Сонин хачин, Технологи 2019 оны 12 сарын 23

Хамгийн эрэлттэй их сургуулийн зэргүүд (Америк -2019)

Нийтэлсэн: Admin

Мэргэжил бүхэн сайхан байж болох ч мэргэжил бүхэн адил цалин өгөхгүй гэж би хэлдэг билээ. Тиймээс амьдралын чинь зорилго юу вэ, чи маш их мөнгө өвөлчихсөн, аав ээжийнхээ бизнесийг цааш залгамжлах нэгэн үү, их сургуулийн дипломоо ханан дээрээ өлгөчихөөд амьдралдаа дахиж харах ч шаардлагагүй юу? Аль эсвэл ажил хийж байрныхаа урьдчилгааг цуглуулж, амьдралаа босгох уу? Цалин чамд чухал уу, хангалттай цалин илүүдэхгүй л биз дээ, эсвэл цалингаас цалингийн хооронд амьдарсан ч, бусдад тустай зүйл хийсэн гэдгээсээ сэтгэл ханамж авах л чамд илүү юу?

Зорилгоо тодорхойлсон бол мэргэжлээ сонгоорой. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ хэмээн би чамд 2019 оны байдлаар ямар их сургуулийн зэргүүд хамгийн эрэлттэй, цалин өндөртэй, ажлын байр их байгаа талаарх мэдээллээс хуваалцъя. Цөмийг нь яриад яахав, топ-5-ыг нь л дурдъя.


5. ИНЖЕНЕР

Эд бол шинжлэх ухаан – бодит амьдрал хоёрын хооронд зогсож буй гүүр гэсэн үг. Эрдэмтэн – гудамжинд явж буй хүн хоёрын завсрын нэгэн. Эзэмшихэд тийм амар биш. Физик хими, математикт сайн байх хэрэгтэй. Технологи өөрчлөгддөг тул өөрчлөлтөд бас бэлэн байж, өөрчлөлтийг эзэмших хэрэгтэй. Давуу тал нь: хүн бүр инженер болж чадахгүй тул мэргэжилдээ эзэн болсон хүний хувьд ажлын байр олдохгүй байна гэж байхгүй. Хэдэн жилийн ажлын туршлагатай бол тун ч удалгүй 6 оронтой цалин авах болно. (100 мянган доллараас дээш)


4. Хүний нөөцийн менежмент

Хэн ч эзэмшиж болох мэргэжил. Байгууллага бүхэнд ийм мэргэжилтнүүд хэрэгтэй. Компаниуд хэрэглэгчийг дээдлэхийн өмнө ажилтнуудаа дээдлэх хэрэгтэй гэсэн зарчим сүүлийн үед баримталж байгаа. Нөгөө талаар ажилтнуудтайгаа буруу харьцах юм бол янз бүрийн шүүхийн нэхэмжлэлээс ч салахгүй байж магадгүй тул энэ бас ээдрээтэй асуудал. Сөрөг тал нь: А. ажлын ачаалал их. Б. Бас хүн ажлаас халах хэрэг гарах байх. Заримдаа дуртай, сайн хүнээ ч халах хэрэгтэй болж магад. Хүн халах хэзээ ч амар биш. В. Байгууллага доторх зөрчилдөөнийг намжааж, зохицуулах хэрэгтэй. Эерэг тал нь: Хүмүүстэй их харилцана. Хэрэв чи экстроверт зан ааштай хүн бол энэ нь чамд илүү их таалагдаж ч магадгүй. Б. Мэдээж байгууллагын нууцтай харилцахаас гадна дарга нартайгаа ойр дотно харилцдаг нь ч нөлөөлдөг байх. Цалин өндөр. Америкт 100 мянган доллараас их цалин авдаг хүний нөөцүүд тийм ч ховор биш.


3. Бизнес маркетинг борлуулалт

Бизнесийн чиглэлээр дагнан зэрэг эзэмшсэн бол чи маш олон чиглэлээр ажиллах боломжтой. Ихэнх нь тэгээд цалин өндөр. Компаниуд бизнесийн талаар өндөр мэдлэгтэй, ур чадвартай хүмүүст мөнгө хайралдаггүй. Гэхдээ чи аль нэг чиглэлээр, бизнесийн салбараар мэргэших хэрэгтэй ч байж магад. Сөрөг тал нь: чи том корпорацид орон жижиг партишн/кюбикл дотор суун янз бүрийн форм, маягт бөглөж өдрийг өнгөрүүлж ч магад. Том компаниуд ажилтнуудаа хооронд нь өрсөлдүүлж албан тушаал дэвшүүлэх буюу ажилд авдгаараа зартай. Тийм болохоор нэлээн идэвхтэй, өрсөлдөөнч үзэл санаатай байж байж л чи энэ салбарт дээшээ гарна. Зүгээр урдахаа хийгээд л сууж байтал чинь албан тушаал дэвших тушаал ирэхгүй шүү.


2. Анагаахын чиглэлийн мэргэжлүүд

Техник технологи хөгжиж байгаа ч хүмүүс хөгширч, өвчин туссан хэвээр л байгаа тул эрүүл мэнд, анагаахын мэргэжил эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр байна. Үүний нэг жишээ нь анагаахын үйлчилгээний менежментийн мэргэжлүүд. Ийм мэргэжилтнүүд компанийн захирлуудаас дутахгүй цалин авдаг ба дутахгүй өндөр хариуцлагатай. Жилийн дундад цалин нь 110 мянган доллар. Саяхан хийгдсэн нэгэн судалгаа 2030 он гэхэд АНУ-д 42,000 – 120,000 анагаахын чиглэлийн эмч, мэргэжилтнүүд дутагдах болно гэж тооцоолсон байна. Энэ чиглэлийн мэргэжилтэн хэзээ ч ажилгүй болчих вий гэж айх хэрэггүй. АНУ-ын хаана ч очсон цалин өндөр, тав тухтай орчинд амьдрах боломжтой. АНУ-ын хаана ямар эмчийн орон тоо байгааг мэдэхийг хүсвэл ExploreHealthCareers.org сайтыг сонирхоорой. Эмч мэргэжилтнүүд эндээс ажлын байраа олж, сонгох нь элбэг.

Сөрөг тал нь: ажлын ачаалал маш их. Хүн нас барах гэж байгаа үед ажлын цаг дууслаа гэж хэлэх арга байхгүй. Шөнө дунд ч дуудагдана. Хүмүүс өвдөж ядарснаасаа болоод эмч, анагаахын салбарынханд муухай хандах нь элбэг. Зарим нь анагаахыг бизнес болон хувирч байна гэж шүүмжилж, дургүй байдаг. Үүнтэй уялдаатай хуулийн зохицуулалт заримдаа дэндүү их ч байх нь бий. Энэ мэргэжлийг сонгосны давуу тал нь: ажлын байр найдвартай. Амьдрал, ажил чинь утга учиртай. Ажлынхаа эцэст гэртээ харихдаа чи хэн нэгний амийг аварсан гэж сэтгэл хангалуун ч байж болно.


Нэг. Компьютерын шинжлэх ухаан

Компьютерын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн мэргэжилтнүүдийн гарааны цалин нь дунджаар 100 мянган доллараас эхэлж байна. Дэлхий даяар хүн төрөлхтөн яг одоо автоматжуулалт, компьютерын эринд шилжиж байна. Үүнтэй уялдаатайгаар програмчдын эрэлт хэрэгцээ дэлхий даяар асар их байна. Дараагийн 50 жилийн хугацаанд лав компьютерын програмчлалын ур чадвар асар өндөр үнэлэгдсэн хэвээр байна байх. Сан Франциско, Сиетл зэрэг том хотуудад очиж ажиллах юм бол жилийн цалин чинь элбэг 200 мянгаас 300 мянган доллар хүрэх болно. Өндөр цалин амлаад зогсохгүй мундаг ур чадвартай ажилчдыг ажилтнаа болгохын тулд компаниуд өөр хоорондоо ид үзэлцэж байна.

TechLead нэрээр YouTube-д алдаршсан компьютерын програмч

Давуу тал нь: АНУ-ын хаана ч очиж ажиллаж болно. Ажилтнуудынхаа тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд Google зэрэг том компаниуд амрах өрөө, ширээний теннис, компьютерын тоглоомтой өрөө, үнэгүй кофе, үнэгүй хоол гээд олон тав тухын зүйлс амалж байна. Ажлын орчинг чинь яг л амралтын газар байгаа мэт санагдуулам болгохыг зорьж байна. Санаанд багтамгүй. 7-10 жил гаруй ажилласан TechLead нар шиг програмчид жилд 500 мянган долларын цалин авч байгаа нь нууц биш.

Холбоотой мэдээнүүд