Түүний нэрийг Монгол уншигчид бид сайн мэдэхгүй буюу мартсан байж болох авч Франкенштэйн хэмээн хэлбэл хэнд ч нэгэн дүр бууна. Хамгийн анхны шинжлэх ухааны уран зөгнөлт аймшигт зохиолыг бичсэн зохиолчийн амьдрал бас үхэл хагацлаар дүүрэн. Мэри Воллстонкрафт Шэллэй турьхан бүсгүй боловч амьдрал нь ямар ч аймшгийн киноноос илүү гарахаар аймшигтай, адармаатай.
Мэри охин 1797 онд төрсөн бөгөөд эх нь түүнийг төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээс болон нас баржээ. 1814 онд, 17 настайдаа Мэри бүсгүй эцгийнхээ тойрон хүрээлэгчдийн нэг Пэрси хэмээх залуутай учир ургуулж эхлэв. Энэ нь асуудалтай харилцаа байлаа. Учир нь Пэрси эхнэртэй хүн байсан юм. Тийм авч тэр хоёр Франц яван, Европоор аялжээ. Хоёр жилийн дотор тэр хоёр янз бүрийн асуудалд орсны дотор Мэри анхны охиноо дутуу төрүүлэн зулбуулчихав. Англид ирсний дараахан Пэрсигийн анхны эхнэр амиа хорлон нас барсны дараа тэр хоёр 1816 онд гэрлэв. 1818 онд хосууд эх нутгаа орхин Италид очиж амьдрахаар явав. Тэнд Мэри хоёр дараалан зулбав. Эцэст нь дөрөв дэх хүүхэд нь эсэн мэнд төрсөн. Тийм авч 1822 онд нөхөр нь далайн шуурганд өртөн живэв. Амьдралынхаа эцсийн жилүүдэд Мэри тархины хавдартай болон өвдөж байгаад 53 настайдаа нас нөгчжээ.
1817 онд 20 настайдаа Мэри бүсгүй Франкенштэйн зохиолоо бичиж дуусгасныгаа нууц нэрээр 1818 оны 1 сард хэвлүүлэв. 1816 оны зун Мэри нөхөртэйгөө яруу найрагч Лорд Байронтой ойр байхаар Женев руу явжээ. Тэнд тэд ойрхон байшин хөлслөн амьдрав. Оройдоо тэд Байроны байшингийн гадаа түүдэг гал тойрон суудаг бөгөөд бие биенээ хөгжөөхийн тулд Германы аймшигт түүхүүд, болсон явдал ярьдаг байв. Мэри юу ярихаа мэдэхгүй байв. Тэгж байтал тэдний яриа нэг удаа шинжлэх ухааны тухай өрнөсөн бөгөөд нас барсан цогцсыг тогоор цохин амь оруулж болох талаар ярьцгаасан ажээ. Уг ярианы дараа Мэри унтаж чадаагүй хагас сэрүүн зүүдэлсэн бөгөөд толгойд нь янз бүрийн бодол эргэлдсэн нь түүний алдарт Франкенштэйн зохиолын гол санаа болжээ.

Уг зохиолыг уран зохиол судлаачид “дэлхийн анхны шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол” гэж дүгнэдэг. Франкенштэйн нь Гот жанрын зохиол юм. Шэлли 1814 онд Европоор аялж байхдаа Германы Франкенштэйн цайзын хажуугаар өнгөрч байсан ба уг зохиолоо Швейцарийн Женевт бодож олсон аж. Түүний зохиол хэвлэгдсэнээс хойш Франкенштэйн хэмээх үг нийтийн үгийн санд нэвтэрсэн бөгөөд “үзээрийн муухай мангас” гэсэн утга илэрхийлдэг болсон. Тухайн цагийн бусад зохиолоос ялгаатай нь түүний мангас ямар нэг үлгэр домгийн бус харин шинжлэх ухаанаар тайлбарлаж болохуйц, шинжлэх ухааны үүднээс бүтээгдсэн мангас байлаа. Чухам үүгээрээ энэ зохиол “аймшгийн” уран зохиолын жанрыг үндэслэсэн юм хэмээн судлаачид үзэж байна.
Магадгүй тэр амьдарч чадаагүй хүүхдүүдээ амь оруулах боломж бий гэж найдаж байсан байх
Тэгтэл зуун зууныг доргиосон, хүмүүсийг цочирдуулсан ийм “шинжлэх ухаанлаг, аймшгийн зохиолыг хэрхэн залуухан охин сэтгэж, зохиосон нь” үнэхээр түүхийн егөөдөл гэлтэй. Зохиол хэвлэгдсэний дараа янз бүрийн шүүмж гарч байсан ч олон нийтэд ихэд таалагдан, сонирхлыг нь татсанаас 1821 онд уг зохиол жүжиг болон нийтэд тавигдав. 1823 онд Франц орчуулга нь хэвлэгдэв. Том том сонин хэвлэлүүд “Франкенштэйн” зохиолыг “туйлын зоримог санаа”, хэмээсэн бол Шерлок Холмсыг бичсэн Сэр Уолтер Скотт “зохиолч ер бусын шинэлэг санааг урам зоригтойёо илэрхийлжээ” гэж магтав. 1981 онд орчин үеийн аймшгийн зохиолын хаан Стефен Кинг Мэри Шэллигийн Франкенштэйнийг “Орчин үеийн бүхий л мангасуудын эх нь. Түүнээс хойших уран зохиол, кино, ТВ-ийн бүхий л мангасууд Франкенштэйн, Дракула, Хүн чоно нараас санаа авсан юм” гэж үнэлжээ. 1910 онд Томас Эдисоны кино компани анхны Франкенштэйн киног бүтээсэн бол дараагийнх нь 1915 онд, 1920-нд гэх зэргээр Франкенштэйн кино ар араасаа цуварсан. Сүүлд гэхэд л 2015 онд Виктор Франкенштэйн хэмээх кино бүтээгдсэнд Харри Поттерт тоглосон Даниел Раддклиф тогложээ.
Өнгөрсөн жил Холливуд зохиолчийн амьдралын тухай өгүүлсэн Mary Shelley хэмээх кино бүтээжээ.