Технологи 2019 оны 09 сарын 05

Java програмчлалын үндэс

Нийтэлсэн: Admin

Өнөөгийн дэлхийн хамгийн гол 5 програмын хэлний нэгд зүй ёсоор Java орно. Зарим судалгаагаар Java нэгд ордог бол заримаар гуравт, заримаар тавд ордог. Яаж ч үзлээ гэсэн энэ бол маш чухал програмчлалын хэл. Илүү энтерпрайз талдаа.

Мэдээж энгийн вэб сайт хийх бол заавал Java хэрэглээд байх шаардлагагүй. Вэбийн суурь гурван найз (HTML+CSS+JavaScript) дээр нэмээд PHP байхад л хангалттай. Тэгээд ч дэлхийн нийт вэб хуудсуудын бараг 80% нь PHP шүү дээ. Тиймээс PHP-г тэгтэл муу хэлээд ад үзээд байх шаардлагагүй. Өмнө нь тийм ч сайн нэртэй байгаагүй нь үнэн. Гэлээ ч PHP 7 гарснаас хойш байдал нэлээд өөрчлөгдөөд байгаа.

Жавагийн давуу тал нь жавагаар вэбээс гадна өөр олон зүйл хийж болно. PHP бараг гагцхүү вэб орчинд л ажиллах бол Жавагаар дэсктоп програм бичиж, гар утасны аппууд ч бичиж болно. Банк санхүү зэрэг том том төслүүд Жава дээр бичигддэг. Монголын тухайд гэвэл Монгол улсын дата мэдээллийн сан Жава дээр бичигдсэн бөгөөд Оракл өгөгдлийн бааз ашигладаг. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын мэдээллийн сан, банкууд цөм Жава ашиглаж байна. Тийм болохоор Жава сурах нь ер нь дажгүй сонголт болно.

Энэ вэб хуудсаараа дамжуулан би зарим нэг Жавагийн гарын авлага оруулахаар төлөвлөж байна.

За ингээд яагаад Жаваг сурах хэрэгтэй, Жаваг юунд ашигладаг талаар ерөнхий ойлголттой болсон тул Жава сурах ажилдаа шууд оръё. Юун түрүүн Жава бичих програмаа татаж авах хэрэгтэй. Тийм ээ, Жаваг тусгай програм дээр бичдэг. IntelliJ, Eclipse гээд хоёр програм дээр илүүтэй бичдэг бөгөөд үүнээс IntelliJ -г илүү дээр сонголт гэж ихэнх хүн үздэг.

Тэгэхээр юун түрүүн IntelliJ-г татаж авах хэрэгтэй.

Татаж аваад суулгана.

Суулгасныхаа дараа File-руу ороод тэндээс New – Project гэдгийг сонгоно.

Дараа нь үүссэн цонхны SRC-г сонгоод хулганы баруун талд даран New – Java Class сонгоно. Ийнхүү Жава програм бичихэд бэлэн боллоо. Дараагийн нийтлэлээс Жава бичье.

Холбоотой мэдээнүүд