Сонин хачин 2019 оны 12 сарын 20

Би яагаад их сургуулиа хаясан бэ? – Стив Жобс

Нийтэлсэн: Admin

Би Рийд коллежт зургаан сар сурсныхаа дараа албан ёсоор бүртгүүлэхээ больсон. Тийм хэдий ч дахиад нэг жил хагас, төлбөрийг нь төлөөгүй хэрнээ хичээлүүдэд нь очиж сууж, хичээл сонсдог байсан юм. Би яагаад сургуулиа хаясан бэ?

Үүний шалтгаан намайг төрөхөөс ч өмнө эхэлсэн. Намайг төрүүлсэн эх маань залуухан оюутан байсан болоод ч тэр үү, намайг бусдад үрчлүүлэхээр шийдсэн аж. Гэхдээ намайг үрчилж авах хүмүүс маань их дээд сургууль төгссөн боловсролтой хүмүүс байх ёстой гэсэн шалгуур тавьсан байна. Ингээд намайг нэгэн хуульч эхнэртэйгээ үрчилж авахаар хүрч иржээ. Гэсэн ч яг бичиг баримтанд гарын үсэг зурахын өмнө тэдний сэтгэл нь хувиран, тэд хүү биш охин үрчилж авмаар байгаагаа мэдсэн аж. Үүнээс болоод, үрчлүүлж болох хүмүүсийн жагсаалтын дараах нүдэнд нь бичигдсэн хүмүүс рүү утасдсан бөгөөд тэдэн рүү шөнө дунд “Эрэгтэй хүүхэд үрчилж авах уу?” хэмээн асуухад тэд “Мэдээж тэгэлгүй яах вэ” гэж хариулсан гэдэг.

Намайг төрүүлсэн эх маань сүүлд нь намайг үрчилж авсан эх маань ердөөсөө ч их сургуульд суугаагүй болохыг олж мэджээ. Ингээд зогсохгүй намайг үрчилж авсан эцэг маань ахлах сургуулийн диплом ч үгүй хүн байсан юм. Үүнээс болоод төрүүлсэн эх маань энэ хоёр хүнд хүүхдээ үрчлүүлэхээс татгалзан, үрчлүүлэх бичигт гарын үсэг зурахгүй гэв. Үүнээс хэдэн сарын дараа, удтал гуйж гувшин, намайг заавал ч үгүй их сургуульд сургах болно гэж шинэ эцэг эх маань амалсны дараа л төрүүлсэн эх маань үрчлэлтийн бичигт гарын үсэг зуржээ. Миний амьдрал ингэж л эхэлсэн юм.

Энэ явдлаас 17 жилийн дараа би их сургуульд элссэн.

Гэсэн ч би юу ч мэдэхгүй гэнэн байсан болохоороо Станфордын их сургуулиас дутахгүй өндөр төлбөртэй их сургууль сонгочихсон байлаа. Үүнээс болоод ажилчин ангиас гаралтай эцэг эхийн маань өндөр насандаа хэрэглэхээр хураасан бараг бүх мөнгө миний сургалтын төлбөрт зарцуулагдахад хүрэв. Зургаан сар суралцсаныхаа дараа би тийм их төлбөрөөр тэгж сураад ямар хэрэг байна гэж бодсон юм. Би амьдралд юунд хүрэх гэж, юу руу тэмүүлж яваагаа ч ойлгоогүй нэгэн байсны дээр их сургууль надад яг яаж туслах гээд байгааг ч ойлгоогүй байв. Тийм хэрнээ үүний төлөө би эцэг эхийнхээ насан туршдаа цуглуулсан мөнгийг нь дэмий үрж суудаг.

Тиймээс ч би сургуулиа хаяад, эцэст нь бүх зүйл ОК болох болтугай гэж найдсан юм.

Тэр үед би дотроо айж байсан. Гэсэн ч хожим эргээд харахнээ тэр бол миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан. Сургуулиа хаясан тэр мөчөөс би заавал суух ёстой хэрнээ миний сонирхлыг татахгүй байсан хичээлүүдэд суухаа больж, оронд нь миний сонирхлыг хамаагүй илүү татсан хичээлүүдэд сууж эхэлсэн юм. Бүх зүйл дандаа тийм романтик байгаагүй. Надад их сургууль дотор өөрийн гэсэн нийтийн байрны өрөө байгаагүй тул найзуудынхаа нийтийн байрны өрөөнд, шалан дээр нь унтдаг байлаа.

Мөнгө олохын тулд Кока Коланы шилүүдийг цуглуулан 5 центээр өгч, түүгээрээ хоол авч идэж байв. Долоо хоногт ганц удаа ч болов жинхэнэ сайхан хоол идэхийн тулд Ням гаригт 10 км газар алхан Харе Кришна сүм рүү очин сүмийн хоол иддэг байлаа. Маш сайхан байсан.

Зүгээр л сонирхлоо хөөн суралцсан, судалсан зүйлс маань хожим нь үнэлж баршгүй давуу тал авчирсан.

Жишээ нь, Рийд Коллеж тэр үед таталган зургийн хичээл заадаг байсан нь АНУ даяарх магадгүй хамгийн шилдэг энэ төрлийн хичээл байсан байх. Үүнээс ч болоод их сургуулийн маань байруудын ханан дээрх плакат, постерууд гайхалтай гоёмсог, гараар бичсэн зурагт хуудас, зарлалын бичвэрүүдтэй байсан юм. Би нэгэнт сургуулиа хаячихсан, заавал суух хичээлд суулгүй дуртай хичээлдээ сууж болох байсан болохоор би яадгийн энэ таталган бичих хичээлд сууя гэж шийдсэн юм. Энэ хичээлээс би serif, sans serif фонтуудын ялгаа, үсэг хоорондын зайнуудын нөлөө гээд яавал фонтууд илүү гоё фонт болдог нууцын талаар олон зүйл мэдсэн. Үзэсгэлэнтэй, түүхэн. Урлаг л гэсэн үг. Шинжлэх ухаан ч үүнийг тийм хялбархан илэрхийлж чадахгүй. Тиймд нь ч үүнд би дурласан юм.

Гэхдээ ийнхүү сурсан зүйлс минь миний амьдралд, практикт ямар нэг хэрэг болно гэсэн ямар ч зорилго, төлөвлөгөө тэр үед байгаагүй. Гэвч тэр хичээлээс 10 жилийн дараа, бид анхныхаа Макинтош компьютерыг бүтээж байх үед тэр хичээлийн маань үзэл санаа цөм бодолд минь дурайтал буусан юм. Тэр үзэл санааг бид Макинтошынхоо загвар, дизайнд шингээсэн. Мак маань хамгийн анхны гоёмсог үсгийн фонттой компьютер болсон. Хэрвээ би их сургуульд байхдаа тэрхүү таталган бичлэгийн хичээлд огт суугаагүй байсан бол Мак компьютер ердөөсөө ч тийм гоёмсог олон янзын үсгийн фонтуудтай болохгүй байсан.

Амьдралын энэ олон цэгүүдийг хооронд нь холбох амархан биш. Их сургуульд байхдаа лав би ирээдүйд ийм тийм юм хийх болохоор гэж төлөвлөж тэрхүү хичээлд суугаагүй.

Гэвч 10 жилийн хойно эргэн харахад тэр бүхэн холбоотой, утга учиртай байсан нь харагддаг. Хүн ямар нэг зүйлд итгэх ёстой. Дотоод тэмүүлэл, амьдрал, үйлийн үр гээд юу ч байж болно. Тийм болохоор чи олны явдаг дардан замаас гаран өөр замаар явж болох бөгөөд магадгүй тэгж явсан чинь ч хамгийн гол үр нөлөөг авчирч ч магадгүй.

Холбоотой мэдээнүүд