Одоогийн байдлаар дэлхийн түүхэн дэх хамгийн боловсронгуйд тооцогдож буй энэ вирусыг хэн бичсэнийг бид мэдэхгүй. Энэ бол компьютерын вирус. Ойролцоогоор 2005-2010 оны хооронд бичигдсэн аж. Маш боловсронгуй бүтээгдсэн учраас энд зөвхөн маш ерөнхий л тайлбарлах гэж оролдъё.
Компьютерын вирус гэдэг бол компьютерын програм юм. Бусад програмыг бодвол арай өвөрмөц програм гэсэн үг. Анх энэ вирус USB диск буюу флаш дискэн дээр байсан бололтой. Хэн нэгэн түүнийг зориуд зохих газар нь унагасан бөгөөд өөр хэн нэгэн “Азны коля” хэмээн бодон санамсаргүй түүнийг нь аван, санамсаргүй компьютертээ хийжээ. Хийсэн компьютер нь Windows PC байсан байна. Флаш дискийг компьютерт хийхэд флашин дээр байсан нууц програм ажиллан өөрийгөө флашнаас компьютер руу хуулсан байна. Түүний дараа өөрийгөө ажиллуулах багадаа гурван аргатай байв. Аль нэг нь болохгүй бол нөгөөгөөр нь үзэх зориулалттай. Тэдгээр гурван аргын багадаа хоёр нь тухайн цагтаа компьютерын програмист, секюритийн мэргэжилтнүүдийн мэдээгүй байсан арга байв.

Компьютер ПС-н дээр өөрийгөө ажиллуулсныхаа дараа өөртөө админ эрх олж авах гэж оролдоно. Тухайн компьютер дээр антивирус суулгасан эсэх нь огтхон ч хамаагүй. Учир нь тэр цагийн ихэнх антивирус програмууд үүнийг илрүүлж чадахааргүй байлаа. Тийнхүү уг вирус тухайн цагтаа мэдэгдээгүй байсан хоёр аргын нэгийг ашиглан тухайн компьютерыг удирдах админ эрх олж авна. Энэ вирус дэлгэрч, илрэхээс нааш Windows үйлдлийн системүүдэд тийм цоорхой байгааг хэн ч мэдээгүй байжээ.
Ийнхүү админ эрх олж авсныхаа дараа уг вирус үйлдлийн системийн доор орж нуугдан мөрөө арилгана. Ингэснээр өөр ямар ч антивирус програм үүнийг илрүүлэх хөг нь өнгөрнө. ПС-тэй өөрийгөө дэндүү нягт холбосноос вирус байгаа гэдгийг мэдэж, хайсан ч гэсэн үүнийг илрүүлж эс чадна. Дэндүү сайн нуугддаг болохоор интернетээр бараг жил гаруйн хугацаанд тархсан хэр нь тэр хооронд нь ямар ч секюрити компани үүнийг илрүүлж чадаагүй юм.
ПС-г гартаа оруулсныхаа дараа вирус интернетэд холбогдох гэж үзнэ. Хэрвээ холбогдох юм бол, болж өгвөл http://www.mypremierfutbol.com юм уу http://www.todaysfutbol.com хаяг руу очно. Тухайн үед эдгээр серверүүд Малайз, Дани хоёрт байсан юм. Эдгээр серверийн шифрлэгдсэн холбоостой холбогдох замаар вирус “Би энэ компютерыг гартаа оруулж чадлаа” гэсэн мэдээлэл дамжуулна. Ийнхүү сервертэй холбогдонгоо вирус өөрийгөө update хийнэ.
Компьютерыг гартаа оруулсны дараа вирус уг компьютерт залгасан бүх флаш дискэнд өөрийгөө хуулна. Ингэхдээ өөрийгөө тухайн флаш дискний драйвер мэтээр зүсээ хувирган тухайн флаш дискэнд суулгана. Тэгээд зогсохгүй өөрийгөө Realtek-ын албан ёсны драйвер мэтээр харуулна. Үүний тулд уг вирусыг зохиогчид Тайваний Realtek компанийн жинхэнэ програм хангамжийг эвдэж нэвтэрч чадсан гэсэн үг.
Дэндүү боловсронгуй вирус л даа.
Гол зүйл нь гэхдээ эхлээ ч үгүй байна.
Үүнийхээ дараа вирус Windows-д илрээд байсан хоёр цоорхойг ашиглана. Нэг цоорхой нь сүлжээн дэх принтерүүдтэй холбоотой, нөгөө нь нетворкийн файлуудтай холбоотой цоорхой байсан юм. Эдгээр цоорхойг ашиглан вирус өөрийгөө локал сүлжээн дэх бүх компьютер руу хуулна.
Ийнхүү сүлжээ даяар бусад компьютер руу халдахдаа тус вирус Siemens компанийн зохиосон асар том хэмжээний аж үйлдвэрийн машин механизмуудыг удирддаг програм тухайн компьютер дээр суусан эсэхийг хайдаг байв. Тийм програм суусан компьютерыг илрүүлмэгцээ тухайн вирус өөрийгөө дахин програмчлан, өөрийгөө тухайн аж үйлдвэрийн програмын нэг удирдлагын модуль мэтээр танилцуулан холбогдоно. Ийнхүү тухайн програмтай нэг л холбогдсон бол тэгээд тэр чигтээ түүнд наалдана. Ямар ч антивирус, ямар ч цэвэрлэгээний програм ажиллуулаад илрэх ч үгүй, арилах ч үгүй.
Үүнийхээ дараа вирус тухайн програм аж үйлдвэрийн хоёр тодорхой төрлийн цахилгаан моторыг тухайн програм удирдаж байгаа эсэхийг шалгана. Тэр хоёр моторыг үйлдвэрлэгчийн нэг нь Иранд, нөгөөх нь Финландад байдаг байв. Эдгээр програмаар асар том үйлдвэрлэлийн хэмжээний центрифуг ажиллуулдаг юм. Тийм центрифугийг ашиглан янз бүрийн химийн бодис боловсруулж болно.
Жишээ нь ураныг!
Энэ үед вирус центрифугийг бүрэн гартаа оруулсан байх ба хүсвэл устгасан ч чадна. Зүгээр л унтраах юм уу аль эсвэл хамгийн дээд зэргийн, аюултай хурдаар нь ажиллуулан дэлбэлж ч чадна.
Гэхдээ тэгэхгүй. Энэ дэндүү боловсронгуй вирус байсан юм. Түүнд өөр санаа байсан ажээ.
Центрифугийг гартаа оруулсныхаа дараа вирус “ичээндээ” орно. Зүгээр л унтана. Хэдэн секунд, хэдэн долоо хоног, олон өдөр сар юу ч хийхгүй.
Тэгснээ гэнэт, зөв цаг нь ирлээ гэж үзэхээрээ вирус аяархан нойрноосоо сэрнэ. Тэгснээ уран цэвэрлэж байгаа центрифугийг тэр гэнэт унтраана. Хэн нэгэн өөрийнх нь байгааг мэдэх нь үү гэдгийг шалгаж байгаа нь тэр. Хүн ганцаараа шууд центрифуг унтрааж чадахгүй л дээ.
Тэгснээ жаахан байж байснаа дахиад центрифугийг дахин ажиллуулна… Гэхдээ зүв зүгээр биш, жаахаан гажигтайгаар. Гэхдээ дэндүү их гажигтай биш. Ердийн байх ёстой түвшнээс арай, бага зэрэг л хурдан ч юм уу, аль эсвэл жаахан удаан ч юм уу. Аюулгүйн түвшнээс жаахан хэтэрсэн, хальсан маягаар.
Үүнийхээ хажуугаар центрифугийн доторх хийн даралтыг нэмэгдүүлнэ. Эдгээр центрифугийн доторх хийг UF6 гэж нэрлэдэг юм. Хогийн эд дээ. Вирус уг хийн даралтыг байж болох аюулгүй хэмжээнээс нь жаахаан нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, UF6 хийний өчүүхэн жаахан хэсэг нь хийн байдлаасаа гаран чулуужмал, хатуу биет болох хэмжээнд л даралт нэмэгдүүлнэ. Ингэснээр эргэлдэн буй центрифугийн дотор чулуу үүсэх нөхцөл бүрдүүлнэ.
Центрифугууд дэндүү хурдан юм уу дэндүү удаан эргэлдэх дургүй. Бас дотор нь чулуу эргэлдээд байхыг ч таашаахгүй.
Үүний дараа вирус эцсийн илбээ үзүүлнэ. Жинхэнэ суут муу санаатан гэдгээ харуулна.

Ийнхүү центрифугийг удирдах зуураа вирус центрифуг зүгээ ажиллаж байх үеийн 21 секундын датаг хуулж авах ба энэ датагаа дараа нь удирдлагын компьютеруудын дэлгэцэн дээр эцэс төгсгөлгүй давтан тавина.
Үүнээс болоод дэлгэцэн дээрээс бол центрифугууд хэвийн ажиллаж байгаа мэт хүмүүст харагдана. Гэвч энэ нь хуурамч дата шүү дээ.
Одоо энэхүү том үйлдвэрт уран цэвэрлэж байх үед энэ вирус ажиллалаа гэж санъя. Юу болно гээч. Анхандаа бүх зүйл хэвийн юм шиг санагдана. Яахав гэхдээ нэг л зүйл нэг л биш. Яг юу вэ гэдэг нь мэдэгдэхгүй. Зарим нэг моторын дуу арай л өөр сонсогдох авч компьютер дээр бол зүй зохисоороо л ажиллаж байгаа мэт санагдана.
Тэгж байтал центрифугууд эвдэрч эхэлнэ. Ар араасаа. Ихэнхдээ элдэв асуудал үүсгэлгүй чимээгүйхэн эвдэрнэ. Хааяа нэлээн асуудал үүсгэнэ. Энэ зуур ураны үйлдвэрлэл буурна. Уран гагцхүү цэврээрээ байж байж л ямар нэг зүйлд ашиглаж болохуйц байдаг ажээ.
Энэ үйлдвэрийнхэн юу болсон юм бол гэж бодон бүх зүйлээ дахин дахин шалгана. Үйлдвэрийнхээ бүх ПС-г сольсон ч нэмэр болохгүй. Центрифугууд ар араасаа эвдэрсээр л байх болно. Яагаад гэх шалтгаан нь ерөөс мэдэгдэхгүй.
Ингээд л байх юм бол ар араасаа эвдэрсээр нэг мэдэхэд 1000 центрифуг эвдрэх болно. Яагаад ажиллах ёстой төхөөрөмж зохих ёсоороо ажиллахгүй байгаа юм бэ гэж энэ үйлдвэрийнхэн үсээ зулгаан, бараг галзуурах дөхнө.
Чухам яг л ийм зүйл болсон ажээ.
Энэ бүхний шалтгаан нь компьютерын вирус байсан байв. Гэхдээ маш хорлонтойгоор буюу маш боловсронгуй, гайхалтай нарийн бодож боловсруулан бүтээсэн вирус. Уг вирусыг маш өндөр ур чадвартай маш нууц багийнхан, мөнгө төгрөгөөр зодон байж, асар их нөөц хөрөнгө ашиглан байж бүтээсэн бөгөөд энэ вирусын эцсийн зорилго нь: бусад улсын дижитал хилийг нэвтрэн ороод цөмийн хөтөлбөрийг нь зогсоох, саатуулах.
Дашрамд дурдахад энэ вирусыг Америк/Израйлын тусгай албаныхан кибер-зэвсэг болгон бүтээсэн байх гэж таамаглаж байна.
Дээр өгүүлсэн зүйлсийн ядаж ганцыг нь хийж чаддаг вирус бүтээнэ гэдэг бол асар том амжилт. Тэгтэл эдгээрийг цөмийг нь чаддаг нэг вирус байна гэдэг бол хүний ухаан санаанд оромгүй дэндүү өндөр түвшний “бүтээл” ажээ. Энэ явдал бид бүхний мэдлэгийн хязгаарыг тэлсэн. Энэ гэхдээ өдгөөгөөс бараг 10 гаруй жилийн өмнөх явдал бөгөөд үүнээс хойш өнөөдөр байдал ямар байгааг төсөөлөхөд ч хэцүү болжээ.