Нар бол манай Нарны системийн төв байдаг од юм.
Бараг дув дугуй халуун плазм бөгөөд дотоод эргэлтийн хүч нь татах хүч (соронзон орон) үүсгэдэг. Энэ од Дэлхий дээрх амь амьдрал, амьтан ургамлын хамгийн гол энергийн эх үүсвэр билээ. Нар диаметрээрээ 1.39 сая км. Өөрөөр хэлбэл дэлхийн диеметрээс 109 дахин том. Харин жингийн хувьд дэлхийгээс 330 000 дахин том. Нарны системийн нийт жингийн 99.86%-ийг нар дангаараа бүрдүүлдэг. Нар дэлхийгээс 149.6 сая км зайд оршдог.
Нарны нийт жингийн гуравны нэг нь буюу 73% нь ус төрөгч. Үлдсэн нь буюу 25% нь гелийн хий. Үүнээс гадна хүчилтөрөгч, нүүрстөрөгч, неон, төмөр зэрэг хүнд элементүүд бага хувь эзэлдэг. Нарыг спектрийн гэрлийн хуваариар шаргал одой гэж ангилдаг боловч үнэн хэрэгтээ гэрэл нь (өнгө нь) шар гэхээс илүү цагаан өнгөнд илүү ойрхон. Нар одоогоос асар том молекулын үүл хуралдан бөөгнөрөх үед 4.6 тэрбум орчим жилийн өмнө үүсчээ. Доторх, төв дэх маас нь асар нягт болсноос эцэстий цөмийн тэсрэлт үүссэн байна. Бараг бүх од ийм маягаар үүсдэг хэмээн эрдэмтэд одоогоор үзэж байна.
Нар секунд тутамд 600 сая тонн устөрөгчийн гелийн хий болгон хувиргадаг ба секунд тутам 4 сая тонн материйг эрчим хүч болгож хэрэглэдэг. Энэ эрчим хүч нь нарны дотоод цөмөөс гадагшаа гарахын тулд 10 000 – 170 000 жил зарцуулдаг бөгөөд энэ нь нар гэрэлтэж, дулаахан байдгийн цаад учир шалтгаан юм. Нарны энэ тэсрэлт тэнцвэртэй бус байдлаар явагдаж буй тул дотоод цөм нь улам нягтарч, температур нь нэмэгдэхийн хэрээр гаднах гадарга нь яг л хөөсөн талх шиг улам тэлж томорсоор нар эцэстээ Улаан Аварга биет болох болно. Ийнхүү томрох явцдаа нар Меркюри, Венус гаригуудыг залгих ба Дэлхийг хүн амьтан амьдрах нөхцөлгүй болгоно гэж эрдэмтэд тооцож байна. Гэхдээ сайн мэдээ нь гэвэл, энэ бүхэн 5 тэрбум жилийн дараа тохиолдох болно.
Ийнхүү тэлснийхээ дараа Нар буцаж хөрөх бөгөөд хөрөн хөрсөөр цагаан одой хэмээх жижиг од болон хувирна. Өмнөх шигээ цөмийн тэсрэлт явуулж хурц тод гэрэл цацруулсаар байхгүй ч улайж, дулаан ялгаруулсаар байх болно.

Нарны гэрэл
Дэлхий дээр тусах нарны гэрэлд агаар мандал тодорхой хэмжээний саад учруулдгаас яг бүрэн хэмжээгээрээ газар дээр нарны туяа тусдаггүй. Агаар мандал дээр ирэх үедээ нарны туяа 50% инфра улаан туяа, 40% нүдэнд үзэгдэх гэрэл, 10% ультра ягаан гэрлээс бүрдсэн байдаг. Нарны туяа дэлхийн агаар мандлын дээд хэсгийг ионжуулдгаас энэ хэсгийг ионосфер гэж нэрлэдэг юм. Сансраас харвал нар цагаан өнгөтэй харагддаг ажээ. Тийм хэдий ч ихэнх хүнд нар шар өнгөтэй юм шиг харагддаг. Нарны туяанд хийсэн шинжилгээний дүнд эрдэмтэд нар гадаргуу дээрээ Цельсийн 5505 хэм халуун байна гэж тогтоосон байна.
Нарыг судалсан нь
Эрт дээр цагаас хүмүүс нарыг бишрэн шүтдэг байв. Эртний Египетчүүд, Өмнөд Америкийн Инка, өнөөгийн Мексикийн тэнд байсан Ацтекчууд ч бас нарыг тахин шүтдэг байв.
МЭӨ 1000 оны үеэс Вавилоны одон орон судлаачид Нарны хөдөлгөөн жигд бус байгааг анзааран удалж эхэлжээ. Эртний Герегийн философич Анаксагорас анх Нарыг Хелиос бурханы сүйх тэрэг биш харин асар том шатаж буй галт бөмбөлөг байх, аягүй бол Пелопоннезоос ч том бөмбөлөг бөгөөд энэ бөмбөлөгийн шатсан туяанд нь Сар гэрэлтдэг байх гэж таамаглажээ. Ийм тэрс үзэл дэвшүүлснийхээ төлөө шоронд хоригдсон ч Периклын тусламжтай суллагджээ.
МЭ 1 дүгээр зууны үед Птолмей хэмээх эрдэмтэн нарыг дэлхийгээс 7.71 сая км зайтай байна гэж тооцоолсон. Хан гүрний үеийн хятадын одон орон судлаачид ч бас нарыг олон зууны турш ажиглан судалжээ. Галилео анх наран дээрх толбууд жинхэнээсээ наран дээр байна, түүнээс биш дэлхий нар хоёрын хооронд хөвж буй зүйлс биш гэж таамаглав.
1666 онд Исаак Ньютон Нарыг призмын шил ашиглан судлаад нарны гэрэл үнэндээ ганцхан бүхэл туяа биш олон өнгийн туяанаас бүрдсэн туяа болохыг тогтоожээ. 1904 онд Эрнест Резерфорд Нар дотоод эх үүсвэрээс болж ингэж халдаг байх, аягүй бол дулааны эх сурвалж нь цацраг идэвхт бодисын задрал байх гэсэн онол дэвшүүлэв. 1957 онд Маргарет Бурбиж, Жеоффрэй Бурбиж, Виллиам Фаулер, Фред Хойл нар манай орчлонгийн ихэнх элемент манай Нар шиг ийм однуудын дотор явагддаг цөмийн реакцын үр дүнд синтезчилэгдэн үүссэнийг батласан юм.
Нарыг судлах аяллууд
Нарыг сансрын орон зайнаас судлахаар зориуд илгээсэн анхны хиймэл дагуулууд нь НАСА-гийн хөөргөсөн Pioneers 6, 7, 8, 9 хиймэл дагуулууд бөгөөд эдгээрийг 1959-1968 оны хооронд хөөргөсөн юм. Эдгээр хиймэл дагуулууд нар дэлхий хоёрын голд байрлан нарны салхи, нарны соронзон орныг нарийвчлан судалж эхэлсэн. Түүнээс хойш олон хиймэл дагуул хөөргөсөн.
