Агуулга
Элон Маск 1971 оны 6 сарын 28-нд Өмнөд Африкийн Трансваалд төржээ. Эцэг нь цахилгаан механикийн инженер, нисгэгч, далайчин. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Эцгийн талынх нь англи гаралтай, эхийнх нь талынхан Канад гаралтай хүмүүс. Багад нь эцэг эх хоёр нь салсны дараа Маск ахлах сургуулиа төгстлөө аавтайгаа амьдарчээ.
Маск багаасаа ном унших дуртай байсан бөгөөд 10 настайдаа Commodore VIC-20 компьютер дээр програм бичиж эхэлсэн байна. 12 настайдаа BASIC хэл дээр бичсэн компьютерын програмаа PC and Office Technology сэтгүүлд 500 доллараар заржээ. Багадаа Айзаак Азимовын Foundation цувралыг их уншдаг байсан бөгөөд эдгээр цувралаас тэр “хүн төрөлхтний соёл иргэншлийг аврахгүй бол эцэстээ мөхөх болно” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Хүүхэд байхдаа бусдад их дээрэлхүүлдэг байсан бөгөөд нэг удаа танхай хүүхдүүд түүнийг шатан дээрээс түлхэж унаган, унасных нь дараа толгой дээр нь дэвсэн ухаан алдуулж байв. Үүнээс болж хамар нь муруйн эмчилгээ хийлгүүлсэн ажээ.
Ахлах сургуулиа төгссөнийх нь дараа аав нь түүнийг Өмнөд Африкийн Преториагийн их сургуульд суу гэсэн боловч Маскийн дуртай бүхэн “АНУ-д байснаас” Маск 18 нас хүрэхийнхээ дөнгөж өмнөхөн Канадад ирэн, ээж нь Канадын иргэн байсан тул Канадын иргэн болон, Канадын пасспорт авчээ.
Пеннсилванийн их сургуульд бизнесийн чиглэлээр сурсныхаа дараа физикийн чиглэлээр баккалаврын зэрэг дахин хүртэв. Дараа нь Калифорнийн Станфордын их сургуульд энергийн физикийн чиглэлээр докторантурт суухаар явав. Гэвч энэ цаг үе интернетийн жинхэнэ оргил халуурлын үе байсан тул, Станфордын их сургуульд ердөө хоёрхон хоног суусныхаа дараа тэр тус сургуулийг орхин Zip2 Corporation хэмээх компаниа байгуулан сургуулиа хаяв.
Бизнесийн замнал
Zip2
1995 онд Маск дүү Кимбалынхаа хамт цөөн тооны анжел хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгон Zip2 хэмээх компаниа байгуулав. Энэ компани нь сэтгүүл, сонины газруудад хотын танилцуулга нийлүүлж эхлэв. Удалгүй тэр Нью-Йорк Таймс, Чикаго Трибюн сонинуудтай гэрээ байгуулан ажиллаж эхлэв. Өөрийгөө компанийнхаа СЕО болгох санал дэвшүүлсэн боловч хөрөнгө оруулагчдын хэн нь ч дэмжсэнгүй. Байфгуулснаас нь 4 жилийн дараа, 1999 оны хоёр сард тус компанийг компьютерын Compaq компани 307 сая долларын бэлэн мөнгөөр худалдан авав. Тус компанид 7% эзэмшдэг байсан тул Элон Маск энэ наймаанаас 22 сая долларын ашиг хүртэв.
X.com болон PayPal

Өмнөх компаниа зарснаас сарын дараа буюу 1999 оны 3 сард Маск 10 сая доллараар X.com хэмээх онлайн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани байгуулав. Үүнээс жилийн дараа компаниа Confinity хэмээх мөнгө шилжүүлгийн үйлчилгээний компанитай нэгтгэснээр PayPal компани төрөв. Эд вирусын маркетинг буюу тахал маркетинг ашиглан өөрсдийгөө сурталчилж эхлэв. Дотоод зөрчлөөс болж Маск тус компанийн СЕО-гийн албан тушаалаас буув. Буугаад удаа ч үгүй байтал нь тус компанийг eBay компани 1.5 тэрбум долларын хувьцаагаар худалдан авав. Энэ наймаанаас Маск 165 сая долларын ашиг хүртэв. 2017 оны 7 сард Маск X.com домэйноо тодорхой бус үнээр PayPal-аас худалдан авсан бөгөөд энэ домэйн хаяг сэтгэлд нь дотно санагддаг болохоор тэгсэн юм гэж тайлбарлажээ.
SpaceX
2001 онд Маск Марс (Ангараг) гариг дээр ногоон хүлэмжин дотор ногоо тарьж ургуулах төсөл санаачлан Москва орж Днепр Тив алгасах баллистик пуужин худалдан авахаар ярилцав. Гэлээ ч Оросын компаниуд Маскийг шинэков, жаахан залуу гэж үзсэн болохоор яриа хэлэлцээр тийм ч ажил хэрэгч болоогүй тул Маск буцаад АНУ-д гар хоосон ирэв. Түүний дараа 2002 онд дахин Москвад ирж Оросын Космотрас компанийнхантай уулзахад өнөөдүүл нь нэг пуужинг 8 сая доллараар л өгнө гээж буулт хийгээгүй тул Маск хурлыг хаяж гарсан ажээ.
Москвагаас буцаад АНУ руу нисэж явах зуураа Маск заавал ч үгүй Оросоос пуужин худалдаж авах гээд байх шаардлагагүй, өөрөө пуужин хийчихэж чадах юм биш үү гэсэн бодол төрсөн байна. Түүний дараа Tesla, SpaceX компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг Стив Журвестоны хамт пуужин бүтээхэд шаардлагатай түүхий эдийн тооцоо хийгээд, пуужинг бүтээхэд ердөө худалдан авах үнийн дүнгийн 3%-ийн зардал л хангалттай юм биш үү гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Үйлдвэрлэлийн vertical integration буюу түүхий эдээ хүртэл өөрөө үйлдвэрлэж нийлүүлэх аргачлал ашиглах юм бол нийт зардлаа 30%-ийн дотор барин, 70%-ийн цэвэр ашигтай ажиллаж болох онолын тооцоо ч хийгдэв. Ийнхүү хүн төрөлхтнийг сансар хооронд нисэх боломжтой болгох SpaceX төсөл эхэллээ.
Өмнө нь олсон орлогуудаасаа 100 сая долларыг үүнд зориулахаар шийдвэрлэснээр Маск Space Exploration Technologies буюу SpaceX хэмээх компаниа 2002 оны 5 сард байгууллаа. Маск өөрөө СЕО болон технологийн тэргүүн захирал буюу СТО боллоо. Эхлээд Falcon 1, Falcon 9 пуужингуудаа бүтээв. Түүнээс хойш долоон жилийн дотор үй олон янзын бусад пуужингуудыг ч бүтээв.
2006 онд тус компанитай NASA гэрээ байгуулсан бөгөөд дараа нь Маскийн сансрын пуужингуудаар сансар луу ачаа тээвэрлүүлэх 1.6 тэрбум долларын гэрээ байгуулав.
2008 оны 9 сарын 1 -нд хөөргөсөн Falcon 1 пуужин нь хувийн компанийн санхүүжилтээр бүтээгдэн дэлхийн тойрог замд байршсан анхны хувийн хиймэл дагуул болсон юм. 2012 оны 5 сарын 25-нд тус компанийн SpaceX Dragon пуужин сансрын тойрог зам дахь Оросын Олон Улсын Сансрын Станцтай залгагдсанаар ингэж залгагдсан анхны хувийн сансрын хөлөг болов.

Бусад сансрын пуужин бүтээдэг байгууллагуудаас ялгаатай нь Маск сансрын аялал эдийн засгийн хувьд ашигтай, хэмнэлттэй байхын тулд хамгийн гол нь тээвэрлэгч пуужингаа олон дахин ашигладаг байх ёстой гэдгийг ойлгосон юм. Ийнхүү туршилт хийсээр 2015 оны 12 сарын 22-нд SpaceX компани Falcon пуужингаа гарааны тавцан дээр эргүүлэн амжилттай газардуулж чадав. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд анх удаа ингэж чадсан явдал байсан бөгөөд энэ түүхэн үйл явдал сансрын аяллыг илүү бодитой, боломжтой болгож, зардлыг хамаагүй бууруулах боломж байгааг харуулсан.
2018 оны 2 сарын 6-нд SpaceX компани Falcon Heavy хэмээх хүнд даацын пуужингаа амжилттай хөөргөсөн. Тус компани дэлхийн хамгийн том пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэгч хувийн компани болсон. Энэ бүх амжилт, тэмүүлэлд нь Айзаак Азимовын “Foundation” цуврал маш их нөлөөлсөн гэдэг. Энэ талаар Маск:
Солир юм уу супер галт уул хүн төрөлхтнийг устгачих боломжтой. Дээр нь бид динозавруудад хэзээ ч заналхийлж байгаагүй тийм аюулуудтай ч учирдаг болоод байна. Бид санамсаргүй байдлаар аюултай вирус бүтээх юм уу бичил хар нүх үүсгэж, дэлхийн дулаарал, аль эсвэл одоо мэдэгдээгүй байгаа тийм технологийн аюул заналуудыг ч бий болгож магадгүй. Хүн төрөлхтөн олон сая жилийн турш хувьсан хөгжсөн боловч өнгөрсөн жаран жилийн дотор л бүх хүнийг устгаж дийлэх зэвсэг бүтээгээд байна. Энэ цэнхэр гаригийг бид эрт орой хэзээ нэгэн цагт орхин явахаас зайлшгүй. Тэгж чадахгүй бол хүн төрөлхтөн бид мөхөж сөнөх болно.
Tesla
2003 оны 7 сард Tesla компани байгуулагдсан юм. Маск 2004 оны 2 сард тус компанийн удирдах зөвлөлийн дарга болсон бөгөөд компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн.
2008 онд Тесла компани анхынхаа цахилгаан спорт машин Tesla Roadster-ыг худалдаанд гарган 31 улсад 2500 машин нийлүүлэв. 2012 онд дөрвөн хаалгатай Model S-ээ худалдаанд гаргав. Дараа нь 2015 онд Model X худалдаанд гарав. Ийнхүү автомашин бүтээн зарахын хамт Тесла компани Daimler компани болон Toyota компанид цахилгаан хөдөлгүүрийн эд ангиуд нийлүүлж эхлэв.

2016 онд Маск Tesla.com домэйн нэрийг Stu Grossman-аас худалдан аван уг домэйн дээр компанийнхаа вэбсайтыг байрлуулж эхлэв.
2018 онд тэр Твиттер жиргээнд хөрөнгө оруулалтын талаар жиргэснээсээ болж АНУ-ын Хувьцаа, Хөрөнгө Оруулалтын комисст дуудагдав. Эцэст нь Маск 20 сая долларын торгууль төлсөн ч, сүүлд ярилцлага өгөхдөө Маск тус байгууллагыг ямар ч хэрэггүй байгууллага хэмээн нэрлэсэн юм.
2019 онд Маск Хятадын Шанхай хотод “Гигафактор 3” үйлдвэрээ байгуулав. Тус компани эхний үед жилд 250 000 цахилгаан машины баттерей/аккумлятор үйлдвэрлэх ажээ.
SolarCity (Нарны Хот)
2006 онд хамаатан Линдон, Петер Райв нарынх нь байгуулсан SolarCity компанийг Маск санхүүгээр ивээн тэтгэсэн бөгөөд 2016 онд эдгээр компанийг Тесла компанидаа нэгтгэхээр худалдан авчээ. Дэлхийн дулааралтай бизнесийн замаар тэмцэх зорилготой тус компани автомашины дээвэр дээр нарны зай хураагуур байрлуулах төсөлхэрэгжүүлдэг юм.
Эдгээрээс гадна Маск Gigafactory, The Boring Company, Neuralink, OpenAI, Hyperloop зэрэг төслүүд хэрэгжүүлж байна.
Бусад баримтууд
- 2006 онд АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Агаар мандал Сансар судлалын Инженерингийн зөвлөлийн гишүүн болов
- 2007 онд оны шилдэг бизнес эрхлэгчээр шалгарав
- Esquire сэтгүүл түүнийг 21 дүгээр зууны хамгийн нөлөөтэй 75 хүний нэгээр шалгаруулав.
- 2012 онд Английн Вангийн нийгэмлэгийн алтан медаль хүртэв.
- 2017 онд Ослогийн Энхийн төлөө Бизнес шагнал хүртэв.
- Маск хэдэн удаа гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй.