Европын Холбоо санхүүгийн хар жагсаалтандаа Монголыг багтаах шийдвэр гаргасан нь өнөөдөр хэвлэл мэдээллийн нэгэн дуулиан боллоо. Нарийн харах юм бол энэ шийдвэр өөрөө нилээн асуудалтай нь мэдэгдэнэ.
Европын Холбоо тусгаар тогтносон өөр улсаас санхүүгийн мэдээлэл, компани, хувь хүмүүсийн татварын мэдээллийг гаргаж өгөхийг шаардах эрх бүхий газар мөн үү? Европын Холбоо Монголын дарга юм уу? гэсэн асуулт юун түрүүнд тавигдах ёстой. Европын Улсуудынхаа л татварын мэдээллийг цуглуулдаг юм байгаа биз? Монгол Европт байдаггүй биз дээ? Тэгээд ёстой ямар юмныхаа мэдээллийг Монгол улсаас шаардаж, байн байн саарал, хар жагсаалтанд оруулж байгаагаа зарлаж сүржигнэж, дүвчигнэдэг газар вэ энэ?
Энэ жагсаалтын талаар арай илүү судлан үзвээс: Энэ жагсаалтаа Европын Холбоо “EU List of non-cooperative jurisdictions” буюу Хамтран ажилладаггүй газруудын жагсаалт хэмээн нэрлэдэг аж. Энэ жагсаалтыг анх 2017 оны 12 сарын 5-нд гаргасан бөгөөд татвараас бултах явдал, татварын буруу практикаас сэргийлэх зорилгоор боловсруулсан гэнэ. Ингэхэд, Монгол компани ЕХ-нд татвар төлдөг бил үү? Бид бас тэдэнд татварын тайлангаа гаргаж өгөх ёстой болж байна уу? Компани, хувь хүмүүс мэдээж гаргаж өгөхгүй боловч бидний гаргасан мэдээллийг Татварын Ерөнхий Газар юм уу Сангийн яам цаашаа мэдээлж байх үүрэг хүлээх нь үү тэгэхээр? Нөгөө улсын нууц мууц гэдэг маань одоо юу болох вэ?
Ингээд тэд эхний ээлжинд 92 газрыг шалгалтанд оруулснаас 17-г нь 2017 оны 12 сард хар жагсаалтандаа оруулжээ. 2018 онд зарим улс нь Европын Холбоотой харилцан тохиролцсоны үндсэн дээр зарим нь жагсаалтаас гарсан бөгөөд анхны хар жагсаалтанд орсон 12-оос 5 нь л хар жагсаалтанд хэвээр үлджээ.
2020 оны 2 сарын байдлаар ЕХ-ны хар жагсаалтанд:
- Америкийн Самоа
- Кэймэний арлууд
- Фижи
- Гуам
- Оман
- Палау
- Панам
- Самао
- Сэйшел
- Тринидад Тобаго
- АНУ-ын Виржины арлууд
- Вануату гэсэн газрууд багтаж байв.
Саарал жагсаалтанд нь 2020 оны 2 сарын байдлаар 13 улс багтаж байсны нэг нь Монгол улс. Туркт сануулга өгсөн бөгөөд 2020 оны сүүл гэхэд нөхцөл байдлаа сайжруулахгүй бол хар жагсаалтанд оруулна гэж анхааруулжээ.
2017 оны 12 сард Европын Холбоо анхныхаа хар жагсаалтыг гаргаснаас хойш энэ жагсаалтандаа 12 удаа өөрчлөлт оруулсан байна. Энэ жагсаалтаа жилд хоёр удаа шинэчилдэг аж.
Дэлхий дээр 195 улс бий гэдгээс уг жагсаалт одоогоор 92 газрыг л шалгаад байгаагаас АНУ, Канадыг шалгаагүй, ОХУ-ын шалгаагүй, Бразилыг шалгаагүй, Африкийн үй олон орныг шалгаагүй байна. Ингэхэд ЕХ ямар үндэслэлээр аль газруудыг түрүүлж шалгаж хар жагсаалтанд оруулаад, алийг нь одоо хүртэл шалгалгүй, өөрөөр хэлбэл хардаа ч оруулахгүй, цагаандаа ч оруулахгүй байна вэ гэдэг тодорхой бус. Энэ шалгалт, шалгуур “тунгалаг”, “ил тод бус байгаа юм”.

Түүнчлэн энэ жагсаалтаа яг шударгаар гаргаж байгаа юу гэдэг нь асуудалтай. Энэ жагсаалтанд хэнийг оруулахаа Европын Холбооны аль нэг газар нь бодит судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргадаггүй. Харин санал хураалтаар хэнийг жагсаалтанд оруулах, оруулахгүйгээ шийддэг юм. Тэгснээр үнэндээ яг бодит байдал дээр хэн нь мөнгө угааж, татварын мэдээллээ нуун дарагдуулж, терроризмыг санхүүжүүлж байгаа нь биш, харин хэн лобби сайтай нь жагсаалтанд оролгүй, манайх шиг лобби муутай, татлаа түтлээ багатай “айлууд” хар жагсаалтанд тунаж үлдэж байх шиг байна.

Жишээ нь өнгөрсөн оны 3 сард Европын Холбоо санхүүгийн хар жагсаалтандаа Саудын Арабыг терроризмыг санхүүжүүлж, мөнгө угаадаг хэмээн сэжиглэн нэмэх гэтэл 28 гишүүн улс нь хар жагсаалтанд оруулахгүй гэж эсрэг санал өгч хар жагсаалтандаа оруулаагүй байна. Газрын тосноос асар их мөнгө олдог энэ баян улс Европын Холбооны улсуудад асар нөлөөтэй бөгөөд бараг бүх зүйлийг мөнгөөр худалдаж авдаг, мөнгөөр зоддог гэж болно. Хэрэв Европын Холбоо үнэхээр л зарчим ярьдаг шигээ байсан бол Саудын Арабыг жагсаалтандаа нэмэх л байсан. Тэгтэл энэ мэт улсыг нэмэхгүй байж хаа байсан, ямар ч терризмын хэрэг гарч байгаагүй, гадаадын ямар ч террорист байгууллагатай холбоогүй, гадаадад террорист байгууллага санхүүжүүлэх нь бүү хэл дотооддоо зам барих мөнгөө босгож ядаж байгаа Монгол улсыг ийм жагсаалтандаа оруулсан нь дэндүү ичгэвтэр, улс төрийн өнгө аястай, жижиг улсыг дээрэлхсэн өнгө аястай байгааг нуухын арга алга. Магадгүй Монгол улсын ерөнхийлөгч Орос, Хятадтай сайн харилцаатай байгаа нь Европын Холбооны зарим хүмүүст таалагдахгүй байгаатай ч холбоотой байж болох юм.
Ингэхэд, 9 сарын 11-ны террорист халдлагыг хийсэн хүмүүс цөм Саудын Арабын иргэд шүү дээ. Саудын Арабаас ихээхэн санхүүжилт авдаг нь тодорхой байсан. Тийм газрыг хар жагсаалтандаа оруулахгүй байж Монголыг оруулж байгаа нь дэндүү ичгүүртэй!!
Үүнээс гадна татвараас зугтах боломж олгодог өчнөөн татварын “диваажин” оромж Европын Холбоонд нь дүүрэн байна. Наад зах нь Ирландыг нэрлэж болно. Энэ улс гадаадын компаниудад зориуд бага татвар ноогдуулдаг болохоор нь энд үйл ажиллагаа явуулсан Apple компанид Европын Холбоо 13 тэрбум еврогийн торгууль ноогдуулж, татварын хуулиа шинэчлэх шаардлага Ирландад ЕХ өгч байсан нь саяхан. Энэ шийдвэрийг нь Ирланд эсэргүүцэн Европыг Холбоог шүүхэд өгөн давж заалдаад байгаа. Тэгтэл Европын Холбоотой татварын маргаан хийгээд сууж байгаа Ирланд энэ хар жагсаалтанд байна уу? Үгүй шүү дээ. Мэдээж, яалаа гэж байхав. Айлын хүмүүсийг л хар цагаанаар нь дуудаж, элдэв өнгө нааж, гахайгаар нь дуудахаас биш яалаа гэж тогоон доторхоо гахайгаар нь дуудахав, Европын Холбоо, санаатай гарууд шүү дээ.
Бусдаас нээг их өндөр шалгуур, дүрэм, зарчим нэхдэг хэрнээ өөрснөө тогоон дотроо тэр зарчмаа барьж чадаж байгаа юм уу?
Олон улсын Оксфам байгууллага өнгөрсөн жил Европын Холбооны энэхүү “хар жагсаалтыг” ямар шат дамжлагаар, ямар шалгуураар гаргадаг нь тодорхой бус, ил тод байдалгүй. Бас тэгээд мөнгө угаадаг газар гэж Европын Холбооны бусад тайлангуудад өчнөөн дурдагддаг Швейцарь, Голланд, Ирланд, Мальт, Кипр гэх мэт газруудыг зүгээр өнгөрүүлдэг хэмээн шүүмжилсэн юм. Тэгээд зогсохгүй, хэрвээ Европын Холбоо бусдаас шаардаж буй тэр шаардлагаа өөрсөндөө тавих юм бол дор хаяж дөрвөн улс нь хар жагсаалтанд орох ёстой; гэвч уг жагсаалтанд Европын орнууд орохгүй байна хэмээн өгүүлж билээ.

Бэлээхэн, хар жагсаалтын орнууд дэргэд чинь байна гэсэн тайлангуудыг хүлээн авчихсан хэрнээ ЕХ тэр улс орнуудаа оруулахгүй, өөрт нь хаа хамаагүй, ядаж Европын бус улс орнууд руу халдан, ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ стандартыг шахаж шаардаж, нэхэж байгаа нь одоо ямар учиртай юм бэ?!
Манай улс санхүүгийн хувьд сул дорой, хэлний асуудлаас болоод гадаадын элдэв стандартыг нь хэрэгжүүлдэггүй байж болно. Тэглээ гээд ямар ч байсан манай улс:
- гадаадын террорист бүлгүүдийг санхүүжүүлдэггүй,
- гадаадын шүүхээс олон тэрбумын татварын торгууль тавиулсан гадаадын компани байхгүй
- Европын Холбоотой татвараар шүүхдэлцээгүй
- бид Европын холбооноос тусдаа улс, тусдаа бүс нутаг
Тийм атал тэр Ирланд, Голланд, Швейцариа ч шалгаагүй байж, хар тамхины өлгий нутаг болсон Бразилыг, террористуудын санхүүжүүлэгч болсон Саудын Арабыг хар жагсаалтанд оруулаагүй байж ЯАХААРАА манайхыг байн байн саарал, хар жагсаалтандаа хийгээд байгаа юм бэ гэдгийн учрыг Европын Холбооноос асууж, амыг нь асууж, өөрсдийгөө эхлээд шалгачих, тэр Ирланд, Швейцариа эхлээд шалгаад, хар жагсаалтанд оруулчих, тэрний дараа чинь танайхтай хамтарч ажиллъя гэж хэлмээр байна.
Европын Холбоо тийм л ёс журамтай, бусдаас өндөр ёс зүй, зарчим шаарддаг газар мөн юм бол эхлээд журамгүй байгаа газруудаа дотооддоо цэгцэлчих. Тэрний чинь дараа та нараас үлгэр жишээ авъя гэж хэлмээр байна.
Хэрвээ өөр ямар нэг далд санаа агуулаагүй л юм бол энэ жагсаалтаа зохих ёсоор нь хийгээд, дэлхийн бүх улс орныг хамруулаад (сорчилж түүж шалгаад байлгүй, яахаараа АНУ одоо болтол энэ шалгалтанд чинь орохгүй байгаа юм бэ?!), цөмд нь ижил шалгуур тавиад, хар жагсаалтанд орох ёстой улсыг санал хурааж хасаж гадна нь үлдээгээд байлгүй шударга ёсыг барин шийдэх ёстой. Тэгсэн цагт л ярилцъя гэж хэлмээр санагдлаа.
Энэ жагсаалтыг тойрсон элдэв маргаан гарч, улс төрийн намууд бие биенээ намнах, муулах сэдэв болж буй үед энгийн Монгол уншигчиддаа асуудлыг тодруулж, биднийг хоорондоо талцах зуур цаагуур чинь ийм юм болж байна шүү, ийм учиртай жагсаалт байна, тийм ч зөв зүйтэй явдаггүй, тийм ч зөв зүйтэй шийдэгддэггүй жагсаалт байна гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй биз ээ гэж үзэн ийнхүү тодруулга хийн баримтыг ухлаа.
Мэдээж бид сайн сайхан, илүү зөв зүйтэй зүйлийн төлөө явалгүй яах вэ. Гэхдээ Европын орнууддаа ч тавьж хэрэгжүүлдэггүй стандартыг хөгжлөөрөө хойно явж буй манай орноос нэхэж буй нь дэндүү шударга бус санагдсан тул ийнхүү баримтуудыг ухав. Иймэрхүү зүйлд юм л бол дуугүй бууж өгч, “За даргаа, мэдлээ гүйцэтгье” гээд гүйгээд байлгүй манай улс энэ жагсаалттай холбоотой бүх зүйлийг, хэрхэн ЕХ танил талаа (өөрөөр хэлбэл асуудалтай Европын орнуудаа) жагсаалтаас чөлөөлж байгаа зэргийг нь албан ёсоор тодруулж, хэлж, ЕХ-нд өөрт нь болон НҮБ-аар дамжуулан эсэргүүцэл илэрхийлэх хэрэгтэй биз ээ.
Товчхондоо ийм байна. Хүн ядаж өөрөө тэр зарчмаа мөрддөг байж бусдаас нэхвэл сайхансан, тийм ээ. Өөрснөө хэрэгжүүлдэггүй байж бусдаас шаардахыг ямар ардчилал, ямар шударга ёс гэх вэ? Европын Холбоо баян улсуудад, ЕХ-ны улсуудад нэг янз хандсанаа энгийн өөр улсад өөрөөр хандаж үүнийгээ шударга жагсаалт гэж хэлж чадна гэж үү? Хэрэв тал татаж жагсаалт гаргах нь шударга ёс юм бол ийм “шударга ёсны” төлөө зүтгэж, тэмүүлэх хэрэг байна уу гэдгийг эцэст нь асууя?!