“Россия-1” суваг саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзан “Та өмнө нь ЗХУ-ын задралыг ХХ зууны хамгийн том геополитикийн сүйрэл гэж нэрлэж байсан. Ингэж хэлсний чинь дараа таныг гадны хэвлэлүүд ЗХУ-ыг дахин сэргээхийг оролдож байна гэж шүүмжилсэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?” гэж асуухад Путин ийн өгүүлжээ.
Путин: Улс орнууд өрсөлдөхийн тулд хүч чадлаа нийлүүлж, эвсдэг. Тийм ч үүднээс ЗХУ-ын бүгд найрамдах улсууд хамтран ажилласан. Бид нийтлэг Орос гэсэн хэлтэй. Тийм болохоор хамтран ажиллахад саад тотгор бага. Тэр бүх улсууд оросоор ярьдаг байсан. Энэ нь маш том давуу тал. Бидэнд одоо ч гэсэн нэг улсад байснаас үлдсэн нийтлэг дэд бүтэц, тээвэр, харилцаа холбооны дэд бүтцүүд бий.
Олон зуу биш юм гэхэд олон арван жилийн явцад бий болсон энэ давуу талыг ашиглаж чадах юм бол бид өрсөлдөх чадвараа сайжруулна. Бид ингэж хөгжиж чадах болохоор л манай Барууны түншүүд энэ хамтын ажиллагааг маань эсэргүүцэж байгаа юм. Өөрсдөөс нь илүү гарчих вий гэж айсандаа. Гэвч өөрсдийн ард түмний хөгжлийн төлөө бидэнд үүнийг хийхээс өөр арга алга. Тийм болохоор өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд цаашид хамтран ажиллахад гайхах зүйл байхгүй.
Мэдээж өнгөрсөн цаг үеэс үлдсэн зарим нэг айдас байгааг шулуухан хэлэх хэрэгтэй. Зөвлөлт гүрэн дахин төрж байна, зөвлөлтийн дарангуйлал үүсэх вий гэсэн айдас. Тэр айдсын даван гарах ёстой. Бас тэгээд хамтрах нь цөмд маань хэрэгтэй, энэ замаас ухрах зам байхгүй. Бид урагш алхах болно.