Технологи 2019 оны 09 сарын 05

Орчлонгийн нууцыг тайлах Хар Нүх

Нийтэлсэн: Admin

Хар нүх бол манай орчлонгийн хамгийн хүчтэй зүйлсийн нэг. Бүхэл бүтэн одыг хүртэл атомын дайны жижигхэн болгон залгиж чадна. Энэ нь л дангаараа аймшигтай атал тэдэнд үүнээс ч илүү айдас төрүүлэм шинж бас бий. Тэр нь: тэд оддоор тогтохгүй бүр орчлонг тэр чигт нь ч залгичихаж магадгүй ажээ.

Хар нүх гэж юу вэ? Асар бага зайд асар их жинтэй материуд цуглан бөөгнөрсөн үед хар нүх үүсдэг. Хар нүхний төвд татах хүч бараг хязгааргүй хүчтэй болдог тул хар нүхэнд ойртсон болгон бараг эгэл бөөмсөөрөө задран хар нүхэнд залгиулдаг. Гэрэл хүртэл хар нүхний татах хүчнээс мултран гарч чаддаггүй тул бидэнд хар нүх “тас хар” харагддаг ажээ.

Хэрэв хүн хар нүх рүү унавал эхэндээ юу ч тохиолдохгүй. Харин үйл явдал эхлэх “Event Horizon” бүс рүү нэвтэрсний дараа санаанд багтамгүй юм юм тохиолдож эхэлнэ. Үүнийг том хүрхрээн дотор сэлж байгаагаар төсөөлж болох юм. Хүрхээ рүү дөхөх тусам усны урсгал улам хурдан болох ба хүрхрээ харагдахгүй байгаа хэр нь тэнд ямар нэг зүйл доош татаж байгаа нь мэдэгдэж, усны урсгалыг сөрөн өгсөхөд улам бүр хэцүү болно. Тийнхүү сэлж байгаад нэг л мэдэхэд эргэж буцах аргагүй цэгт хүрнэ. Тэр цэгийг л давбал, түүнээс хойш яаж ч хүчтэй сэлээд буцаж гарах хөг өнгөрнө.

Хар нүхэнд дэндүү ойртвол хэн ч түүнээс эсэн мэнд мултарч чадахгүй. Тэр хил л биднийг хар нүхнээс тусгаарлаж байдаг юм. Тэр хилийн гадна байгаа цагтаа бид хар нүхэн дотор юу болж байгааг хэзээ ч бүрэн мэдэхгүй. Харин мэдэхийг хүсэн тэр хилийг давах юм бол юу болж байгаагаа хэзээ ч гаднах ертөнцөд хэлж мэдэгдэж чадахгүй.

Гэсэн ч онолын хувьд бид хар нүхний яг ирмэг хил дээр юу болж байдгийг таамаглаж болох юм. Савтай буцалж байгаа ус уур хэлбэрээр энерги ялгаруулдаг шиг хар нүх ч гадагш багагүй долгион цацруулж байдаг. Энэ долгионыг Хоукингийн радиац гэж нэрлэдэг юм.

Хар нүхүүд цаг ямагт асар бага хэмжээгээр жингээ (масс) алдаж байдаг. Энэ процесс гэхдээ дэндүү удаан явагддаг тул манай нар шиг хэмжээтэй хар нүх массаа алдаж дуустал 10 мянган – тэрбум- тэрбум – тэрбум -тэрбум-тэрбум жилийн дараа л массынхаа -0.0000001%-ийг алдана гэсэн тооцоо бий. Дэндүү өчүүхэн байгаа биз. Энэ процесс гэхдээ тогтмол явагдана. Яваандаа алгуур хурдасна. Тэгсээр манай орчлонгийн хамгийн сүүлчийн од унтарч дууссанаас олон триллион жилийн дараа л хар нүх агшин агшсаар ардаа жаахан радиац л үлдээгээд ууршин алга болно.

Энэ гэхдээ асуудал үүсгэж байгаа юм. Өөрөө устаад зогсохгүй ийнхүү устах явцдаа хар нүх маш чухал өөр зүйлийг устгах болно. Мэдээллийг.

Ингэхэд мэдээлэл гэж юу вэ? Мэдээлэл бол бодит, гарт баригдах зүйл биш. Үүнийг эгэл бөөмсийн зохион байгуулалт гэсэн хэлбэрээр физикт ойлгодог. Энэ нь юу гэсэн үг юм бол? Хэдэн ширхэг нүүрстөрөгчийн атом байна гэж төсөөл дөө. Тэдгээрийг чи дуртай хэлбэрээрээ байрлуулж болно. Нэг янзаар байрлуулбал тэд ГРАФИТ буюу НҮҮРС үүсгэнэ. Арай өөрөөр байрлуулбал АЛМААЗ үүснэ. Энэ хоёр өөр бодисын дотор байгаа атомууд нь огт өөрчлөгдөөгүй, өнөөх нэг атомууд хэвээрээ л байгаа. Тэгвэл юу өөрчлөгдсөн бэ? Мэдээлэл нь.

Хэрэв үүнийгээ арай илүү дэлгэрүүлэн, энэ холимогондоо арай өөр төрлийн атомууд нэмэх юм бол бид БАНАН буюу ГАДИЛ жимстэй ч болж болно. Үүнийхээ зохион байгуулалтыг дахиад өөрчилбөл бидний өмнө МЭЛХИЙ ч гарч ирж болзошгүй. Орчлонд байгаа бүх зүйлийн суурь тоосго нь яг адилхан – ижилхэн атомууд. Эдгээр атомууд аягатай кофе, шувуу, пуужингийн хөдөлгүүр бүтээж байгаа эсэхээ огтхон ч хайхардаггүй.

Мэдээллийн ялгаа л байгаагүй бол орчлон дахь бүх зүйлс ямар ч ялгаагүй, ижил байх байсан. Энэ үүднээс КВАНТЫН МЕХАНИК хэмээх физикийн салбар МЭДЭЭЛЭЛ БОЛ УСТАШГҮЙ гэсэн онол дэвшүүлжээ. Мэдээлэл хэлбэрээ өөрчилж болох ч хэзээ ч бүрмөсөн устахгүй. Жишээ нь чи жаахан цаас ураад шатаавал үнс үүснэ. Энэ үнс хэзээ ч дахиад цаас болохгүй ч хэрэв чи уг үнсэн дотор байгаа бүх атомыг буцааж нийлүүлээд, дээр нь шатах үед утаа, халуун хэлбэрээр ялгаран хийссэн атомуудын хэмжээг тооцон гаргаж, буцаан нэмж угсарч чадвал чи үнснээс буцаагаад цаас үүсгэж болох л юм. Учир нь эх цаасны мэдээлэл орчлонд өөр хэлбэрээр үлдсэн болохоос биш огт бүрэн алга болоогүй. Зүгээр л олоход хэцүү хэлбэртэй болсон ажээ.

“Мэдээлэл усташгүй” хэмээх хөшөө

Хэрэв чи манай орчлонд байгаа бүх атомын байрлал, мэдээллийг олж цуглуулж чадвал орчлон хэрхэн үүссэн үе хүртэлх бүх урвалыг буцаан тооцоолж болно. Ядаж л онолын хувьд боломжтой. Тэгтэл энд дээрх хар нүх хүрч ирэн гай тарьж байгаа юм.

Мэдээлэл юмс бие биенээсээ ямар ялгаатайг заадаг бол хар нүх үүний яс эсрэг функц нь гэсэн үг. Тэр өөр өөр мэдээлэлтэй зүйлсийг аван устгаад, цөмийнх нь мэдээллийг ив ижилхэн болгодог. Энэ нь МЭДЭЭЛЛИЙН ПАРАДОКС үүсгэдэг бөгөөд энэ асуудал онолын физикт томоохон асуудал үүсгэж байна.

Мэдээллийн парадокс гэж юу вэ?

Энэ бол физикийн шинжлэх ухааны суурь аксиом бөгөөд тэрхүү аксиом нь МЭДЭЭЛЭЛ ХЭЗЭЭ Ч УСТАШГҮЙ хэмээн сийлэгдсэн байдаг аж. Оршиж байгаа, оршоогүй байгаа бүх зүйлийн мэдээлэл харьцангуй. Орчлонг бодитой ойлгоход энэ аксиом зайлшгүй чухал. Тэгвэл дээрх парадоксыг яаж шийдвэрлэж болох вэ? Хэдэн хувилбар яригдаж байна.

Эхнийх нь. Мэдээлэл гээгддэг, устдаг гэсэн шинэ аксиомыг хүлээн зөвшөөрөх. Ингэх нь бид өдийг хүртэл хүлээн зөвшөөрсөн, баталсан хэдэн зуун жилийн физикийн ухааны ололтоо цөмийг нь үгүйсгэн, шинээр эхлэхэд хүрнэ гэсэн үг. Ийнхүү шинэ эхлэлээс физикийн хуулиудаа шинээр томъёолоход хүрвэл энэ нь хүн төрөлхтөн бидэнд болон бидний ирээдүйд юу гэсэн үг болох вэ? Үүнийг одоогоор төсөөлж таамаглаж чадах хүн алга байна. Жаахан аймшигтай байгаа биз? Гэхдээ нэг бодлын сайхан шинэ боломж ч юм шиг.

Хоёрдугаар хувилбар. Мэдээлэл нуугдсан. Магадгүй хар нүхнээс жаахан хэсэг нь тасран салаад бяцхан шинэ орчлон ч үүсгэж болох юм. Ингэвэл хар нүхэн дотор байсан мэдээлэл тийшээ шилжих бөгөөд ингэснээр энэ нь мэдээлэл устаж байгаа хэрэг биш болно. Яг л хамаг зураг, файлаа хадгалсан хард диск чинь ажиллагаагүй болж байгаатай адилхан. Хард дискэн дээр мэдээлэл хэвээр байгаа боловч түүнд хүрэх аргагүй болсон гэсэн үг. Магадгүй хар нүх эцэстээ устахад мэдээлэл усталгүй, яг л МЭДЭЭЛЛИЙН АЛМААЗ шиг зүйл үүсэн үлддэг байж ч болох юм.

Гуравдугаар хувилбар: Мэдээлэл хэвээрээ байгаа. Энэ хувилбар мэдээлэл ердөөсөө ч устахгүй, нуугдахгүй гэж үздэг. Магадгүй бид мэдээллийг буруу газраас л хайгаад байгаа байх. Бид хар нүх мэдээллийг дотогшоо сорон эцэстээ устгаж магадгүй гэдгийг харсан. Харин усттал нь мэдээлэл хар нүхэн дотор юу хийдэг бол? Ингэхэд хар нүх мэдээллийг хаана хадгалах вэ?

ОРЧЛОН ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭСЭН НЬ. Чи хир болсон хувцсаа хайрцганд хийгээд харанхуй өрөөндөө овоолчихдог байж гэж санъя. Тэгээд овоолоод л байж. Тэгж байтал нэг мэдэхэд харанхуй өрөө чинь дүүрэх болно. Дахиад ганц ч хайрцаг нэмж орох аргагүй болтлоо дүүрнэ. Тэр хайрцгийг чихэхээр дотогш түлхэх үед өрөөний хананд даралт ирэх бөгөөд, магадгүй муу модон хана байсан бол ханын банзнууд нь гадагш төвийж ч магадгүй. Хар нүх ч мөн адил. Хар нүхэнд юм унах бүрийд хар нүхний хил тэр хэмжээгээр тэлж байдаг аж. Цөөрөм рүү чулуу шидэхэд чулуу усан дотор орон алга болдог ч усны мандал дээр чулууны үлдээсэн мэдээлэл нь тойрог үүсгэн үлддэг.

Үүнээс үндэслэн хамгийн жижиг хар нүхний гадаргуу дээр хүртэл хүн төрөлхтний өдийг хүртэл бий болгосон бүх мэдээллээс ч илүү их мэдээлэл оршин байгаа гэж физикчид үзэж байна. Хар нүх хамгийн дээд зэргийн хард диск ажээ. Хүн төрөлхтний үүсгэсэн мэдээллийг цаасан ном гэвэл хар нүх цахим ном л гэсэн үг. Ганц номны хэмжээтэй мөртлөө цахим ном хэдэн зуун мянган номны мэдээллийг агуулж чаддаг.

Цахим ном цаасан номуудыг залгин дотроо агуулдаг шиг хар нүх од гаригсыг залгин дотроо агуулж болно. Энэ зарчмыг физикт ХОЛОГРАФ ЗАРЧИМ гэж нэрлэж байна. Гэхдээ асуудал нь, хэрэв энэ загвар зөв бол бидний одоог хүртэл орчлон ертөнцийн тухай олж мэдсэн гэж бодож байгаа бүх зүйл БУРУУ болон хувирах ажээ. Энэ загвараар үзэх юм бол орчлон бодитой биш харин ХОЛОГРАМ болон хувирах болно.

Хэрэв хар нүх үнэхээр мэдээллийг гадаргуу дээрээ хадгалдаг бөгөөд Хоукингийн радиац үүнээс гадагш цацруулж байдаг бол бид Хоукингийн радиацыг унших замаар хар нүхэн дотор байгаа мэдээлэлд хүрэх боломжтой болно. Хэрэв ингэж чаддаг юм бол бид физикийн ухаанаа дахин шинээр эхлүүлэх шаардлагагүй, хар нүх ч орчлонгийн мэдээллийг бүрмөсөн авч устахгүй болно.

Хэрэв хар нүх дотор нь залгигдсан бүхний мэдээллийг гадаргуу дээрээ хадгалдаг бол энэ нь гурван хэмжээст орчлонгийн мэдээлэл хоёр хэмжээст гадаргуун дээр бууж хадгалагдсан гэсэн үг болно. Чухам үүнээс нь болон энэ загварыг ХОЛОГРАМ хэмээн нэрлэжээ.

Хар нүхэн дотор орсон зүйлс хэвийн байдлаараа цааш оршин, амьдарсаар байгаа мэт өөрсөнд нь санагдаж болох авч хар нүхний хилийн гадна байгаа бидэнд тэд хоёр хэмжээст болсон санагдах болно. Санаанд багтамгүй байгаа биз. Гэсэн ч цааш тэсвэрлэн, анхааралтай тунгаан бодъё.

Хар нүх бол манай орчлонгийн хамгийн санаанд багтамгүй зүйл. Тийм хэдий ч энэ зүйл хүртэл орчлонгийн физикийн хуулинд захирагдах ёстой. Хэрэв энэхүү хоёр хэмжээст, гурван хэмжээст орчлон зэрэгцэн оршиж болно гэж үзвэл маш сонин дүгнэлтэнд бид хүрэх болно. Бид одоо ч гэсэн хоёр хэмжээст орчлонд амьдарч байж магадгүй бөгөөд үүнийгээ өөрсдөө мэдэхгүй байж магад. Хар нүхэн дотор байгаа хүн өөрийгөө хоёр хэмжээст гэдгээ мэдэхгүй. Бид үнэндээ орчлонгийн төгсгөл хүртэл татагдсан асар том дэлгэцэн дээрх хоёр хэмжээст зүйлс ч байж магад.

Энэ онолын цаадах математик болон физик тооцоолол нь дэндүү гажиг бөгөөд ээдрээтэй. Үүнийг бодоход тоглоомын орчлон, утасны онол, маш их масс тооцох хэрэг гарна. Энэ талаар дараа өгүүлье. Ямар ч байсан бидний оршин байгаа орчлон маш сонин бөгөөд үүний мөн чанарыг бүрэн гүйцэд тайлтлаа бид нэлээн их тооцоолол хийх хэрэгтэй. Гэхдээ тэрхүү нууцыг тайлах түлхүүр нь манай орчлонгийн нэгэн гаж үзэгдэл болох ХАР НҮХ байж болзошгүй ажээ.

Холбоотой мэдээнүүд