Технологи 2019 оны 09 сарын 16

Пуужингийн түүх

Нийтэлсэн: Admin

XX-XXI зуунд хүн төрөлхтөн дэлхийн хязгаараас халин сансарт хөл тавьсан. Энэ хүртэлх түүхийг дэлгэрэнгүй өгүүлж болох боловч орчин үеийн утгаар нь авч үзэх үүднээс 1600 оноос хойших түүхийг товчхон харья.

1600-1800 он

Чухам энэ хооронд хүн төрөлхтний пуужингийн талаарх ойлголт, мэдлэг урьд өмнөхөөс хамаагүй дээшилжээ. 1650 онд Польшийн артиллерийн (их бууны) мэргэжилтэн Касимиез Сиеменович ердийн их буунаас хамаагүй хол тусаж, илүү их хохирол учруулж чадах шатлалт пуужингийн загвар анх сэтгүүлд нийтлүүлжээ.

1696 онд Английн Роберт Андерсон хэмээх эр хэрхэн цул пуужин бүтээх тухай бүтээлээ хэвлүүлэв. Бүтээлдээ тэр шатах түлш ямар найрлагатай байх хэрэгтэйг зааснаас гадна түлшээ хэвэнд оруулж хатаан цутгах ёстой гэж өгүүлсэн байв. Тэгээд зогсохгүй пуужингийн хэвний загвар ч гаргасан байлаа. Үүнийг заримдаа пуужингийн анхны масс үйлдвэрлэлийн эхэн гэж үзэх нь бий.

1684 онд хэвлүүлсэн De Mote Corporum хэмээх бүтээлдээ Сэр Исаак Ньютон хөдөлгөөний хуулийн тухай анхны ойлголтуудаа томъёолсон бөгөөд энэ онолоо улам боловсронгуй болгон 1687 онд Principia тэр хэмээх алдарт бүтээлээ хэвлүүлсэн юм. Чухам Ньютоны дэвшүүлсэн хөдөлгөөний хуулиудын ачаар л эрдэмтэд, пуужингийн инженерүүд пуужин хэрхэн ажилладаг, яагаад нисдгийг илүү сайн мэдэж авчээ.

Ньютоны суурь дэвсгэр болон түүний нээсэн калкюлусын (интеграл) (үүнийг Готтфрид Лейбниц мөн тусдаа нээсэн юм) ачаар 1700-аад онд пуужингийн тухай ойлголт бүр сайжирсан.

Леонхард Юлер, Даниел Берноулли хоёр пуужингийн хөдөлгүүр дотор шингэн хий хэрхэн хариу үйлчлэл үзүүлж болохыг бүр нарийн тодорхойлон судалсан.

1720 онд Голландын профессор Виллем Гравесанде уурын пуужингаар ажилладаг машины моделиуд бүтээн алдаршив. Чухам энэ үед Герман, Оросын эрдэмтэд 45 кг хүртэл ачааг хөөргөж чаддаг хүнд пуужингууд хийж туршиж эхэлжээ. Эдгээр анхны пуужин асар хүчтэй байсан тул хөөргөх үед доод газраа шатаан том нүх үлдээж байжээ.

Чухам энэ цаг үеэс анхны пуужингуудыг Европт болон Энэтхэгчүүд Британичуудын эсрэг байлдах үедээ хэрэглэж эхэлжээ.


1800-1900 оны пуужингийн хөгжил

Английн тэнгисийн адмирал Сэр Виллиам Конгрев Энэтхэгийн дайны үеэр энэтхэгчүүд хэрхэн янз бүрийн пуужин ашиглаж байгааг ажигласан бөгөөд үүнийг сайжруулан Английн армид ашиглъя гэж бодсон бөгөөд энэ үүднээс янз бүрийн туршилт хийлгүүлж эхлэв.

1806 онд Францын Клод Руггиери шүхэр бүхий пуужинд янз бүрийн жижиг амьтан хийн харваж эхлэв. Энэ л магадгүй хүн төрөлхтний түүхэнд сууж явагч нь анх удаагаа эсэн мэнд газардсан пуужингууд байсан байх.

1807 онд Сэр Конгрев бүтээсэн пуужингуудаа Наполеоны армийн эсрэг хэрэглэж эхлэв. 1809 онд пуужингийн хоёр ч компани тэр байгуулсан бөгөөд 1812 онд пуужингаа мөн АНУ-ын колоничдын эсрэг хэрэглэсэн юм. Конгревын пуужинг МакХэнри бэхлэлтийн эсрэг дайрах үед хэрэглэсэн бөгөөд энэ талаар АНУ-ын “Од Гялалзсан Далбаа” хэмээх төрийн дуунд гардаг.

Харин 1820-иод оны үед Оросууд Орос-Туркийн дайны үеэр туркуудын эсрэг Александр Засядкогийн пуужингуудаа хэрэглэжээ.

1841 онд Англид анхны “пуужинт нисэх онгоцны” патент бүртгэгдэв. Уг патентыг Чарльз Голайтлид олгожээ.

1844 онд Конгревын пуужингуудын оронд Английн зохион бүтээгч Виллиам Хэйлын пуужингууд дэлгэрч эхлэв. Хэйлын пуужингууд тогтворжуулалтандаа саваа биш харин загасных шиг сэрвээ ашигласан байв. Хөөргөх үед холбирон эргэлддэгээс нь болоод “эргэгч пуужин” гэж хүртэл хочилжээ.

1800-аад оны сүүл үеэс орчин үеийн пуужин үүсэв. 1857 болон 1882 онд орчин үеийн пуужингийн шинжлэх ухаан, инженерчлэлийн жинхэнэ хоёр үндэслэгч эцэг төрсөн юм. Эхнийх нь Оросын Ижевскоед төрсөн Константин Циолковский байлаа. Циолковский багадаа улаан бурхан туссанаас болон сонсгол муутай болсноос сургуульд явахын оронд гэрээрээ хичээл үзжээ. Тийм хэдий ч мундаг эрдэмтэн болж чадсан юм.


1900-1930 он

Циолковский 1920 онд тэтгэвэртээ гарах хүртлээ ахлах сургуулийн математикийн багш байжээ. 1903 онд тэр “Реакцын Төхөөрөмж Ашиглан Сансрын Уудмыг Судлах нь” хэмээх гарчигтай ном хэвлүүлсэн нь пуужингийн чиглэлээр хэвлэгдсэн хамгийн анхны жинхэнэ шинжлэх ухаанч бүтээл болсон гэж тооцогддог ба орчин үеийн пуужингийн шинжлэх ухааны маш олон талын чухал ойлголтуудыг авч үзсэн юм. Түүнээс хойш тэр уг сэдвээр олон зуун судалгааны ажил хэвлүүлсэн. Түүний дэвшүүлсэн нэг гол үзэл нь олон шатлалт пуужингийн тухай үзэл санаа. Эдгээр үзэл санаанаас нь болоод түүнийг орчин үеийн сансрын нислэгийн эцэг гэж тооцдог.

Нөгөө нэг лут хүн нь 1882 онд Америкийн Массачусеттс мужид төрсөн Роберт Годдард. Тэр багадаа гэдэсний өвчнөөс болон хоёр жил сургууль өнжжээ. Том болсон хойноо юм унших их дуртай болсон бөгөөд байн байн хотынхоо номын санд очиж ном авч уншдаг байв. Тэгсээр 1908 онд Ворсэстэрын Политехникийн Хүрээлэнгээс физикийн чиглэлээр бакалаврын зэрэг хүртэв. 1911 онд Кларкын их сургуулиас докторын зэрэг хүртэв.

Годдард анхандаа хатуу түлшт пуужингууд сонирхож байсан ч 1915 оноос хойших туршилтуудынхаа үр дүнд шингэн түлшт пуужингууд илүү их ачааг илүү өндөрт гаргаж чадах юм байна гэдгийг олж мэджээ. Дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэнээр түүнд олгох армийн санхүүжилт нэмэгдэв. 1919 онд Годдард “Асар Өндөрт Хүрэх Аргачлал” (A Method of Reaching Extreme Altitude) хэмээх ном хэвлүүлсэн бөгөөд энэ номоороо орчин үеийн пуужингийн ухааны эцэг гэх алдрыг хүртсэн. Шингэн түлшт хөдөлгүүрээр туршилт хийж эхэлсэн бөгөөд 1926 оны 3 сарын 26-нд анхны амжилттай нислэг нь ирсэн. Пуужин нь 2.5 секунд нисэхдээ 12.5 метрийн өндөрт хүрэн 56 метр хол зайд буужээ.

Энэ цаг үеийн өөр нэг онцлох эрдэмтэн нь 1894 онд Румынд төрсөн Херманн Оберт байлаа. 1922 онд тэр Годдардад захиа бичин, номынхоо нэг хувийг өгөөч гэж гуйжээ. Түүнээс жилийн дараа Оберт “Гариг Хоорондын Орон Зай руу Пуужингаар Нисэх нь” (The Rocket into Planetary Space) хэмээх бүтээлээ хэвлүүлэв. Үүндээ хүн суусан пуужин бүтээх замаар гариг хооронд нисэх талаар болон тийм нислэг хүний бие махбодод ямар нөлөө үзүүлж болох талаар дурдсан байв. Түүнчлэн Ньютоны механик дээр үндэслэн пуужин хэрхэн хойш гаргах хийнээсээ хурдан нисэж болох талаар тооцоолол хийжээ.

Годдард пуужингийнхаа хажууд

Обертын ном хэвлэгдсэний дараагаас дэлхий даяар янз бүрийн сансрын клуб, байгууллагууд зохион байгуулагдаж эхлэв.

Өөр онцлох үйл явдлууд гэвэл: 1928 онд Оросын профессор Николай Рынины гариг хоорондын аяллын тухай цуврал бүтээлийн эхний 9 боть хэвлэгдэв. Opel, Valier зэрэг фирмүүд пуужинт хөдөлгүүртэй анхны автомашинуудаа туршив. 1928 оны зун пуужинт глайдераар Фридрих Штаемер нисэв. Хоёр км ниссэн ажээ. 1929 онд Годдард зургийн аппарат, барометр, термометр бүхий пуужин хөөргөв. Энэ дэлхийн түүхэн дэх анхны ажиглах хэрэгсэл бүхий пуужин байлаа. Хөөргөсөн багажуудаа тэр цөмийг нь олж авч чадсан юм.

1907 онд Украйнд Сергей Королев мэнгдлэв. Тэр Оросын сансрын хөтөлбөрийг эрчимжүүлсэн бөгөөд Хүйтэн дайны үеэрх сансрын өрсөлдөөний үед гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэ үеийн хүмүүсийн үзэл хандлага

Энэ цаг үе олон нийт пуужинтай холбоотой физикийн мэдлэг бага байснаас гадна анхны пуужин хөгжүүлэгчид янз бүрийн асуудал бэрхшээлтэй учирч байснаараа онцлогтой. Тэр цагийн эрдэмтэд пуужин их өндөрт гарвал түүнийг түлхэх агаар байхгүй болохоор пуужин нэг их хол нисэж чадахгүй, өндөрт гарч чадахгүй гэж бодож байсан юм.

Тийм авч Ньютоны хуулиуд тодорхой болж, хэвлэгдсэнээс хойш хэдэн зуун жил өнгөрсөн байснаас гадна хөлгийн доторх шингэний динамикийн хуулиуд хэдийн нээгдчихээд байлаа. Тийм болохоор Циолковский, Оберт хоёр агаар мандлын асар өндөрт, тэр бүү хэл сансрын орон зайд пуужин нисэх боломжтой гэдгийг ойлгож байлаа.

Өнөөдөр пуужин хаа сайгүй нисэж чадахыг хүмүүс нэгэнт хүлээн зөвшөөрөн, тоохоо больсон бол тэр цагийнхны хувьд энэ нь итгэхийн аргагүй зүйл байсан ажээ.

Холбоотой мэдээнүүд