Технологи 2019 оны 09 сарын 09

Интернетийн харанхуй гудамж – “Харанхуй Вэб”

Нийтэлсэн: Admin

Өмнөтгөл

Өнөөдөр харин бүх зүйл интернетэд холбогддог болжээ. Интернетэд бараг бүх зүйл бий. Тийм хэдий ч, хэрэв чи интернетийг мэднэ, үзсэн гэж бодож байгаа бол андуурч байна.

Интернет гэдэг бол энгийнээр хэлбэл зүгээр л сүлжээнүүдийн сүлжээ. Интернет кафе буюу байгууллага дээр Local Area Network байдаг ба үүнд тухайн байгууллага дотор байгаа компьютерууд л холбогддог. Интернет харин ийм локал ареа сүлжээнүүдийн сүлжээ гэсэн үг. Интернет гэхдээ бүгдэд нээлттэй биш. Маш олон байгууллага интернетэд холбогддог мөртлөө гадны нэвтрэлтийг Галан хана зэргээр хааж тусгаарлан өөрсдийн интернет сүлжээний вант улс үүсгэсэн байдаг. Энэ вэб сайт, Монголын бусад вэб сайтууд, Facebook цөм ил, нээлттэй вэб сайтуудын жишээ. Эдгээрийг public интернет гэдэг. Тэгтэл олон нийт нээлттэй орж үзэж болдоггүй, тусгай програмаар л нэвтэрч болдог интернет байдаг. Энэ хэсгийг дотор нь хоёр ангилдаг ба арай гүехэн хэсгийг нь Deep Web буюу Гүний вэб гэдэг бол бүр гүнзгий бараан хэсгийг нь Dark Web буюу Харанхуй Вэб гэж нэрлэдэг. Ердийн вэбтэй харьцуулахад энэ хоёр хэсэг бараг 100 дахин том.

Мөсөн уул шиг. Харанхуй хэсгүүдэд маш сонин сонин зүйл болдог. Google хүртэл ийшээ нэвтэрч чаддаггүй бөгөөд хаана нь юу байгааг хэлж өгч чадахгүй. Энд энгийн интернетийн хууль үйлчилдэггүй.

Харанхуй вэб рүү орохын тулд тусдаа програм хэрэг болно. Tor Browser. Дараа нь Харанхуй вэбсайтуудын хаягийг олох хэрэгтэй. Мэдээж тэдгээр нь ил тод байхгүй. Энгийн вэб сайтууд .com, .mn, .org гэх мэт домайнууд дээр байрладаг ба хаана ямар вэб байгааг чи Google, Yahoo дээр бичээд л хайгаад олж болох бол харанхуй вэбүүд тийм биш. Тэд нар .onion гэсэн вэбсайтууд дээр байрладаг ба өөрсдийн гэсэн тусгай хайлтын сайтуудтай. Ийм вэбүүд рүү нэвтрэхэд аюулгүй байдлаа нэлээн анхаарах хэрэгтэй. Үүнд VPN-үүд тус болно.

Ил вэбийн харанхуй хэсэг

Хэзээ билээ Gogo.mn дээрээс “Гүний вэб” гээд нийтлэл гарсан юм. Бодвол энэ нийтлэл байсан байх. Харанхуй вэбүүдийг их аюултай, янз бүрийн хууль бус зүйлс их явагддаг гэж бичсэн байв. Түүнээс хойш Dark Web-ийн тухай зарим нэг You Tube-ын бичлэг үзэн, үүнтэй төстэй зарим нэг сайтаар ч ороод амжив. Гэхдээ жинхэнэ Dark Web рүү нь ороогүй л байлаа. Яг оръё гэж сонирхоогүйн дээр програм энэ тэрнийх нь учрыг олоогүй орхисон байв. Гэхдээ л вэбээр хэрэн хэсэж байгаад ил вэбийн харанхуй хэсгүүд рүү үе үе орж байлаа. Энэ бол Харанхуй вэб биш. Албан ёсоор бол ил вэбүүд. Гэхдээ агуулгын тухайд жаахан асуудалтай гэж болно. Эдэн дундаас хамгийн их үр өгөөжөө өгсөн нь PirateBay. Энэ вэбсайтын ачаар хэдэн ч удаа хамгийн сүүлийн үеийн киног үнэгүй татаж үзэв дээ. Хэдэн ч чухал програм, ном олж уншив даа. Эд мэдлэгийг, мэдээллийг ил тод болгох гэж зорьдог хүмүүс. Өөр зарим нэг ийм Харанхуй биш гэхэд “Саарал” сайтууд бий. Зарим нэг ийм харанхуй болон “саарал” сайтууддаа алдаршсан бичлэг, постууд байдаг.

Албан ёсны мэдээллүүдээс хамгийн алдартай нь WikiLeaks. Эд энд тэндээс янз бүрийн мэдээллүүд цуглуулдаг ба албан ёсоор бол нээлттэй байх ёстой ч нээлттэй болохгүй байгаа мэдээллийг энд тэндээс олдог буюу хакердаж олж аван нийтэд ил тавьдаг. Эндээс хамгийн алдартай нь Хилларигийн имэйлүүд. Энэ талаар сүүлд пост тавъя. Сүүлийн үеийн задаргаа гэвэл АНУ-ын элчин сайдын яамуудын худалдан авалтын жагсаалт ба эдэн дунд Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны зарим баримт бичгүүд, тендерийн зарууд явж байлаа.

Ил вэбийн харанхуй хэсэгт аймшигтай зүйлс бас их бий. Хамгийн анх үзээд нэлээн цочролд орсон бичлэг маань Оросуудын Чеченьд хийсэн дайны үеэр хэрхэн олзлогдсон цэргийг Чеченьчүүд алж байгаа бичлэг байсан юм. Дараагийн ийм бичлэгүүдийг ISIS-ын террористууд хийж интернетээр цацсан. Иймэрхүү бичлэг интернетийн “саарал хэсэгт” их бий. Эднийг гэхдээ сайн хайвал энгийн вэб браузераараа ороод үзэж болно. Тийм ч хаалттай биш. Энийг давбал саарал хэсгээс даван “цүнхэл” рүү орох болно. Энэ хэсэг яг ч “Харанхуй вэб” биш. Тийм болохоор энэ хэсгийг “цүнхэл” буюу “гүний вэб”, Deep web гэж нэрлэдэг.

Гүний вэб

Интернетийн 90% нь Гүний буюу Цүнхээл дэх вэбүүд ажээ

Энд нөгөө галан ханаар тусгаарлагдсан тусгай сүлжээнүүд бий. Янз бүрийн байгууллагын мэдээллүүд, байгууллагын дотоод сүлжээнүүд. Эдэн рүү мэдээж Google нэвтэрч чаддаггүй. Пассвордоор хамгаалагдсан байдаг. Үүний нэг жишээ нь Монголын төрийн байгууллагуудын дотоод сүлжээ. Зарим нь хууль ёсны мэдээллүүдтэй, зарим нь хууль бус. Гэхдээ хамгаалалтын хувьд тийм ч өндөр биш. Хүсэж зорих юм бол гүний вэбүүдийн хамгаалалт харьцангуй сул.

Энэ хэсгийг давсны дараа жинхэнэ “Харанхуй вэб” эхэлнэ.

Харанхуй вэб

Нийт интернетийн 5-10 орчим хувийг эзэлдэг гэж тооцогддог интернетийн энэ хэсэг маш их хамгаалалт, пассворд, толгой эргүүлэм зүйлсийн цаана далдлагдсан байдаг. Эдгээр вэбсайтууд onion өргөтгөлтэй ба Tor хэмээх тусгай браузераар орж үзэж болно. Гэхдээ ингэж орлоо гээд аюулгүй байдал чинь бүрэн хангагдахгүй. Тор бол зүгээр л браузер тул нэмэлт аюулгүй байдлын програм хэрэгтэй. Энэ хэсэгт нэвтэрсэн хүн энгийн вэб дээр, Амазон дээр худалдаа наймаа хийдэг шиг банкны картын мэдээлэл энэ тэрээ ил тод тавьж болохгүй, ашиглаж болохгүй. Энэ хэсэг хакерууд, хууль бус зүйлсээр дүүрэн тул санамсаргүй байж байгаад хакердуулах энүүхэнд. Нарантуул, Дэнжийн 1000-ийн зах дээр “Сум зарна сум зарна”, “кино байна шүү” гээд хажуугаар шивнээд өнгөрдөг гаруудыг санаж байна уу. Яг тийм орчинд оччихсон мэт санагдах болно. Бараг тэр чигтээ хууль бус зүйлсээр дүүрэн. Хөлсний хакерууд, хулгайн картууд, хууль ёсны болон хууль бус бичиг баримтууд, секс. Хулхины сайтууд ч их. АНУ-ын хууль хяналтын байгууллагууд үүнийг зогсоох гэж оролдож байгаа боловч бүрэн дийлэхгүй байгаа ажээ.

Холбоотой мэдээнүүд