Агуулга
Энэ дууг Монголчууд сайн мэддэггүй юм шиг байна лээ. Зарим сонссон нэг нь үүнийг Христийн шашны дуу гэж боддог боловч тийм биш. Энэ дууг саяын шинэ жилээр намайг Facebook-тээ шэйрлэхэд хүмүүс нэг ч их мэддэггүй мэт надад санагдсан. Тиймээс эртний уламжлалтай энэ дууны талаар тайлбарлан сонирхуулъя гэж шийдлээ.
Үүх түүх
1788 онд Шотландын яруу найрагч Робэрт Бөрнс “Ийм нэгэн ардын дууг нэг өвгөнөөр заалган бичиж авлаа” хэмээн Шотландын Хөгжмийн Музейд илгээсэн байдаг. Энэ дууны шүлгийг Робэрт Бөрнс өөрөө зохиогоогүй нь бусад баримтаар ч батлагддаг ба 1711 онд үүнтэй тун төстэй “Old Long Syne” хэмээх шүлгийг Жэймс Ватсон 1711 онд хэвлүүлж байв. XVI зууны яруу найрагч Робэрт Айтоны шүлгүүдэд ч мөн “Auld Lang Syne” гэсэн хэллэг гарч байжээ.

Auld Lang Syne нь “уулзалгүй их удлаа” гэх буюу “эрт урьд цагт”, “урьдын тэр цагт” гэсэн утгатай үг юм. Энэ дууны шүлэг Англи-хэлт орнуудад ихэд алдаршсан бөгөөд Шинэ он ирэн цагийн зүү 12-ыг цохих үед дуулан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг байв. Түүнээс гадна ямар нэг төгсөлт, хэн нэгнийгээ ийш тийшээ үдэж мордуулахад ч дуулдаг байжээ. Түүнээс хойш скаутын хөдөлгөөнүүд жамборее буюу уулзалт цугларалтынхаа үеэр ч энэ дууг дуулдаг болсон байв. Энэ дууг он солигдох үеэр дуулан, энэ дууныхаа аянд гараа урдуураа зөрүүлэн хоёр талынхаа хүнтэй барин бүжиглэх нь Шотланд ардын заншил болон хувирсан бөгөөд шотландчууд өөр бусад нутаг руу цагаачлан, Америк зэрэг улс орнуудад суурьшихдаа энэ заншлаа авч яван түгээжээ.
Дууны утга
Ингээд эл алдарт дууг орчин үеийн англи хэл рүү сийрүүлсэн хувилбараас нь орчуулъя:
I
Хуучин танилуудаа бид мартаж, дахин хэзээ ч дурсахгүй гэж үү?
Хуучин танилуудаа бид мартаж, auld lang syne?
Дахилт:
Урьдын цагийнхаа төлөө, хонгорхон минь,
Хуучин цагийнхаа төлөө
Сайхан сэтгэлийн хундагаа дүүргэ
Урьдын цагийнхаа төлөө (auld lang syne)
II
Чи өөрийнхөө хундагыг дүүргэ
Би өөрийнхийгөө дүүргэнэ
Тэгээд, сайхан сэтгэлийн хундагаа тогтооё!
Хуучин цагийнхаа төлөө
Дахилт
III
Чид бид хоёр, толгод дээгүүр гүйж,
Хонин нүдэн түүж байсансан
Цуцсан хөл минь чи бид хоёрыг
бүр ч алс газар хүргэжээ
Урьдын тэр цагаас хойш (auld lang syne)
Дахилт
IV
Чи бид хоёр өглөөнөөс үдэш хүртэл горхинд сэлүүрддэг байсансан
Гэвч өргөн тэнгис бид хоёрын дунд хүрхэрдэг болжээ,
Урьдын тэр цагаас хойш (аuld lang syne)
Дахилт
V
Одоо гараас минь барь, үнэнч нөхөр минь
Гараа ч бас надад өг
Тэгээд хоёулаа урьдын сайхан цагийн төлөө
Сайхан сэтгэлийн хундагаа өргөе!
Auld lang syne.
Дахилт
Аялгуу
Анхандаа “Auld Lang Syne” дуу Шотландын ардын дууны пентатоник өнгийг баримтлан, арай хурдан хэмнэлттэй тоглогддог байсан бололтой. Английн хөгжмийн зохиолч Виллиам Шилд энэ дууны аялгууд Rosina дуурийнхээ оргил хэсгийн төгсгөлд товчхон оруулсан нь энэ аялгууны хамгийн анхны хөгжмийн хэрэгсэлд бичигдсэн тохиолдол байх. 1814 онд Беетховен Шотланд Ардын дуунууд хэмээх 12 дууны аяны цоморлиг хэвлүүлсэндээ Auld Lang Syne-ыг багтаажээ. Ингэхдээ уг аяыг анхны хурдан хэмнэлтэй нь бичсэн байлаа.
Уг дууны аяыг өөр дууны аянд ашигласан тохиолдлууд ч их бий. Христийн шашныхан ч авч ашиглан, уг аянд нь өөр нэр өгөн Христийн дуунуудыг уг аянд дуулсан нь бий. Дэлхийн нэгдүгээр дайны үед Америкийн цэргүүд “We’re Here Because We’re Here” хэмээх дуугаа “Auld Lang Syne” дууны аянд ч дуулдаг байлаа. Тэгээд зогсохгүй, 1930 онд Мики Маус хүүхэлдэйн кино The Chain Gang хүүхэлдэйндээ уг дууны аяыг ашиглаж байсан юм.
Орчуулгууд
Уг дуу олон хэлнээ орчуулагдсан. Дани хэл рүү данийн яруу найрагч Жеппе Аакжаер 1927 онд орчуулсан бол Нидерланд руу уг дуу орчуулагдахдаа хөлбөмбөгийн сүлд дуу болон хувирчээ. Баруун Бенгали, Бангладеш руу ч орчуулагдан ардын дуунд нь нөлөө үзүүлсэн. Тайланд хэл рүү мөн орчуулагдсан ба тэгэхдээ Шотланд ардын өнгө аясаа гээн Тайландын хаан, хааны гэр бүл, Тайландчуудын үндэсний эв нэгдлийн тухай эх оронч дуу болон хувирчээ. Өмнөд Солонгос руу уг дуу Jakbyeol ( 작별 ) буюу (“Сайн яваарай”, “Баяртай”) гэсэн маягаар орчуулагдсан ба 1919-1945 онд Өмнөд Солонгосын эх орноосоо цөлөгдсөн Засгийн Газрын сүлд дуу нь байсан юм. Тэгээд зогсохгүй 1945-1948 оны хооронд тус улсын үндэсний сүлд дуу байжээ.
Шинэ оны мэнд!
Ингээд эл эртний түүхтэй, Шотланд ардын уламжлалаас эхтэй энэ сайхан дууг шинэ жилийн өнгө аястай дуулсан Род Стюартын хувилбараар бүгдээрээ сонирхъё.