Дэлхий 2020 оны 03 сарын 25

Карантилагдсан Нью-Йоркт салах өргөдлүүд 50% нэмэгджээ

Нийтэлсэн: Admin

Карантилагдаж, санхүүгийн хямрал хүндэрснээс гэр бүл цуцлуулах өргөдлүүдийн тоо энгийн үеийнхийг бодвол 50% нэмэгдсэн талаар Нью-Йоркийн өмгөөлөгч нар мэдээлж байна.

Манхэттэны гэр бүлийн хуульчдын ярьж байгаагаар давчуу байранд удаан хугацаагаар хамт байхад хүрсэн нь, мөн зарим нь цалингүй чөлөөтэй байгаа нь хосуудын муудалцах эрсдлийг нэмэгдүүлжээ. Салах өргөдлийг дан ганц орлого багатай хосууд биш бас чинээлэг хосууд ч гаргаж байгаа бөгөөд энэ нь эдийн засаг цаашид бүр ч хүндрэхээс өмнө, хувьцааны үнэ унаагүй байгаа дээр хөрөнгөө хоёр тийш шийдэх сонирхолтой холбоотой бололтой.

Урьд нь General Electric компанийн СЕО байсан алдарт менежер Жак Вэлчийн эхнэр Жэйн Вэлчийг гэр бүл салалтынх нь үеэр өмгөөлж байсан, мөн Жорж Сорос, гольфчин Грег Норман, Хоувард Стерн, Матт Лауер нарыг өмгөөлж байсан Зэйбэл хэмээх өмгөөлөгч “Урьд нь бие биенээсээ тусдаа ажиллаж байсан хосууд гэнэт нэг байранд, нэг өрөөнд хамтдаа удаан байх болсон нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн бололтой. Нөгөө талаар, эдийн засаг хямралтай үед гэр бүлээ цуцлуулбал нөгөөдөө төлөх мөнгө, хөрөнгө ч бага байна гэсэн тооцоолол үүний цаана байх шиг байна” хэмээн тайлбарлажээ.


Хосууд заримдаа удаан хугацаанд хамт байх юм уу баяр ёслолын дараа салах нь нэмэгддэг бөгөөд ийм үзэгдэл барууны орнуудад Зул сарын баярын дараа тохиолддог ба нэгдүгээр сард гэр бүл цуцлуулах өргөдлүүд ихээр ирдэг гэнэ.

Холбоотой мэдээнүүд