Эрдэмтэд 7000 гаруй өвчтөнд генетикийн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм таамаглал дэвшүүлж байна.
Францын эрдэмтэд ялангуяа энэ хувилбарыг ихэд анхааран судалж байгаа бөгөөд Францын 0 өвчтөн гэж тооцогдож буй хамгийн анхны өвчтөн нь өнгөрсөн 12 сарын дундуур уушигны хатгаа хэмээх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, эмнэлгээс гарсныхаа дараа тэр нь Ковид-19 байсан байна гэдэг нь батлагджээ.
Amirouche Hammar хэмээх энэ залуу ковид-19 Хятадад албан ёсоор илрэхээс сар гаруйн өмнө энэ өвчнөөр Францад өвдсөн нь батлагдаад байна. Тэр: “12 сарын 20-доор би хуурай ханиаж эхэлсэн. Дараа нь халуурч, халуун маань 40 хэм хүрсэн. Эхнэр маань түргэн дуудъя гэж хэлж байсан юм. Өвөл би ерөнхийдөө ханиад хүрдэг л дээ. Гэхдээ энэ ханиад арай өөр байсан. Би эмнэлэгт хүргэгдсэн. Бараг амьсгалж чадахгүй, цустай цэр гарч, цээж өвдөж байсан болохоор намайг амьсгалын аппаратанд оруулах шийдвэр эмч нар гаргасан. Цээж яг л хутгалуулчихсан юм шиг өвдөж байсан. Дээш харахаар өвдөөд байсан болохоор байнга доошоо харж хэвтэж байлаа. Эмч нар миний оношыг тогтоож чадахгүй байсан болохоороо хэд хэдэн удаа тасаг сольж хэвтүүлж, гэрэлд харсан. Эмч нар, рентген зурагаар харахад чи зүгээр л байна даа гэж байсан.
Гэхдээ цустай цэрээр ханиаж байсан болохоор намайг эмнэлэгээс гаргаагүй. Дөрөв хоногийн дараа би өөрийнхөө саналаар эмнэлгээс гарсан. Арав хоног эм уусан. Ханиах маань намдсан. 12 сард хэн ч Ковид-19-ын талаар дуулаагүй байсан. Тийм өвчин байдаг гэж хэн ч мэдэхгүй. Хятадад энэ өвчин нэгдүгээр сарын дундуур тархсан. Эмнэлгээс гарснаасаа 10 хоногийн дараа би коронавирусын халдвар авсан юм байна гэдгээ мэдсэн.
Францад энэ өвчний халдвар гуравдугаар сард эрчимтэй нэмэгдсэн. Тэгтэл би энэ вирусыг 12 сард туссан. Би үүнд итгэж чадахгүй байгаа юм, бүхэл бүтэн хоёр сарын зөрүү байна шүү дээ. Эмч маань над руу утасдаад “Чи азтай байлаа” гэж хэлсэн хэмээн ярьжээ.