Технологи 2019 оны 09 сарын 23

Гормон ба Өсөлт

Нийтэлсэн: Admin

1773 оны 2 сарын 7-нд Английн Лэйстершир тосгоны нэгэн сүмд “Виллиам Райс 30 настайдаа нас нөгчив. Нас барах үедээ тэр 7 тохой 4 хуруу өндөр байлаа” хэмээн бичжээ. Сүмийн тайланд бичсэнээр бол түүнийг Английн аварга биет гэж хочилдог байснаас гадна III Жорж хаан түүнд улаан торго бэлэглэж байв. 14-21 насныхаа хооронд тэр жил бүр нэг төө өсөж байсан ажээ. Сүмд оршуулах үед нь түүний цогцсыг 8 эрэгтэй өргөсөн ба 500 гаруй хүн оршуулганд нь иржээ.

Хүмүүс энэ түүхийг олон талаас харах байх. Нийгэм судлаачдын хувьд тэр 18 дугаар зууны алдартан байсан бол инженерүүд түүний хэр хүчтэй байсныг сонирхох байх. Сэтгэл судлаачид харин түүнийг олны төвд байх, хааны соёрхлыг хүртэх түүнд ямар байсныг судлах биз.

Харин гормоны талаар мэдлэгтэй хэн ч болов талийгаач гормоны талын өвчтэй байжээ гэдгийг анзаарна. Үүнтэй төстэй өөр нэг түүх Америкийн Иллинойс мужийн Роберт Першинг Вадловт тохиолдсон юм. Тэр 1940 онд 22 настайдаа нас барах үедээ 2.72 метр өндөр байжээ. Америкийн хэмжүүрээр бол 8 тохой 11 хуруу өндөр гэсэн үг.

Английн Виллиам өсвөр наснаасаа эхлэн ер бусын хурдан өссөн бөгөөд 7 жилийн дотор өндөр нь бараг хоёр дахин нэмэгджээ. Хүүхдүүд өсвөр насандаа огцом өсдгийн цаад шалтгаан нь өсөлтийн гормон (ӨГ) байдаг. Виллиамын хувьд түүний pituitary gland нь өсвөр насанд нь асар их ӨГ ялгаруулсан бололтой. Нэг бол түүний булчирхай нь асуудалтай байсан гэсэн үг, аль эсвэл тархи нь ямар нэг байдлаар хэт цочрол авсан бололтой. Тархины хипоталамус (өнчин тархи) хэмээх хэсэг питуйтаригуудыг удирддаг бөгөөд тэндээс нь ӨГ ялгардаг. Питуйтаригууд нэг бол өсөлтийн гормон ялгаруулдаг, эсвэл өсөлтийг саармагжуулдаг Соматостатин хэмээх бодис ялгаруулдаг. Энэ хоёр бодисын аль нь хэр хэмжээгээр ялгарсан, хоорондын баланс нь ямар байгаагаас хүний эцсийн өндөр хамаарна.

Аль эсвэл, Виллиамын ӨГ хэвийн хэмжээнд ялгарсан ч байж болох. Оронд нь элэг нь дэндүү их инсулин шиг өсөлтийн бодис (ИӨБ-1) ялгаруулсан байж болох. Энэ гормон өсөлтийн системд н өлөөлж, яс урт ургаж, булчин хөгжин бүтээгдэхэд нөлөөлдөг. Уг нь бол ИӨБ1 питуйтари булчирхай, өнчин тархинаас ялгарсан бодисуудыг дарангуйлж байдаг. Өөрөөр хэлбэл биеийн өөрийгөө хянан жолоодох давхар удирдлага гэсэн үг. Үүнээс харахад Виллиамын тархи болон булчирхай нь ИӨБ1-ын нөлөөллийг мэдрэхгүй, түүнд хайнга хандсан байж болох талтай.

Виллиамын өсөлт тэгж байгаад эцэстээ нэг зогссон боловч дэндүү оройтож зогсчээ. Өсвөр насныхан арван хэдтэй байхад өсөлт нь зогсож максимум өндөртөө хүрдэг. Сексийн гормон боох тестостерон, оестроген зэрэг гормонууд энэ зуур нөлөөлж, өсвөн настны мөч, урт ясуудад эргэлт буцалтгүй өөрчлөлт оруулсан байдаг. Яс ингэхэд хоёр үзүүрээсээ ургадаг юм. Тэр хэсгийг эпифисес (epiphyses) гэж нэрлэдэг. Эдгээр хэсгүүд ИӨБ1-д хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд тэндээс ирсэн удирдамжийн дагуу энэ хэсгүүдийн эсүүд хуваагдан шинэ мөгөөрс үүсгэдэг. Мөгөөрс хоёр талаасаа татагдан урагддаг ба улмаар кальцжин, хатуу яс болон хувирдаг.

Өсвөр насанд бэлгийн гормонууд эпифисесын эсүүд хуваагдан төлжихөд нөлөөлдөг ч өсвөр нас дуусах үед эпифесийг ясны бусад хэсэгтэй нэгтгэн гагнаж орхидгоос цаашид яс уртсан ургах боломжгүй болдог.

Хүний өндөр удам судраас хамаардаг боловч үүний цаадах генетикийн оньсого тийм ч амар тайлагдахгүй. Хүний өндрийг хариуцдаг ганц тодорхой генийг эрдэмтэд одоогоор илрүүлээгүй л байна. Тэгээд ч ген яг шинж чанарыг биш харин үүсч болох хувилбаруудыг л нээлттэй орхидог юм. Тиймээс, хэрэв хоол хүнснээс хангалттай шим тэжээл аваагүй бол Виллиамын ген түүнд ямар ч их өсөх боломж олголоо гэсэн тэр тэгж өсөхгүй байсан.

Хүний өсөлтөнд хоол тэжээл, өвчлөл том нөлөө үзүүлдэг. Ялангуяа өсвөр насны үеийнх нь. Конгогийн Бүгд Найрамдах Улсынхан дэлхийн хамгийн намхан хүн ардад тооцогддог. Эндхийн эрэгтэйчүүдийн дундаж өндөр 143 см. Үүнээс нь болоод тэдний биед хангалттай их ӨГ ялгардаггүй байх гэж бодогдмоор. Гэсэн ч тийм биш. Харин оронд нь биеийнх нь эсүүд ӨГ-д хариу үйлдэл үзүүлэхдээ муу, дүлий болсон байх магадлалтай байна. Үүний цаад шалтгаан генийн мутац ч байж магад. Генд жаахан төдий өөрчлөлт орвол, ДНХ кодын аль нэг үсэг нь өчүүхэн төдий өөрчлөгдвөл л тэр ген ажиллагаагүй, үр ашиггүй болдог.

Гормон гэдэг бол хүний биеийн үйл ажиллагаануудыг удирдан зохицуулдаг химийн бодисууд юм. Эдгээр бодис хүний биеийн нэг хэсэгт ялгардаг хэрнээ өөр хэсгийн үйл ажиллагааг удирддаг. Цус болон биеийн шингэнээр дамжин тархдаг ба хэдэн секундээс хэдэн долоо хоног хүртэл хугацаанд нөлөө үзүүлдэг.

Гормоны талаар хүн төрөлхтөн олж мэдээгүй зүйл их байгаа ба тийм ч болохоор цаашид улам их судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байна.

Холбоотой мэдээнүүд