АНУ 2003 оны 3 сарын 19-нд Иракийн эсрэг агаарын довтолгоон эхлүүлсэн бөгөөд маргааш нь буюу 20-ны өдөр хуурай газраар довтолгоон эхлүүлснээс хойш ердөө сар гаруйн дараа Иракийг бүрэн эзлэн авсан юм. Дайны эхний үе шат 2003 оны 5 сарын 1 дууссан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш “Цэргийн том ажиллагаа дууслаа” хэмээн мэдэгдэж байсан. Уг тулалдаанд АНУ тэргүүтэй орнууд бараг 180 мянган цэрэг илгээсний 130 мянга нь АНУ-гаас, 45 мянга нь Их Британиас; 2000 цэрэг Австралиас, 194 цэрэг Польшиос ирж оролцсон юм. Ийнхүү Иракийг эзлэн, байсан төр засгийг нь түлхэн унагаж, бүгд бужигнаж байх зуур нэгэн асуудал өрнөсөн нь алттай холбоотой.
Америкийн цэргүүд нэг л мэдэхэд Багдад хотын энд тэндээс олон сая долларын үнэ өртөг бүхий бөөн алт, үнэт эрдэнэс, урлагийн бүтээлүүд олж эхэлсэн. Үүнийг гэрчлэх цөөнгүй гэрэл зураг бий.

Энэхүү нийтлэлийн гарчигт тавьсан зургийг АНУ-ын Тэнгисийн тусгай гэж тооцогддог US Marine Corps корпусын байлдагч асан Жаред Брандон авсан бөгөөд уг зургийнхаа талаар тэр:
“Нэг зураг мянган үгнээс илүү гэдэг шүү дээ. Энэ зургийг би Иракт нэвтэрч орсноосоо хэд хоногийн дараа авсан юм. 7 тонн алтыг бид Багдад хотын өмнөд хэсгээс олсон. Тэр оройдоо бид энэ алтыг манаж хоносон юм. Маргааш өглөө нь хуягласан хэдэн хар жипнүүд хүрч ирэн цөмийг нь ачаад явчихсан. Тэр залуус Тагнуулын Төв Газрынх уу, аль эсвэл Тусгай Хүчнийхэн үү бүү мэд. Ямар ч байсан манай Тэнгисийн Корпусынхан биш байсан” хэмээн өгүүлжээ.
Үүнтэй төстэй явдал нэлээн хэд тохиолдсон аж. Тухайлбал 4 сарын 18-нд Иракаас нэлээн их бэлэн мөнгө олдсон ч зарим нь алга болсон явдалтай холбоотойгоор Ирак дахь АНУ-ын Төв Коммандын дэслэгч Марк Киченс “Мөнгө алга болсон гэж бид үзэж байна. Олдсон бүх мөнгө, үнэт эдлэл Иракийн ард түмний өмч мөн. Бид буцаан өгөх болно” хэмээн мэдэгдсэн бөгөөд уг мөнгөтэй холбоотойгоор Америкийн цэргийн зарим албан хаагчийг шалгаж байгаа талаараа сурвалжлагчид хэлсэн ч хэдэн цэргийг ямар зүйл заалтаар шалгаж байгаа талаараа хэлээгүй аж.
Тус үйл явдлыг тодруулбал АНУ-ын Явган цэргийн Гуравдугаар дивизийн байлдагчид 650 сая орчим долларын бэлэн мөнгөтэй таарчээ. Уг мөнгийг цонхыг нь тоосгоор өрж битүүмжилсэн байшинд хадгалж байсан бөгөөд тус мөнгө олдсоны дараахан Саддам Хусейны Баат намын мөнгө байх хэмээн хэвлэлийн эх сурвалжууд мэдээлсэн юм. Уг мөнгийг илрүүлснээс хэдэн цагийн дараа л мөнгөнөөс хулгай хийсэн байхыг илрүүлсэн бөгөөд тусгай шалгалт оруулжээ. Түүнчлэн үүнтэй зэрэгцэн Fox News мэдээллийн сувгийн сэтгүүлчид 15 уран зураг, алтаар бүрсэн буунууд болон бусад зүйлсийг Иракаас нууцаар хил давуулан Америк руу аваачсаныг илрүүлэн мөрдөн шалгалтын ажил эхэлж байв.

Харин тэр зун алт ачсан ачааны машинуудыг Иракаас нэлээн хэд илрүүлсэн бөгөөд 6 сард Агаарын десантын 173-р бригадийн офицер Иракийн умард зүгт орших Киркук хотын ойролцоо явж байсан ачааны машинаас 1183 ширхэг алтан гулдмай илрүүлж байв. Түүний өмнө, 5 сарын 23-нд ч мөн Америкийн цэргүүд 2000 ширхэг алтан гулдмай бүхий ачааны машиныг Сирийн хилийн ойролцоох Каим хотын захад зогсоож байсан талаар Чикаго Трибюн агентлаг мэдээлж байв. Илэрсэн нь л энэ шүү дээ, илрээгүй өөр хэдэн ачааны машин хаашаа одсоныг хэн ч мэдэхгүй. “АНУ-ын арми Иракаас 500 сая долларын алт хураан авчээ” хэмээн Шинэ Зеландын NZHerald агентлаг 2003 оны 5 сарын 24-нд мэдээлж байв. Энэ мэт явдлууд олон гарсан бөгөөд Саддам Хусейны алт хэрхэн хаашаа одсон нь түүхийн нэгэн тайлагдашгүй нууц болон үлдэж магадгүй.