Сонин хачин 2019 оны 12 сарын 24

Дензел Вашингтон: Унасан ч урагшаа уна

Нийтэлсэн: Admin

Амьдралд, эрсдэл хүлээгээгүй ямар ч зүйл шал дэмий зүйл байдаг гэдгийг би ойлгосон. Нельсон Мандела “Хүн хүрч чадах зүйлдээ хүрэхгүй байгаагаараа онгироод байх зүйл байхгүй” гэсэн юм.

Хүмүүс нөөц хувилбартай бай, бүтэлгүйтвэл ядаж түүн дээрээ буу гэж зөвлөдөг. Би харин, би унасан ч арагшаа унахгүй, урагшаа унана гэж боддог юм. Урагшаа унавал ядаж юу мөргөж унахаа би харна.

ТУУШТАЙ БАЙДАЛ маш чухал. Тууштай л байхгүй бол чи хэзээ ч дуусгаж чадахгүй. Тийм болохоор чи гагцхүү өөрийн хүсэж тэмүүлдэг тэр зүйлээ л хий. Азаа сорь. Унахаас бүү ай. Хайрцагнаас гарч сэтгэхээс бүү ай. Том бүтэлгүйтэхээс бүү ай. Том мөрөөд. Гэхдээ зорилгогүй мөрөөдөл бол зүгээр л мөрөөдөл.

Режжи Жэксон мэргэжлийн бэйсбол тоглож байх үедээ 2600 удаа страйк хэмээн хөөгдөж гарсан байдаг. Гэлээ ч тэр талаар нь чи сонсдоггүй. Харин хэдэн удаа тэр стадион давтал бөмбөг цохисон талаар нь л хүмүүс ярьдаг. Томас Эдисон гэрлийн ламп хийх гэж 1000 удаа оролдсон гэдэг. 1000 удаа бүтэлгүйтсэн. Гэсэн ч 1001 дэх дээр нь тэр чадсан. Унасан ч урагшаа уна.

Бүтэлгүйтэл бүхэн амжилтанд хүрэх урагшилсан нэг алхам байдаг. Чи амьдралдаа ялагдах болно. Бүтэлгүйтэх болно. Ямар нэг зүйлийг чи хийж чадахгүй. Энэ бол тодорхой. Энүүгээр чамайг доош нь хийж байгаа юм биш. Чи зүгээр л хүлээн зөвшөөр.

Анх жүжиглэж эхлэх үедээ би нэг удаа Бродвэй жүжгийн шалгаруулалтанд орсон юм. Дүр нь бол надад л яг таарах төгс дүр шиг санагдаж байсан. Ганц асуудал нь, би дуулж чадахгүй. Тэр дүрийг би авч чадаагүй. Тэглээ гээд би болиогүй. Буцаагүй. Дараагийн шалгаруулалтанд бүртгүүлсэн, өөр шалгаруулалтуудад орсон. Залбираад л. Бүтэлгүйтсээр л байсан. Дүр авч чадахгүй. Гэсэн ч хуучны ийм нэг үг байдаг даа. “Үсчний газраар удаан эргэлдвэл эрт орой хэзээ нэгэн цагт үнэгүй үсээ засуулна” гэж. Боломж ирдэг юм. Надад ч ирсэн.

Өнгөрсөн жил би Бродвэйн жүжигт тоглосон. Анх дүр авч чадаагүй тэр театртаа 30 жилийн дараа би тоглосон юм. Юу гэсэн үг вэ гэвэл, хүмүүст амжилтанд хүрэх ур чадвар нь ер нь бол байдаг. Харин түүнд хүрэх зуураа бүтэлгүйтэхээс айхгүй байх зориг байна уу гэдэг өөр асуудал. Бүтэлгүйтэхгүй л бол чи огт оролдох ч үгүй байна гэсэн үг.

Заримдаа хаашаа явах вэ гэдгээ мэдэх хамгийн сайн арга нь бүтэлгүйтэл байдаг. Амьдрал хэзээ ч шув шулуун зам байдаггүй. Харин ч хаашаа чиглэж байгаа нь мэдэгдэхгүй зам байдаг. Би анх оюутан болоод хичээл сонгохдоо анагаахын чиглэлийн хичээл сонгосон юм. Гэвч үзэж байсан хичээлээ ч ойлгохгүй, хичээлийнхээ нэрийг ч бараг хэлж чадахгүй байв, латин үгнүүдтэй. Хичээлээ ойлгохгүй байсан болохоор шалгалтаа ч амжилттай өгч чадаагүй нь тодорхой. Түүний дараа би хуулийн чиглэлээр сурдаг юм билүү гэж хуулийн хичээл сонгосон юм. Дараа нь сэтгүүл зүйн хичээл сонгов. Аль нэг зорьсон зүйлгүй байснаас голч дүн маань доошилж гарав. Голч дүн маань бүр 1.8 болтлоо уруудав. Их сургуулийн маань тэнхим надад, чи хэсэг чөлөө авсан нь дээр гэж тун соёлтойгоор зөвлөв.

Тэр үед би 20 настай байлаа. Сэтгэлээр унасан байв. Тэгж байтал, нэг өдөр. Тэр өдрийг би маш сайн санадаг юм. 1975 оны 3 сарын 27 байсан. Тэр өдөр би ээжийнхээ гоо сайхны салоны ажилд тусалж байсан юм. Тэнд гоо сайханд орохоор ирсэн нэг настай эмэгтэй байсан юм. Тэр намайг толинд хараад л байлаа. Эргээд харахад л харж байна. Тэгж тэгж байснаа тэр хүн надад “Хүү минь, чи нэг л өдөр дэлхийгээр тойрон аялж, сая сая хүнд үг хэлэх болно” гэж хэлсэн юм. Энэ үгийг нь би огт мартдаггүй. Үнэхээр ч түүнээс хойш би дэлхийг тойрон, олон сая хүнд үгээ хүргэсэн.

Хэзээ ч бүү бууж өг. Эрсдэл хүлээхээс бүү ай. Шинэ хүмүүстэй уулз, шинэ санааг судал. Унасан ч урагшаа уна.

Холбоотой мэдээнүүд