Агуулга
Холливудын алдартай кино найруулагч, хэд хэдэн эхнэрээс салсан, шүүх цагдаатай орооцолдсон Роман Поланский тун хачирхалтай, түүнд хандах хүмүүсийн хандлагыг хоёрдуулам түүхтэй нэгэн. Тэр гэмт хэрэгтэн үү, аль эсвэл гэмт хэрэгтнүүдийн золиос болоод байгаа нэгэн үү гэдгийг ирээдүйд түүх харуулах биз ээ. Ингээд түүнтэй холбоотой жигтэй гэж болох зүйлсэд анхаарал хандуулъя.
Үүх түүх
Юуны өмнө Роман Поланскийн гарвал сурвалжтай танилцъя. Тэр 1933 оны 8 сард Польш улсад еврей айлд мэндэлжээ. Тэднийх 1937 онд Краков хотод байх үед эцэг эх нь нацистуудад баригдсан ба бага насаа Поланский хүүхэд асрах газар өнгөрүүлжээ. 1962 онд Knife in the Water (Усан доторх хутга) киногоо хийсэн ба уг кино нь Шилдэг гадаад кино төрөлд Оскарын шагналд өрсөлдсөн юм. 1968 онд тэр АНУ руу шилжин суурьшсан ба Rosemary’s Baby (Розмэригийн хүүхэд) киногоо сод найруулагч гэдгээ дахин батлан харуулжээ.
Гэвч чухам тэр кино дэлгэцэнд гарсны дараагаас түүний амьдралын зүдгүүрт цаг үе эхэлсэн гэж болно.
Rosemary’s Baby

Дэлгэцэнд гарсан даруйдаа л алдаршин олныг татсан “Розмэригийн хүүхэд” кино 2 Оскарын шагнал, 4 Алтан Бөмбөрцөг шагнал хүртсэнээс гадна өөр үй олон шагнал хүртсэн ба эдүгээ сонгодог кино хэмээн тооцогдож байна. 2014 онд тус киног АНУ-ын Конгрессын Номын санд хадгалбал зохих “соёл, түүх, гоо зүйн чухал бүтээл” хэмээн үнэлжээ.
Гэлээ ч ийм өндөр үнэлэгдсэн уг бүтээл кино найруулагчийнхаа хүнд бэрх амьдралын эхлэл болсон нь тоогүй. Ямар хүндрэл гэж?
Жирэмсэн эхнэр нь алагдав

1969 оны 8 сард Мансоны Гэр Бүлийнхэн хэмээх шашны гаж урсгалын 4 хүн Лос Анжелес хотод байдаг Роман Поланскийн гэр рүү дайрч орон төрөхөд ердөө ганц хоёрхон сар дутуу байсан жирэмсэн эхнэр Шарон Тэйтийг нь өөр гурван эмэгтэй найз, нэг танилынх нь хамт цөмийг нь алж орхиод явжээ. Энэ үед Поланский киноны ажлаар Европт явж байсан аж. Аллагын дараахан гэмт хэрэгтнүүд цөм баригдсан бөгөөд тэд аллагыг толгойлогч Чарльз Мансоны тушаалаар үйлдсэн хэмээн мэдүүлцгээжээ.
Чарльз Мансон өөрийгөө бурхантай адилтгадаг бөгөөд “Би уулан дээр гарч зогсон ингэ, тэг гэж хэлмэгц л хэлсэн тушаал минь биелэгддэг юм” хэмээн ярьдаг байв. (Жич: “Уулан дээр” гэж хэлж байгааг нь анзаараарай. Есүс уулан дээр гарч зогсдог байсан тул тэр өөрийгөө Есүстэй адилтгажээ)
Сексийн хэргүүдэд буруутгагдав
Эхнэрийнх нь үхлийн дуулиан намжиж байтал, 1977 онд Поланский 13 настай Саманта Гэймер охиныг хар тамхи өгч байгаад хүчирхийлсэн, анал секс хийсэн хэргээр баривчлагдав. Уг явдал 1977 оны 3 сарын 10-нд кино жүжигчин Жак Николсоныд болсон (Жак Николсон тэр үед эзгүй байсан) гэж Саманта охин мэдүүлжээ.
Анхандаа Роман Поланский өөрт нь тулгасан бүх хэргийг худлаа, зохиомол, ямар ч тийм зүйлс болоогүй хэмээн үгүйсгэсэн юм. Гэвч сүүлд нь (бүгдийг нь үгүйсгэвэл ял чинь хүндэрнэ, заримыг нь зөвшөөрвөл ял чинь хөнгөрнө хэмээсэн) өмгөөлөгчийнхөө заавраар зарим буруутгасан зүйлийг нь хүлээн зөвшөөрчээ. Гэлээ ч, бага ял өгнө гэж байгаад цагаа тулахад хүнд ял оноох бололтой гэдгийг дуулсан тул тэр шүүх хурал болохын наахна 1978 оны 2 сард Франц руу оргон зугтсан ба түүнээс хойш гол төлөв Францад байгаа ба өөрийг нь баривчлан Америкт гардуулж өгөх улс орнуудаас бусад оронд л очиж байгаа ажээ…. 2009 онд Полански Швейцарт явж байгаад баривчлагдсан ч шүүхийн шийдвэрээр 2010 онд суллагджээ.
За нэг иймэрхүү явдлууд болсон аж. Хүмүүсийн хэлдгээр яг хэрэг гарах үед орных нь хажууд лаа бариад зогсож байгаагүй болохоор яг юу болсныг гэхдээ хэн ч мэдэхгүй. Поланский хэрвээ насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн бол тэр нь мэдээж гэмт хэрэг бөгөөд байж болшгүй зүйл. Гэлээ ч, нөгөө талаар, охиноор түүнийг гүтгүүлсэн үү гэдгийг бид мэдэхгүй.
Жирэмсэн эмэгтэйг алж байгаа бүлгийнхэнд хүнийг сексийн хэрэгтэй холбож ядах зүйл үгүй биз ээ. Ийнхүү товчхондоо гэвэл Поланскийгаас Холливуд нүүр буруулж, АНУ түүнийг мөрдөн мөшгих болжээ.
Rosemary’s baby-г эргэн харвал
Аймшгийн кино гэж ангилагдсан энэ кино үнэндээ зарим нэг бүлэг, хүрээллийнхний үнэн бодит байдлыг илчилсэн юм биш биз дээ.
Киноны бүх үйл явдлыг тайлалгүйгээр товчхон ерөнхийд нь өгүүлбээс Розмэри хэмээх бүсгүй нөхрийн хамт шинэ байранд ирэх бөгөөд уг байранд амьдардаг хөршүүд нь “тун сонин хүмүүс”. Үнэндээ гэвэл тэд цөм чөтгөр шулам шүтдэг гаж урсгалынхан аж. Тэд Розмэри бүсгүйгээр хүүхэд төрүүлж авах гэж оролдох бөгөөд үүнийг тойрон гол үйл явдал өрнөнө. Розмэригийн толгойг эргүүлэх хуйвалдаанд эргэн тойрных нь бараг бүх хүн оролцдог.
Розмэригийн гэрийн үүдний өрөөнд санамсаргүй тохиолдлоор тавьсан мэт нэгэн сэтгүүл байх бөгөөд аваад үзвэл ийм гарчигтай.

Розмэригийн даашинз
Киноны гол дүр Розмэригийн даашинзыг тойрсон хачирхалтай зүйлс бас бий. Английн хааны гэр бүлийнхэн хүүхэдтэй болохдоо, “хатнууд” нь буюу эхнэрүүд нь яагаад ч юм бэ Розмэри бүсгүйнхтэй адилхан өнгийн, адилхан захтай даашинз өмсөцгөөсөөр байна.



Үүний цаана ямар утга санаа агуулагдаж байна вэ? Үүгээр юу хэлэх гэсэн юм бол хэмээн дэлхий даяар хүмүүс гайхшран эргэцүүлж байна.
Rosemary хэмээх нэрийн учир
Гол дүрд зүгээр ч нэг Розмэри нэрийг сонгоогүй. Уг нэр нийтлэг нэр хэдий ч цаанаа Есүсийн эх Мэригийн нэрийг агуулсан давхар утгатай нэр билээ. Өөрөөр хэлбэл Бурханы эх гэсэн утга агуулдаг юм. Тийм болохоор Бурханы эхээс Анти-Бурханыг төрүүлж байна гэсэн санааг кино илэрхийлэхийг оролджээ.

Ийнхүү асуудал бэрхшээл дүүрэн амьдарч байгаа ч Роман Поланский уран бүтээлээ орхиогүй бөгөөд өөр хэдэн кино бүтээсний нэг нь бидний мэдэх “Төгөлдөр хуурч” буюу The Pianist хэмээх кино бөгөөд уг киногоороо 2002 онд Поланский Оскарын шагнал хүртсэн юм.


Алдаа оноотой ийм нэгэн хүн бидний цаг үед амьдарч байгаа ба түүний талаар бичвэл хэдэн ном бичихэд хүрэх тул үүгээр өндөрлье.