Энэ таамаг сониуч хүмүүсийн сэрдлэг, таамгаас хэдийн халин гарсан ба эрдэмтэд, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд энэ талаар хэдийн нухацтай судалгаа эхлүүлчихсэн явж байгаа ч олсон баримт, дүгнэлтүүдээ олон нийтээс асар нууцалж байна. Магадгүй олон нийтийг шоконд оруулах, цочролд оруулах зүйлс тэд олж мэдсэн юм биш байгаа?
Энэ тал дээр Дрэйкийн тэгшитгэл хэмээх алдартай дүгнэлт бий. Америкийн сансар судлаач, сансрын физикч Фрэнк Доналд Дрэйк 1930 онд төрсөн бөгөөд Харь гаригийн Оюун Ухаант биетийг хайх НАСА-гийн төслийг анх үндэслэсэн хүн. 961 онд тэр харь гаригийн соёл иргэншлүүдийн тоог гаргах нэгэн томъёо боловсруулсан нь өөрийнх нь нэрээр алдаршсан юм. Тэр томъёо нь товчхондоо:

Н = О * Го * Аг * Ас*- Аб * Тс * Цх
- Н гэдэг нь илэрч болох нийт Оюун ухаант соёл иргэншлүүдийн тоо
- О – Манай галактик дахь нийт оддын бөөгнөрөлийн тоо
- Го – гаригуудтай оддын хувь хэмжээ
- Аг – амьдрал үүсч болох гаригуудын хувь хэмжээ
- Ас – хэзээ нэгэн цагт амьдрал үүсч байсан гаригуудын хувь хэмжээ
- Аб – хэзээ нэгэн цагт амьдрал үүсч болох гаригуудын хувь хэмжээ
- Тс – соёл иргэншил байгаагаа сансар огторгуйд цацаж дамжуулаж, мэдэгдэж чадах соёл иргэншлүүдийн хувь хэмжээ
- Цх – оршин байгаагаа сансар огторгуйд цацаж болох хугацаа
Энэ томъёог боловсруулснаас хоёр сарын дараа Харвардын их сургуулийн эрдэмтэн Харлоу Шэйпли манай орчлонд байж болох нийт оюун ухаант амьдрал бүхий гаригуудын талаар дараах тооцоолол хийсэн юм.
“Орчлонд 10 саяын саяын сая нар бий. (10-ын ард 18 тэгтэй) Эдгээрээс саяд нэг нь өөрийг нь тойрсон гаригуудтай. Тэр гаригуудаас сая гаригийн дунд ганцад нь л бидний мэдэх амьдралыг тэтгэж болох тийм химийн найрлага, температур, ус, өдөр, шөнө бий. Энэ тооцоогоор үзвэл манай орчлонгийн 100 сая гариг дээр оюун ухаан, соёл иргэншил үүсэх ёстой.”
Тооцоолол дээрээ үндэслэн Дрэйк харь гаригийн соёл иргэншлүүдийн үүсгэсэн радио долгионууд дэлхий дээр ирэхдээ 21 см-ийн урттай буюу түүнээс урт хуваарийн долгионууд байх ёстой гэж тооцсон бөгөөд Баруун Виржиниагийн Үндэсний Радио Астрономийн Обзерваторыг ашиглан дэлхийд ойролцоо орших Нартай төстэй бүтэцтэй Epsilon Eridani, Tau Ceti хэмээх хоёр нарны системийг ажиглаж эхэлжээ. Шинжилгээ судалгаа ямар ч харь гаригийн амьдрал илрүүлсэнгүй. Үүний дараа 1961 ондоо, Харь Гаригийг Хайх Нь сэдвээр бага хурал зохион байгуулсан бөгөөд тэр үеэрээ өөрийн тэгшитгэлийг нийтэд танилцуулжээ. Бага хуралд Карл Саган зэрэг нэртэй сансар судлаачид оролцсон юм. Дрэйкийн тэгшитгэл тийм ч баталгаатай биш хэдий ч асуудалд шинжлэх ухаанч үүднээс хандсанаараа ач холбогдолтой.
2013 онд сансар судлаачид Кэплер сансрын хөлгийн ирүүлсэн дата, өгөгдлүүд дээр үндэслэн Тэнгэрийн Заадас Галактик дотор нар шиг буюу одой улаан оддыг тойрсон дэлхийтэй ойролцоо хэмжээтэй 40 тэрбум орчим гариг байна гэж тооцоолсон юм. Эдгээрээс 11 тэрбум нь Нартай төстэй оддыг тойрч байгаа аж. Мэдээж эцсийн хариу гараагүй байгаа ба эрдэмтэд харь гаригийн талаар янз бүрийн онол, таамаг дэвшүүлсээр байна.
Микробиологичид
Зарим микробиологичид дэлхий дээрх амьдрал харь гаригийн эс агуулсан солир дэлхий дээр унасны дараа дэлхий дээр амьдрал үүссэн байж болох юм гэсэн онол дэвшүүлээд байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгааны ажил хийж байна. Тэгвэл АНУ-ын микробиологичид үүнээс ч өөр чиглэл баримтлан, дэлхий дээр нийтлэг тохиолддоггүй, “харь гаригийн гарал үүсэлтэй” байж болзошгүй микробуудыг хайх судалгаа шинжилгээ эхлүүлээд байна.
Цэргийн нисгэгчид
Нисдэг таваг харсан гэх хүмүүс 1940-50-иад оноос бий болсон ч анхандаа эднийг хий юм харсан хүмүүс, дэмий солиотой, худалч хүмүүс гэж үздэг байв. Гэвч бүгдийг нь тэгэх аргагүй. Харин сүүлийн үед ер бусын нисдэг биеттэй тааралдлаа гэж рапорт ирүүлсэн цэргийн нисгэгчдийн тоо АНУ-д эрс нэмэгдээд байна. Сөнөөгч онгоцны хурд, радар илүү сайжран, 4-р үеийн сөнөөгч онгоцууд алба хааж эхэлснээс хойш цэргийн нисгэгчдийн ийм рапортууд эрс нэмэгдсэн ба зарим радарын бичлэгүүд хэдийн интернетэд тавигдаад эхэлжээ.
Нисгэгчдийн ярьж байгаагаар, ямар ч байсан хүний хийсэн байх аргагүй, аль эсвэл ямар нэг нууц төслийн л хийсэн байж болох маш өндөр хурдтай, хүн жолоодсон байх аргагүй, хүний бие махбодын хязгаараас давсан маневруудыг үзүүлсэн нисдэг биетүүд үүрэг гүйцэтгэж явсан нисгэгчдийн радарт удаа дараа харагдсан байна.
Үүнээс болоод АНУ-ын Конгресс 2019 оны 7 сард Үл Танигдах Нисдэг Биетүүдийн талаар хаалттай хуралдаан хийсэн бөгөөд эдгээр биет “тодорхойгүй” аюул занал учруулж байгаа талаар АНУ-ын Тэнгисийн хүчин тайлан мэдээлэл хийжээ.

Пол Хэллиер (Paul Hellyer)
Харь гаригийнхан дэлхий дээр оршиж байна, тэгээд зогсохгүй хүн төрөлхтний дунд амьдарч байна хэмээн мэтгэж байгаа өөр нэг хүн бол ямар нэг эрдэмтэн биш харин Канадын Батлан Хамгаалах Яамны сайд асан Пол Хэллиер.

Хэллиер 1968 онд Канадын батлан хамгаалахын сайд болсон ба 1988 он хүртэл Канадын улс төрийн томоохон албан тушаалуудыг хашчээ.
2005 онд тэрбээр ҮТНБ-үүд дэлхий дээр удаа дараа ирсэн гэсэн мэдэгдэл хийн олныг гайхуулсан бөгөөд 2007 онд энэ талаар дэлхийн засгийн газрууд мэдэж байгаа ч нийтэд зарлаж мэдэгдэхгүй байна, хүмүүс үнэнийг мэдэх ёстой, үнийг хэл гэж шаардсан. 2014 онд RT сувагт ярилцлага өгөх үедээ тэр “Дор хаяж дөрвөн төрлийн харь гаригийн төрөл зүйлс дэлхий дээр олон мянган жиийн турш ирж байна” хэмээн ярьжээ. Түүний өгсөн өөр нэг сонирхолтой ярилцлагыг эндээс үзэж болно.
Энэ сэдэв асар өргөн цар хүрээтэй тул дараа дараагийн нийтлэлээрээ тухай бүрийнх нь тухай тодруулж сонирхоцгооё.