Сурв: Баячууд чамд үнэхээр үүнийг битгий ядууст хэлээрэй гэж хэлсэн гэж үү?
Роберт: (“Баян аав, Ядуу аав” номын зохиолч) Тийм ээ, битгий хэлээрэй, ядуус ядуу хэвээрээ л байж байг гэж хэлсэн юм.
Роберт: Аав маань боловсролын тал дээр мундаг хүн. Сурган хүмүүжүүлэх чиглэлээр докторын зэрэгтэй. Тийм болохоор би ааваасаа, “Бид нарт яагаад сургууль дээр мөнгөний тухай заадаггүй юм бэ?” гэж асуусан юм. Тэгсэн аав маань над руу гайхан харснаа “Төр засаг энэ талаар заахыг хориглодог юм” гэв. Төр багш нарт юу заахыг нь заадгаас гадна юу хүүхдүүдэд зааж болохгүйг хэлдэг ажээ. “Хачин юм даа” гээд би тэр үед бодож билээ. Тэгээд “Бид нар тэгээд сургуульд мөнгөний талаар сурахгүй юм уу?” гэж асуусанд аав “Үгүй” гэж хариулсан юм. “Сурагчдын зорилго бол төгсөөд ажилд орох зорилго.” Би “Мөнгө олохын тулд ажилд орж байгаа биз дээ?” Аав “Үгүй. Та нар зүгээр л ажилд орж ажилчин болох ёстой. Мөнгө бол та нарын зорилго биш” гэв. Би “Хүн ажил хийгээд мөнгө олох ёстой биз дээ?” Аав “Тийм”. Би “Тэгвэл яагаад мөнгөний тухай заадаггүй юм бэ? Мөнгөтэй болчихвол би заавал ажилчин болох албагүй биз дээ”. Ингэж хэлсэн чинь аав уурлаад, “Тэгж л их мөнгөний талаар мэдмээр байвал найзынхаа ааваас энэ талаар асуухгүй юу!” гэсэн юм.
Би “Яагаад би Майкийн ааваас энэ талаар асуух ёстой юм бэ?” Аав “Яагаад гэвэл Майкийн аав хувиараа бизнес эрхлэгч”. Би “Та тэгвэл хэн юм бэ?” Аав “Би бол ажилтан. Би бол төрийн албан хаагч”. Би гайхан, “Ямар ялгаатай юм бэ?” Аав “Бизнес эрхлэгч мөнгөний тухай сайн мэдэх ёстой байдаг юм. Үгүй бол бизнес эрхлэгч байж чадахаа больдог. Харин ажилтан/ажилчин хүн мөнгөний талаар бодож толгойгоо гашилгах хэрэггүй байдаг юм. Төр засаг юм уу компани нь энэ асуудлыг хариуцдаг.” Би хүүхэд байсан болохоор их гайхсан хэдий ч аавынхаа зөвлөгөөг даган найз Майкынхаа ааваас надад мөнгөний талаар заагаач гэж гуйсан юм. Анхандаа зөвшөөрөөгүй ч, олон удаа шалж шалгаасны эцэст надад зөвшөөрсөн. Тэр үед би 9 настай байлаа. Ингэж л “Баян аав, Ядуу аав” зохиолын маань бодит амьдрал дээрх эхлэл тавигдсан юм.
Баян аав маань надад гэхдээ нэг болзол тавьсан. Тэр нь “Тэр надад хэзээ ч мөнгө төлөхгүй, мөнгө өгөхгүй” гэсэн болзол. Шалтгааныг нь тэр “Би чамд мөнгө өгсөн мөчөөс эхлэн чи өөрийгөө бизнес эрхлэгч биш харин ажилчин гэж бодож эхлэх болно. Энэ л чиний зайлсхийх ёстой сэтгэлгээний занга. Бизнес эрхлэгчид үнэ төлбөргүй ажилладаг” гэв. 9 настай миний толгой бүр эргэв. Баян аав “Чи хэзээ ч цалингийн төлөө ажиллаж болохгүй. Ойлгож ав хүү минь” гэсэн юм. Би “За ойлголоо” гэсэн юм.
“Би тэгвэл яаж мөнгө олох юм бэ?” Энийг л бизнес эрхлэгчид бодож олдог юм. Ийнхүү би бодит амьдрал дээрх Монополь тоглоом тоглож эхэлсэн юм. Эхэндээ би тамхины иш хаях зэрэг ойр зуурын ажил хийдэг байв. Тэгж байгаад баян аав зочид буудал, ресторантай болсных нь дараа би өрөөнүүдийг цэвэрлэж, аяга таваг угаах, ширээнд хоол зөөх ажлуудыг хийв. Арай том болсныхоо дараа оффисын ажилд оролцон, маркетингийн, нягтлан бодох бүртгэлийн ажил хийж эхлэв. Нэг ёсондоо дагалдан шиг л байлаа.

Гэхдээ энэ бүх хугацаанд би үнэгүй ажилласан юм. Мөнгөний талаар заахдаа тэр надад Монополь тоглоом тоглож тайлбарладаг байв. Анхандаа би сонирхож байсан ч сүүлдээ учрыг нь ололгүй, уйдаж, цухалдаж эхлэв. “Та надад мөнгөний талаар заана гэчихээд тоглоом л тоглуулаад байх юм”.
“Энийг чи тоглоом гэж бодож байна уу?” “Мэдэхгүй.” “Би чамд мөнгөний тухай зааж байна. Мөнгөний тухай хамгийн гол нэг зүйл бол Монополийг амьдрал дээр тоглох чадвар.” “Тэгээд л болоо юм уу?” “Тийм”.
19 настайдаа би Нью-Йоркт оюутан болж суралцаад, сургуулиа төгсөөд Хавайд буцаж ирэхэд баян аав маань Хавайд асар том газар худалдаад авчихсан, тэндээ тансаг зочид буудлууд бариулчихсан байж байлаа. Яг л өнөөх Монополь тоглоом дээрээ надтай тоглодог байсан шигээрээ. Цөмийг нь нэг зэрэг босгоогүй. Энд ч нэг дэлгүүр худалдаж авч, тэнд ч нэг жижиг цайны газар худалдаж авч байгаад. Тэгээд цаг нь ирмэгц нь тэд нарыгаа нийлүүлэн мундаг том газар, зочид буудлын сүлжээ босгосон байв. Өнөөх жижиг дэлгүүр, цайны газруудынхаа газрыг тэр нийтэд нь 800 сая доллараар зарсан байлаа.
Ингэж л би мөнгөний талаар сурсан юм. Би амьдралдаа янз бүрийн мөнгөний хүндрэлд орж байсан, мөнгөнөөс болоод хүн нуруу руу минь хутгалж байсан. Гэхдээ л би тэдгээр зүйлсээс сургамж авч суралцсан. Амьдралдаа алдаа гаргадаггүй хүмүүс ердөөсөө ч сурдаггүй. Онц авахын тулд сургуульдаа л байгаад байгаа юм шиг байдаг. Дээшээ оргил байдгийн адил доошоо хавцал байдаг. Хүмүүс дандаа л зөв байхыг тэмүүлдэг. Өөдрөг байх гэдэг. Гэвч бодит амьдрал тийм биш.
Би ядуу байсан. Гэхдээ бусад хүмүүсийн хэмжүүрээр бол тийм биш шүү дээ. Гэхдээ гарал үүслийн хувьд бол би ядуу сэтгэлгээтэй гэр бүлээс гаралтай хүн. Ойлгож байна уу. Ядуу, баян, нийгмийн дундаж давхарга гэсэн энэ бүх зүйл чинь сэтгэлгээнээс үүдэлтэй байдаг юм. Ядуурал хойшоо үе залгамжлагддаг. Гэр бүл нь үр хүүхдүүддээ ядуу байхыг заадаг. Дундаж давхарга ч бас адилхан. Дундаж давхаргынхан үр хүүхэддээ хэрхэн дундаж давхарга байхыг заадаг. Өнөөдөр мөнгө их олж байгаа ч гэсэн сэтгэл нэг л дундуур, санаа зовниж байгаа хүмүүс байж болно. Яагаад ингэж сэтгэл дундуур байгаад байгаа юм бэ гэвэл, цаад шалтгаан нь, ийм байхыг багад нь гэр бүл нь тэдэнд заасных.
Бүр багаас нь л хүмүүс хүүхэддээ “Шургуу хичээллэ, биеэ дайчил, сургуульд сур, их сургуульд сурч мэргэжил эзэмш, тэгээд нэг ажил олж хий, мөнгө ол” гэж зааж, бүр сэтгэлд нь хоногшуулдаг. Эсвэл “баян хүмүүс муу хүмүүс, муухай хүмүүс” ч гэж хүүхдүүддээ ойлгуулдаг. Дээр нь, манай боловсролын систем хүүхдүүдэд хэзээ ч мөнгөний утга учрыг заахгүй. Заадаг ч үгүй байсан, цаашид ч заахгүй.

Сургууль чамд хэрхэн ажилчин байхыг л заана. Мэдээж энэ чухал зүйл. Сургууль чамд хэрхэн эмч, багш, хуульч байхыг заана. Гэхдээ хэзээ ч мөнгө, ашиг олохыг чамд заахгүй. Тиймээс ихэнх хүн бизнесийн мэдлэггүй болж байгаа юм. Үүнээс болоод хүмүүс өр зээл, татвар, нягтлан бодох бүртгэлийн талаар бараг ямар ч ойлголтгүй насанд хүрч байна. Тэгтэл хүн энэ талаар мэдэх ёстой шүү дээ. Гэсэн ч сургууль үүнийг заадаггүй.
Баян аав маань яаж энэ талаар суралцсан юм бэ гэж үү? Баян аавын маань эцэг нь бизнес эрхлэгч байж байгаад, хүүгээ 13 настай байхад нь нас баржээ. Үүнээс болоод баян аав маань 13 настайгаасаа гэр бүлийнхээ бизнест оролцохоос аргагүй болсон юм. Тэгээд баян аав маань 13 настайдаа сургуулиа хаясан (энэ нь гэхдээ сайн зүйл болсон юм шүү). Заримдаа хүндрэл бэрхшээл шиг харагдаж байгаа зүйл сайн зүйл болон хувирах нь байдаг. Тэгээд яасан бэ гэвэл эцэстээ өнөөх дунд сургуульд өөрт нь хичээл заадаг байсан багш нар нь манай баян аавын нягтлан, менежер, ажилчид нь болон хувирсан. Баян аавын жинхэнэ багш нь амьдрал, бизнес байсан ба үүнтэй харьцуулахад сургууль дээрх багш нар бол хуурамч, худлаа багш нар. Сургууль дээрх багш нар ер нь ихэнхдээ хуурамч багш нар байдаг. Заадаг зүйлсээ өөрсдөө амьдрал дээр хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс байдаг.
Их сургуулийн гуравдугаар курст байхдаа би “материалын шинж чанар” гэдэг хичээл үздэг байв. Тоо их боддог. Багшаасаа би “Энийг тэгээд би бодит амьдрал дээр хэрэглэх үү” гэсэн чинь багш “Үгүй” гэсэн юм. “Тэгээд та яагаад надад энийг зааж байгаа юм бэ?” “Цалин авахын тулд”. “Та өөрөө энийг амьдралдаа хэрэглэсэн үү?” Багш “Үгүй”.
Амьдралд хүн жинхэнэ багш, хуурамч багш хоёрыг ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй. Хуурамч багш нар заадаг зүйлсээ өөрсдөө хэрэглэдэггүй хүмүүс байдаг. Жинхэнэ багш нар заадаг зүйлсээ өдөр бүр амьдралдаа хэрэглэдэг хүмүүс байдаг. Миний багш нар бол өдөр тутмын бизнесийн ажилд маань баг болж оролцдог миний нягтлан, хуульч, бизнесийн зөвлөхүүд байдаг.
Сурв: Амьдралын тухай ийм зүйлсийг номоороо өгүүлэхээр чинь баян хүмүүс дургүйцэж байна уу?
Роберт: Мэдээж, тэгэлгүй яах вэ. Мэдсэн зүйлсээ олонд битгий зарла. Хүмүүс ядуу хэвээрээ байж байг гэж хэлдэг хүмүүс бий. Харамсалтай нь, яаж ч зааж, сургаж, зарлалаа гэсэн нийгэмд ядуу хүмүүс байсаар л байх болно. Учир нь ядуурал гэдэг бол сэтгэлгээнээс эхтэй зүйл. Хэлж ярьж байгаа үгнээс нь л эхлэнэ. Үг нь үйлдэл болно. Хүн ямар нэг юмыг “хийж чадахгүй”, “худалдан авч чадахгүй” гэж бодмогцоо л доошоо унадаг.

Хэлж байгаа зүйлээ болон хувирдаг. Докторын зэрэгтэй аав маань уурлахаараа надад “Чи одоо намайг модон дээр мөнгө ургуулдаг гэж бодоо юу? Би энийг худалдаж авч чадахгүй” гэж хэлдэг байсан юм. Баян аав маань энэ талаар сонсоод “Тийм болохоор л эцэг чинь ядуу байгаа юм” гэж хэлсэн юм. “Ядуу хүмүүс надад цаг байхгүй, мөнгө байхгүй, боломж байхгүй болохоор би чадахгүй, би авч чадахгүй гэж хэлдэг. Энэ бол зүгээр л шалтаг. Асуудлаас зугтаж байгаа хэрэг. Чадахгүй гэж хэлэх амархан шүү дээ”.
Харин баян аав “Би энийг авч чадахгүй” гэж хэлэхийн оронд “Яавал би энийг авч чадах вэ?, Яавал би энийг хийж чадах вэ? Ер нь яагаад би энийг авах ёстой юм бэ?” гэж хэлдэг байсан юм. Ийм асуулт болгон хувиргахад эдгээр асуулт хүний бодол сэтгэлгээг хааж цоожлохын оронд шинэ үүд хаалгууд нээдэг. Хүн хэлж байгаа зүйл шигээ л болдог.
Мэдээж бизнес болгон өөр. Зарим бизнес ганцаарчилсан тоглолт шаардаж магадгүй гольф шиг бол зарим нь багшийн тоглолт шаардсан хөлбөмбөг шиг. Залуу хүнд өгөх миний зөвлөгөө бол “Өөрийнхөө тоглож чадах тоглоомыг ол“.