Амьд зүйлс амьгүй зүйлсээс эрс ялгаатай юу? Эсвэл ялгаагүй юу? Физикч Эрвин Шрөдингэр амьд байна гэж юу болохыг дараах маягаар тодорхойлжээ: “Амьд байна гэдэг нь эмх цэгцгүй байдлаас зайлсхийж тэнцвэрт байдал руу тэмүүлнэ гэсэн үг”. Энэ юу гэсэн үг вэ? Хүн хувцасны шүүгээндээ хувцсаа эмх замбараатай хийдэг. Энэ л чухамдаа амьд зүйлийн шинж чанар гэнэ. Тэгвэл амьд байна гэдэг өөрөө юу гэсэн үг юм бол?

Манай гаригийн бүх амьд зүйлс эсээс бүтдэг. Эс бол протейнээс бүтсэн робот л гэсэн үг. Дэндүү жижигхэн болохоороо өөрсдөө юу ч мэдэрдэггүй. Эс нимгэхэн хана буюу “арьстай”. Түүгээрээ өөрийн доторхоо гаднах зүйлсээс тусгаарладаг. Эс бас юм иддэг бөгөөд ядарч, хөгширч, бас үхдэг. Бас өөрийгөө хувилан олшруулдаг. Эсийг томруулан харах юм бол харин түүний дотор ямар ч амьд гэхээр зүйл байхгүй. Эсийн дотор амино хүчил, зөөгч протейн зэрэг зүйлс л байдаг бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо хувиралд орон реакц үүсгэж, реакц нь хариу реакц үүсгэж байдаг. Эсийн дотор ганц секундын дотор олон сая химийн урвал явагдаж байдаг. Эс өөрөө олон мянган төрлийн протейноос бүтдэг. Зарим нь тун энгийн бүтэцтэй бол зарим нь асар ээдрээтэй бичлийн бичил машин л гэсэн үг. Эсийг: цагт 100 км цаг хурдтай явж байгаа машин, тийнхүү давхиж явахад нь машин дотор байгаа “хүмүүс” машинаа секунд тутам засаж, шинэчилж, янзалж байна гэсэн маягаар л төсөөлж болох юм. Хамгийн хачирхалтай нь энэхүү эс “роботон” дотор байгаа бүх зүйлс өөрсдөө амьтай зүйлс биш, зүгээр л орчлонгийн хуулинд захирагдсан бодисууд. Тэгэхээр “амьдрал” гэдэг бол асар их химийн реакцууд юм уу?

Эцэстээ бүх амьд зүйлс үхдэг. Тиймээс дээрх химийн реакцуудын зорилго нь өөр шинэ амьд зүйлс бүтээх явдал бололтой. Шинэ амьд зүйлс гэдэг нь ДНХ. Амьтан гэдэг бол асар их генетикийн мэдээлэл агуулсан сан юм. Амьдрал гэдэг бол хувьсал, тэмцэл бөгөөд энэ тэмцэлд хамгийн сайн ДНХ бүтээсэн нь ялдаг бололтой.
Тэгэхээр амьдрал гэдэг бол ДНХ гэсэн үг үү?
Гэвч тэгж ойлгох гэхээр хэцүү. Учир нь ДНХ өөрөө асар нарийн молекул хэдий ч өөрөө дангаараа бол юу ч хийж чадахгүй. Үүн дээр вирус орж ирэн асуудлыг улам ээдрээтүүлнэ. Вирус гэдэг бол бяцхан РНХ, ДНХ-ийн л багц бөгөөд ямар нэг юм хийхэд нь эс түүнд хэрэг болдог. Эрдэмтэд одоогоор вирусыг амьд зүйл гэж ангилах уу, амьд биш гэж ангилах уу гэдгээ мэдэхгүй л байна. Тэгтэл дэлхий дээр асар их вирус бий.
Вирус хүмүүс бидний оршин байгааг огтхон ч анзаарч, тоодоггүйн зэрэгцээ үхсэн зүйлс рүү довтлон эсийн түвшинд буцаан амилуулдаг вирусууд ч байдаг. WOW.

Митохондр байна. Энэхүү бичил организм олон тэрбум жилийн өмнө эсийн дотор орон, эстэй эвцэлдсэн бөгөөд өөрсдөө амьд, тусдаа зүйлс байхаа болин эсийн нэг хэсэг болсон ч одоо хүртэл өөрсдийн гэсэн тусдаа ДНХ-тэй. ДНХ-д нь л ашигтай байвал бичил организмууд бусдад олзлогдохыг ч зөвшөөрдөг бололтой.
Тэгэхээр амьдрал гэдэг бол мэдээлэл юм уу? Хүн төрөлхтөн бүрэн “өөрийн ухамсар” бүхий хиймэл оюун бүтээхэд тун ойртож байна. Цаг хугацааны л асуудал болон хувирчээ. Тэгэхээр ирээдүйд “амьд” компьютерын вирус ч бий болох уу? Ингэвэл амьд байна гэж юу гэсэн үг вэ?
Амьдрал гэдэг бол эд юмс уу, мэдээлэл үү, ДНХ юу, компьютерын програм уу? Үүнд хариулт олох тун ээдрээтэй болон хувирч байгаа биз? Хүн, амьтан чулуу, шороог бодвол амьд. Чулуу, шорооноос огт өөр өвөрмөц шинж чанартай болохоороо амьд байгаа юм гэсэн хариулт одоо шаардлага хангахаа больж байна. Чарльз Дарвинаас өмнө хүмүүс өөрсдийгөө бүх зүйлийн хамгийн дээд нь гэж үзэж байв. “Хүн төрөлхтөн бусдаас онцгой”, бид Бурханы бүтээл гэсэн бодол бүгдэд таалагдаж байлаа.
Харин тэгтэл хүмүүс бусдаас онцгой зүйлс биш, зүгээр л хувьслын явцад үүссэн хэмээн шинжлэх ухаан хэлж байна. Хүмүүс бид өөрсдөө амьд зүйлс бүтээхэд ойртох тусам амьдралын талаарх уламжлалт бодлууд улам бүр хоцрогдсон, гэнэхэн байсан нь мэдэгдэх болжээ. Одоо би чамд хамгийн энгийн мөртлөө гүн эргэцүүлэл шаардах асуулт тавъя. “Хэрэв орчлон хорвоогийн бүх зүйлс ижилхэн л атомуудаас бүрдэж байгаа юм бол орчлон хорвоо дээрх зүйлсийг амьд/амьгүй гэж ангилж болох юм уу, алийг нь амьд, алийг нь амьгүй гэж үзэх вэ?“