Сонин хачин 2019 оны 09 сарын 06

Стив Жобс

Нийтэлсэн: Admin

Түүний жинхэнэ нэр нь Стивен Пол Жобс. (1955-2-24 – 2011-10-5)

Америкийн бизнесмэн. Apple Inc компанийн үндэслэгч, Pixar компанийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшигч, The Walt Disney Company-ийн удирдах зөвлөлийн гишүүн. Комьютерын NeXT компанийн үндэслэгч, СЕО. Түүнийг 1970-80-аад оны компьютерын хувьсгалын гол дүрүүдийн нэг гэж үздэг.

Тэр АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод төрсөн бөгөөд 1972 онд Рийд коллежт явсан тэр жилээ сургуулиа хаясан ба Зэн буддизмыг илүү их судалж, гэгээрлийг олох үүднээс 1974 оныг Энэтхэгээр аялж өнгөрүүлжээ. Түүний талаарх нууцаас гарсан Холбооны Мөрдөх Товчооны тайланд түүнийг их сургуульд оюутан байхдаа марихуана, LSD хэрэглэдэг байсан талаар өгүүлсэн бөгөөд LSD-г Жобс амьдралд нь нөлөөлсөн гурван том зүйлийн нэг гэж сүүлд сурвалжлагчид хэлж байсан юм.

Жобс өөрийн найз Стив Возниакийн хамтаар 1976 онд Apple компаниа байгуулан бөгөөд тус компани нь Возниакын угсарсан Apple I персональ компьютерыг зардаг байв. Дараа жил нь Apple II компьютерээ гарган илүү их мөнгө, нэр алдар олов. Энэ компьютер нь бүх цаг үеийн хамгийн их амжилтанд хүрч алдаршсан компьютеруудын нэг болсон юм.

1979 онд тэр Xerox компани анх удаа компьютерын түүхэнд компьютерын маус (хулгана) бүтээснийг олж харан, энэ явдал маш том дэвшил авчрах болно гэдгийг ойлгосон юм. Үүний дараа тэр Apple Lisa компьютерээ 1983 онд худалдаанд гаргасан ч төдийлөн амжилт олсонгүй. Харин 1984 онд Макинтош компьютерээ худалдаанд гаргасан нь дэлхийн анхны үй олноор үйлдвэрлэгдсэн график интерфэйстэй, өөрөөр хэлбэл хэрэглэгч комманд бичиж компьютертэй харьцахын оронд хулганаар товшин үйлдэл хийлгүүлдэг дэлгэцэн удирдлагатай компьютер байсан юм. Улмаар Макинтош компьютер нь хэвлэлийн салбарт хувьсгал хийв. 1985 онд Аппл компани LaserWriter хэмээх анхны лазер принтер үйлдвэрлэсэн нь вектор график дүрслэх чадвартай байлаа.

Дотоод эрх мэдлийн зөрчилдөөнөөс болон 1985 онд Жобс үндэслэн байгуулсан Аппл компаниасаа зайлуулагдав. Үүнд тус компанийн СЕО байсан Жон Скалли нэлээн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ийнхүү Апплаас гармагцаа Жобс Аппл компанийнхаа зарим хүмүүсийг дагуулж гаран NeXT хэмээх дээд сургууль, бизнесийн байгууллагуудад зориулсан тусгай компьютер үйлдвэрлэдэг компани байгуулав. Үүний хажуугаар кино найруулагч Жорж Лукасын Лукасфилм студийн компьютерийн графикийн студид компьютер нийлүүлэн хамтран ажиллах зуураа компьютерын тусгай эффекийн хөгжилд хувь нэмрээ оруулав.

Ингэх явцдаа Pixar хэмээх компани байгуулсан нь 1995 онд “Тоглоомын түүх” (Toy Story) хэмээх анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн кино бүтээсэн юм.

1997 онд Аппл компани Жобсын байгуулсан NeXT компанийг худалдан авсан бөгөөд энэ явдлаас хэдэн сарын дараа Жобс буцаад өөрийн анх байгуулсан компанийнхаа СЕО болов. Жобсыг эргүүлэн авах үедээ Аппл компани дампуурлын ирмэг дээр ирчихсэн дэнжигнэж байв. Ийм компанийг дахин хөл дээр нь босгох үүрэг Жобст ноогдсон бөгөөд үүнээс ихийг Жобс хийж чадсан. Дизайнер Жон Айвтай хамтран тэр “Өөрөөр бод” (Think Different) хэмээх сурталчилгааны компанит ажил 1997 оноос өрнүүлж эхэлсэн бөгөөд энэ шинэ хандлага, арга барилынхаа үндсэн дээр тэр iMac, iTunes, iTunesStore, AppleStore, iPod, iPhone, App Store, iPad зэрэг дараа дараагийн том бүтээгдэхүүнүүдээ бүтээсэн. 2001 онд анхны Мак OS үйлдлийн системийг халсан цоо шинэ Mac OS X үйлдлийн систем төрсөн бөгөөд үүнийг NeXTSTEP -ын тавцан дээр эхлүүлсэн нь Юникс суурьтай анхны орчин үеийн үйлдлийн систем болсон юм. 2003 онд Жобс хавдартай гэж оношлогдсон бөгөөд 2011 онд 56 настайдаа тус өвчний хүндрэлийн улмаас нас нөгчжээ.

Түүний амьдралын талаар өгүүлсэн зузаан зузаан номууд байдаг тул энд тэр бүхнийг тоочилгүй зарим сонирхолтой хэсэгт л анхаарал хандуулъя.

1985-1997

NeXT компьютер

1985 онд Аппл компаниас гарсныхаа дараа Жобс 7 сая долларын хөрөнгөөр NeXT Inc компаниа босгожээ. Компанийн нэр нь ДАРААГИЙНХ гэсэн утгатай бөгөөд энэ нь Апплтай хийх ажил дууссан, одоо дараагийн ажилдаа орж байна гэсэн үзэл бодлыг нь илтгэж байв. Компаниас эхэлснээс жилийн дараа түүний халааснаасаа гаргасан мөнгө нь шавхагдаж эхэлсэн ч компани нь чухам яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд байгаа нь тодорхой болсонгүй. Ямар ч гар дээр тавих бүтээгдэхүүн алга байлаа. Тиймээс Жобс азаа үзэх хөрөнгө оруулагч хайж эхлэв. Эцэстээ Росс Перотыг олсон бөгөөд тэр тус компанид их хөрөнгө оруулсан. 1988 оны 10 сарын 12-нд NeXT компани гайхалтай шинэ үеийн компьютер бүтээснээ зарлан Сан Франциско хотод тансаг хүлээн авалт хийв. 2013 онд сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа Стив Возниак “Нэкст компанид байхдаа л Стив Жобс жинхэнэ асуудлыг үнэн зөвөөр нь хардаг болсон юм” гэж дүгнэжээ.

1990 онд NeXT компани компьютеруудаа худалдаанд гаргасан ч үнэ нь 9999 доллар байсан нь боловсролын чиглэлийн байгууллагуудад зориулсан компьютер гэхэд дэндүү өндөр үнэтэй байлаа. Сайн зарагдаж өгөхгүй байсан тул Жобс компьютеруудаа санхүү, шинжлэх ухааны байгууллагуудад рекламдан, манайх Мак кернелтэй, дижитал дохиолол боловсруулагч чиптэй, этернет порттой гэж тайлбарлаж байв. Үнэхээр ч хүчирхэг компьютер байсан бөгөөд Стив Жобсын бүтээсэн NeXT компьютерыг ашиглан Швейцарийн СЕРН цөмийн судалгааны хүрээлэнд ажиллаж байсан Тим Бернерс-Лий 1990 онд World Wide Web буюу интернетийг зохион бүтээсэн юм.

1990 онд хоёрдугаар үеийн NeXT компьютерээ зохион бүтээсэн ба үүнийгээ тэр “персонал” буюу хувьдаа, ганцаараа хэрэглэх зориулалттай компьютеруудыг халсан “интер-персонал” компьютер гэж Стив Жобс нэрлэж байв. NeXTcube хэмээн нэрлэсэн энэ компьютер нь дуу хоолой, дүрс, видео имэйл солилцож, илгээх чадвартай байлаа. Ийнхүү өөр хоорондоо холбогддог компьютерууд хүмүүсийн харилцаа холбоонд хувьсгал хийх болно гэж Жобс сэтгүүлчдэд тайлбарлаж байв. Жобс NeXT компанидаа гоо зүйн мэдрэмжийг маш их чухалчлан дээдэлдэг байсан ба бүтээгдэхүүнээ ч гоо зүйн өндөр мэдрэмж, таашаал төрүүлэм хийхийг зорьдог байсан нь тус компьютерийн гэрийг магнезиумаар хийснээс харагддаг. Энэ шаардлага нь тус компанийн эд анги хариуцсан хэлтэст хүнд дарамт болж байсныг ч хэлэх үү 1993 онд ердөө 50 мянга гаруй компьютер зарсныхаа дараа тус компани хатуу-эд (хардвер) үйлдвэрлэхээ болин зөөлөн-эд буюу дан ганц програм хангамж үйлдвэрлэлд анхаарлаа чиглүүлэв. 1994 онд тус компани анх удаагаа 1.03 сая долларын ашигтай ажилласнаа зарлав. 1996 онд тус компани WebObjects хэмээх вэб хөгжүүлэлтийн програмаа худалдаанд гаргасан бөгөөд 1997 онд тус компанийг Аппл компани худалдан авсныхаа дараа тус суурин дээр нь Apple Store, MobileMe, iTunes Store зэрэг интернет дэлгүүр, үйлчилгээнүүдээ хөгжүүлжээ.

Pixar ба Disney-тэй ажилласан нь

1986 онд Жобс “Графикс Групп” компанийг (хожим нь Пиксар хэмээн нэрлэсэн) ЛукасФилмс-ээс тусгаарлан гаргасан бөгөөд үүнд 10 сая доллар зарцуулсан. 5 саяыг нь ЛукасФилмийн технологийн эрхийн төлөө төлсөн бол 5 сая долларыг нь шинэ компанийнхаа гарааны хөрөнгөнд зориулав.

Тус компани Дисней компанитай хамтран 1995 онд Тоглоомын Түүх хүүхэлдэйн кино хийсэн нь асар амжилт олов. Энэ киноны гүйцэтгэх продюсераар Стив Жобс ажилласан гэж бичсэн байдаг юм. Түүний дараа 1998 онд Хорхойны амьдрал (A Bug’s Life), 1999 онд Тоглоомын түүх 2 2001 онд Monsters, Inc, Finding Nemo (2003), The Incredibles (2004), Cars (2006), Ratatouille (2007), Wall-E (2008), Up (2009), Toy Story 3 (2010) тус тус бүтээсэн юм. Эдгээрээс Finding Nemo, The Incredibles, Ratatouille, Wall-E, Up, Toy Story 3 нар нь Академийн шагнал хүртсэн.

2003/2004 онд Пиксар компанийн Диснейтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хугацаа дуусав. Шинэ гэрээ байгуулах гэсэн боловч талууд дэмжсэнгүй. Эцэст нь 2006 онд талууд тохиролцон Дисней компани Пиксар компанийг бүх хувьцааных нь төлбөрийг тооцон 7.4 тэрбум доллараар худалдан авах шийдвэр гаргав. Гэрээ хүчин төгөлдөн болсны дараа Жобс Уолт Дисней компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон бөгөөд тус компанийн нийт хувьцааны 7%-ийг ганцаараа эзэмшив. Нас барахдаа Жобс Уолт Диснейн хувьцаануудаа эхнэр Лаурене Пауэлл Жобсын эрхлэн ажиллуулдаг санд шилжүүлжээ.

Гэр бүл

Стив Жобс айлын өргөмөл хүүхэд. Гэхдээ өргөж авсан эцэг эхээ жинхэнэ эцэг эхээ гэж үздэг байсан юм. Гэсэн ч 31 настай байхад эх нь уушигны хорт хавдар туссаныхаа дараа өргөмөл хүүгийнхээ жинхэнэ гарал үүслийн талаар хэлжээ. Үүнээс болоод Жобс төрүүлсэн эхийнхээ талаар мэдээлэл хайж эхэлсэн юм. Төрсний гэрчилгээн дээр нь гарын үсэг зурсан эмчээс энэ талаар мэдээлэл хүсэхэд тэр эмч нас барсных нь дараа л задлаарай гэсэн захидал үлдээв. Эмчийг нас барсны дараа л захидлыг задлахад түүнд “Жобсын жинхэнэ эх нь Висконсин мужаас ирсэн Жоанне Шиебле гэдэг бүсгүй байсан” хэмээн бичжээ.

Өргөмөл эх Клара нь нас барсны дараа л Жобс өргөмөл эцэг Полоосоо зөвшөөрөл аван төрсөн эхтэйгээ холбогджээ. Эх нь хүүтэйгээ уулзаад их баярласан бөгөөд Жобсд охин дүүтэй шүү гэдэг талаар нь хэлсэн бөгөөд дүү Монатай нь Нью-Йоркт уулзуулсан ба энэ хоёр нэлээн ойр дотно болсон гэдэг.

Ахлах сургуульд байхдаа, 1971 онд Крисанн Бреннан хэмээх охинтой найзалсан бөгөөд 1972 онд, ахлах сургуулиа төгссөний дараагаас тэр хоёр байр түрээслэн хамтран амьдарч эхэлжээ. 1978 онд тэр хоёрын дундаас охин төрсөнд Лиза хэмээх нэр өгөв. Анхандаа Жобс охиноо хүлээн зөвшөөрөхгүй, Крисанн тэр хоёрын харилцаа муудан салсан ч, сүүлд охиноо өөрөөрөө овоглосноос гадна Лиза хэмээх нэртэй компьютер хүртэл бүтээсэн юм. Жобсоос салсныхаа дараа Крисанн охиноо тэжээх үүднээс айлын гэр цэвэрлэх ажил нэг хэсэг хийжээ.

Лиза

ДНХ-ийн шинжилгээгээр Жобс Лиза охины эцэг мөн гэж гарсан ч энэ нь 94.1%-ийн магадлагаатай гэж гарчээ. Тиймээс Жобс Лизаг нэг хэсэг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаараа сэтгүүлчид “АНУ-ын нийт эрчүүдийн 28% нь түүний эцэг байх магадлалтай байна шүү дээ” гэж өөрийгөө зөвтгөж байлаа. Энэ мэт асуудлаас болоод 1982 оны Онцлох Хүн-ийг зарласан сэтгүүл 1983 оны 1 сарын 3-нд хэвлэхдээ Time сэтгүүл “Оны онцлох” хүн биш харин “Оны онцлох машин: компьютер” хэмээх гарчиг хавтсан дээрээ хэвлэжээ.

Аппл компаниас гарсныхаа дараа, охиноо 9 нас хүрсэн байх үед нь Жобс Лиза дээр ирэн, Крисаннаас уучлал гуйжээ. Охин нь эхээрээ овоглож байсныг өөрчлөн өөрөөрөө мөн овоглосон. Ийнхүү охиндоо өөрөөр хандахад нь Жобст дүү охин Мона нь их нөлөөлсөн хэмээн Лиза сүүлд дурссан байдаг. Fortune сэтгүүлд өгүүлснээр бол Жобс охин Лизадаа олон сая долларын хөрөнгө үлдээжээ. Лиза 2018 онд Small Fry хэмээх ном хэвлүүлсэн бөгөөд үүндэээ бага нас, ааваасаа тусдаа байсан талаараа өөрийнхөө өнцгөөс өгүүлжээ.

Эхнэр

1989 онд Станфордын бизнесийн сургуульд уригдан лекц уншихдаа Жобс ирээдүйн эхнэр Лаурене Пауэллтай анх таарчээ. Лаурене эхний эгнээнд сууж байсан бөгөөд “Би түүнээс харцаа салгаж чадахгүй, толгойд элдэв зүйл эргэлдэж, зөв бодож чадахгүй уймарч байлаа” хэмээн Жобс дурссан юм. Лекцийн дараа Жобс Лаурентай гадаа уулзан, оройн хоолонд урьжээ. Түүнээс хойш тэр хоёр хамт байсан ба 3 хүүхдийн эцэг эх болсон.

Apple компанид буцаж ирэв

1997-2011

1996 онд Apple компани NeXT компанийг 427 сая доллараар худалдан авч байгаагаа зарлав. Гэрээ хүчин төгөлдөр болсноор Жобс буцаад өөрийн үндэслэн байгуулсан компанид ирэв. 1997 онд Жобс түр гүйцэтгэх захирлаар томилогдов. Аппл компанийн алдагдлыг багасгах үүднээс тэр Newton, Cyberdog, OpenDoc зэрэг Апплын хэрэгжүүлж байсан төслүүдийг цуцлав.

Шинэ бүтээлүүд ба дизайн

Жобсын дизайны философид Буддизм, Зэн хоёр их нөлөө үзүүлжээ. Энэтхэгт очин 7 сар аялахдаа буддын шашин судалснаас гадна модернист архитектор Жозеф Эйхлер, дизайнер Ричард Саппер, Дитер Рамс нарыг ихэд бишрэн санаа онгод олжээ. Хамтрагч Стив Возниак нь Жобсын талаар “Тэр код бичиж байгаагүй, тэр инженер байгаагүй. Бас дизайнер ч байгаагүй” гэсэн юм. Тэр гагцхүү дизайнер, инженерүүдийнхээ бүтээсэн зүйлийг үзэж, харж, барьж үзэн төрсөн мэдрэмжээрээ удирддаг байв. Тийм хэдий ч АНУ-д Жобсын нэр дээр 450 гаруй патент байдаг.

Холбоотой мэдээнүүд