Хар өнгийн доберман нохойгоо дагуулан цасан дундуур алхдаг дуугаараа бидний танил болсон Глюкоза хэмээх тайзны нэр бүхий Оросын дуучин бүсгүйн жинхэнэ нэр нь Наталья Ильинична билээ.
Тэр 1986 оны 6 сарын 7-нд ЗХУ-ын нийслэл Москва хотод төржээ. “Невеста”, “Ненавижу” дуунууд нь Оросоос гадна Украйн зэрэг улсын хит-парадад дээгүүр байр эзлэн олон улсын хит болж байсан юм.
Наташа охин 7 настайдаа хөгжмийн сургуульд орсон ч тус сургуулиа жилийн дараа хаяжээ. Хүүхэд ахуй цагтаа олон янзын дугуйланд явж байсны дотор шатар, балетын дугуйлан ч багтаж байлаа. Москвагийн №308-р дунд сургуульд 9-р анги хүртлээ суралцжээ.

11 настайдаа Наташа Оросын 1 дүгээр сувгийн “Ералаш” хүүхдийн хошин нэвтрүүлэгт оролцжээ. Дараа нь 1999 онд “Война принцессы” хэмээх кинонд гол дүр гүнжийн дүрд тоглосон байна.
2001 оноос Москвагийн оройн №17 дугаар сургуульд яван 10-11 дүгээр ангиа төгсчээ.
2003 оны 7 сард “Глюк’оZa Nostra” хэмээх анхныхаа цомгийг гаргав. Тус цомог нь хэд хэдэн орны хит парадад дээгүүр байр эзлэв. Түүний дараа 2005 онд “Москва” хэмээх удаах цомгоо гаргажээ.
Түүнээс хойш Транс-Форма хэмээх цомог 2011 онд гаргаснаас гадна өөр олон клип, сингл гаргаж, цөөнгүй кинонд тоглосон байна. Бүтээл нь хэдэн ч удаа Оросын “Оны дуугаар” шалгарчээ. 2012 онд Оросын телевизийн “Одуудтай бүжиглэцгээе” тэмцээний ялагч болж байв.