг 90% зогсоодог байв. Гэсэн ч цисплатин тэргүүтэй метал суурьтай хорт хавдрын эмүүд хүний биед хортой нөлөө үзүүлдгээс гадна хавсран уудаг бусад эмүүдээ эсэргүүцдэг шинж чанартай байлаа.
Энэ тал дээр Австралийн Мельбурнын их сургуулийн хийсэн судалгаа шинэ найдвар төрүүлж байна. Тэд алтан суурьтай биоактив молекул бүтээснээ зарласан бөгөөд клиникийн өмнөх шатны туршилтууд эдгээр молекулын хорт хавдрын эсийг устгах чадвар цисплатины молекулуудыг бодвол 24 дахин үр дүнтэй нь харагдсан байна. Алтан суурьтай молекулууд хорт хавдрын өсөлтийг зогсоохоос гадна өөр эм давхар хэрэглэлээ гэхэд үйлчлэл нь буурахгүй байгаа ажээ.
Металыг эм зүйд хэрэглэх нь
Хүмүүс металыг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэдэг болоод хэдэн мянган жил болж байна. Хүний биенд метал оршдог тул металыг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхэд харшлах зүйлгүй байлаа. Гагцхүү хэр хэмжээгээр, ямар доозоор хэрэглэх вэ гэдгийг тогтоох л амаргүй байв.
Эртний Египет, Хятадууд алт, зэсээр тэмбүү эмчилдэг байв. Эртний Герегийн эмч домч нар мөнгөн усны сульфидаар нүдний өвчин эмчилдэг байв.
Харин 1960-аад оны дундаас судлаач Барнетт Розенберг Escherichia coli бактери дээр туршилт хийх үедээ уг бактери амьдарч байгаа дээжиндээ платинум өнгөлгөөтэй электродоо тогонд залгахад хорт хавдрын эсийн хуваагдал шууд зогсож байгааг анзаарчээ. Үүний шалтгаан нь электродоос нь ялгарсан цисплатин хэмээх бодис болохыг тэр олж мэджээ.
Үүний үндсэн дээр 1978 онд цисплатиныг хүний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ нь хорт хавдрын эсрэг эмчилгээнд том дэвшил болсон.
Шинэ молекулууд
Мелбурны их сургуулийн судалгааны багийн ахлагч Суреш Бхаргавагийн ярьж буйгаар алтан суурьтай молекулууд нь түрүү булчирхай, хөхний, өндгөвчний, шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг үр нөлөөтэй нь батлагдсан ба амьтанд хийсэн судалгаагаар цисплатин хорт хавдрын өсөлтийг 29% бууруулдаг бол алтан суурьтай молекулууд 46.9% бууруулж байгаа юм байна.
Алтан суурьтай молекулууд тиоредоксин редуктасе хэмээх энзим ялгаруулдаг бөгөөд энэ нь хавдрын эсийн өсөлтийг зогсоодог ажээ.