Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Covid-19 вирусын халдварын эхнээс л “МАШ БУРУУ” гэмээр зөвлөмжүүд цөөнгүй өгсөн. Тэд:
- Эрүүл хүн маск зүүх шаардлагагүй
- Гагцхүү Covid-19 туссан юм уу Covid-19 туссан хүнийг харж, асарч, эмчилж буй хүн л маск зүүх хэрэгтэй
- Маск зүүхийн оронд бие биенээсээ хүмүүс 1-2 метр зайтай байхад болно
гэсэн зөвлөмжүүд өгсөн. Азийнхан энэ зөвлөмжийг нь огтхон ч “хайхралгүй” цөм маск зүүцгээсэн ба улс орнууд нь ч маск зүүхийг шаардсан. Үүний цаана соёлын ялгаа, хэлний ялгаа байна уу бүү мэд. Харин BBC зэрэг сувгууд “Маск зүүх хэрэг байна уу?” гэсэн сурталчилгаанууд ихээр явуулсан. Үүнээс болоод Европ, Америкт маск зүүсэн Азийнхан саяхныг хүртэл ихээр гадуурхагдаж байсан.

Одоо харин халдвар Европ, Америкт эрчимтэй тархаж, асар олон хүн амь насаа алдсаны дараа улс орнууд ДЭМБ-ын зөвлөгөө “буруу байсан” юм биш үү гэж эргэлзэж эхэлжээ. Нью-Йорк хотын дарга оршин суугчиддаа маск зүүхийг уриалж эхэлсэн байна. Харин Цагаан Ордноос энэ талаар ямар нэг албан ёсны шийд гаргаагүй ч удахгүй тийм зөвлөмж гарах байх хэмээн сэтгүүлчид найдаж байгаагаа илэрхийлжээ.
Саяхан хийсэн судалгаагаар хүн найтаахад шүлс, дусал нь өмнө нь ДЭМБ-ын эмч нарын хэлж байсан шиг 1-2 метр биш түүнээс хол, 6-7 метрт хүртэл цацагдаж байгааг судлаачид илрүүлсэн байна. Түүнчлэн коронавирусын халдвартай хүмүүсийн 20%-д нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа ажээ.
ДЭМБ-ын энэхүү “хачирхалтай” зөвлөмжийн талаар Европ, Америкчууд:
Үнэхээр маскны дутагдалд орсон бол түүнийгээ л хэлнэ биз дээ, яагаад маск үр дүнгүй гэж буруу зүйл ярьж зөвлөж байсан юм бэ хэмээн бухимдлаа илэрхийлж эхэлжээ.