Сонин хачин 2020 оны 02 сарын 18

Японы хилийг нууцаар давсан Карлосын адал явдал хийгээд Nissan компани экс захирлаасаа 90 сая доллар нэхэмжлэв

Нийтэлсэн: Admin

Японы Nissan Motor компани экс захирал Карлос Госноос компанид хохирол учруулсан хэмээн 10 тэрбум иен буюу 90 сая долларыг нэхэмжилсэн байна. Госн батлан даалтаар гараад байх үедээ 2019 оны 12 сарын 30-нд Японы хилээр зугтан гарсан бөгөөд одоогоор Ливаны нийслэл Бейрутэд байгаа юм.

Японы цагдаад шалгагдаж, хилийн хорио тавиулсан байсан хэрнээ хэрхэн техник технологи өндөр хөгжсөн Японы хилийг хээв нэг даван гарсан нь Жэйсон Борны киноноос ч бараг илүү гэмээр.

Госн Японы хууль хяналтын байгууллага, Ниссан компанийн ажилчидтай хуйвалдан өөрийнх нь эсрэг зүй бус хэрэг үүсгэсэн гэж үзэж байгаагаа Японд байхдаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан бөгөөд тиймдээ ч хэргийг шүүхээр шийдүүлэлгүй зугтан гарахыг илүүд үзжээ.

Тийнхүү тэр өмнө нь гадаадын улс орнуудаас хүн хулгайлж, нууцаар авч гарах чиглэлээр мэргэшсэн, өмнө нь АНУ-ын Ногоон Берет тусгай бүлэгт алба хааж байсан хувийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулан Японы хилийг давсан ажээ. Болсон явдлын талаарх Японы сэтгүүлчдийн мэдээллээр бол:

Орголт

2019 оны 12 сарын 29-ны өдөр, 14 цаг 30 минутын үед тэр зочид буудлаасаа гаран хоёр хүнтэй уулзжээ. Тэр гурав суман галт тэргэнд суун Шнагава буудлаас Осакад хүрэлцэн ирсэн бөгөөд Кансай Олон улсын нисэх буудлын хажууханд буудалд орох үед оройн 20 цаг болж байлаа. Энэ бүх аяллын үеэр Японы ямар ч цагдаа, туршуул тэдний араас дагаагүй нь Японы хилээр оргон гарах төлөвлөгөөг нь бүр ч хялбаршуулж өгчээ.

Буудалд орсноосоо хэдэн цагийн дараа нөгөө хоёр хүн нь аудио төхөөрөмжийн том хайрцаг сав барин буудлаас гарсан бөгөөд тэдгээр дотроо Госныг нуусан байв. Кансайн нисэх онгоцны буудалд очоод тэд Туркт бүртгэлтэй Бомбардиер Глобал Экспресс хэмээх тусгай захиалгийн хувийн тийрэлтэт онгоцонд суув. Госныг хийсэн аудио төхөөрөмжийн том хайрцаг нь рентген туяаны аппаратанд багтахгүй байсан тул уг хайрцгийг нь гаалийн ажилтнууд огтхон ч шалгаж, рентген гэрэл зэргээр шалгаагүй байна. Үүний дараа тус тийрэлтэт онгоц 23 цаг 10 минутанд Кансай нисэх онгоцны буудлаас хөөрөн 12 сарын 30-ны өглөөний 5 цагт Туркийн Истанбул хотын Ататюрк нисэх онгоцны буудалд газарджээ. Тийрэлтэт хөлөг тус буудалд газардсанаас цагийн дараа өөр тийрэлтэт онгоц Бейрутын зүг хөдөлсөн байна.

Орголтыг АНУ-ын Ногоон беретчин Майкл Тэйлор зохион байгуулжээ. Госн одоогоор Ливанд байгаа бөгөөд Японы прокурорууд түүнийг эргүүлэн авах хүсэлт тус улсад тавьжээ. Ливан, Япон хоёр хоёул Интерполын гишүүн орнууд хэдий ч тус хоёр улсын хооронд гэмт хэрэгтэн харилцан солилцох тухай гэрээ байхгүй байгаа юм.

Японоос оргосон талаараа Карлос Госн 1 дүгээр сарын 8-нд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Би шударга бус шүүлтээс зугтсан юм. Японы мөрдөгчид надаас хүчээр мэдүүлэг авч, хэргээ өөрөө хүлээж буй мэт гуйвуулахыг оролдож байсан. Намайг хэргээ өөрөө хүлээхгүй бол гэр бүлийнхэнд чинь хэрэг тохно гэж Японы мөрдөгчид ярьж байсан. Японы хуулийн байгууллагынхан Ниссантай илт үгсэн хуйвалдсан нь илт байсан. Үүнийг олж харахгүй байсан хүмүүс ганцхан Япончууд өөрсдөө л байх. Японы шүүх гэдэг бол хошин жүжиг” хэмээн мэдэгдсэн юм.

Госн давхар иргэншилтэй бөгөөд одоогийн байдлаар тэр Бразил, Франц, Ливаны иргэн ажээ. Ливанд тэр мөн л хувийн секюрити хөлсөлсөн бөгөөд гадны хүмүүс, сониуч сэтгүүлчдээс түүнийг тусгаарлан хамгаалж байна.


Ниссан компани экс захирлыгаа компанийн мөнгө хөрөнгөнд гамгүй хандсан, компанийн мөнгөөр Британийн Виржин Арлууд дээр хувийн тансаг усан онгоц худалдан авсан, компанийн мөнгөөр гадаадад зугаалдаг, хувийн байрныхаа тооцоог хийлгүүлдэг, тийрэлтэт онгоцоор зугаалдаг, хамаатнууддаа өндөр төлбөр төлүүлдэг зэргээр буруутгажээ. Ниссан компани одоогоор санхүүгийн хүнд байдалд ороод байгаа бөгөөд 2019 оны санхүүгийн тайлан нь бүр хасах дүнтэй гарч, 13 мянган ажилтнаа цомхотгосон.

Карлос Госн хэмээх шүүх цагдаад шалгагдаж байсан хүн ийнхүү Японы хилээр чөлөөтэй гараад явчихсан нь Японы нэр хүнд, хууль хяналтын байгууллагын түргэн шуурхай ажиллагаа, Японы гаалийн байгууллагын нэр хүндийг шавар шавхайтай хутгасан ичгүүрт явдал болоод байна.

Холбоотой мэдээнүүд