Дэлхий 2020 оны 03 сарын 10

Асар чанга хачирхалтай чимээ дэлхий даяар сонсогдож байна

Нийтэлсэн: Admin

Энэ дуу чимээ анх хэзээ сонсогдож эхэлсэн нь тодорхойгүй. Гэлээ ч асар том төмөр буга урамдаж буй мэт, аль эсвэл Арнолд Шварцнеггерын тоглосон “Араатан” кинон дээр гардаг харь гаригийн араатан шархдан архирч буй мэт дуу чимээ дэлхийн энд тэндээс сонсогддог болсоор лавтай арав гаруй жил өнгөрчээ.

Энэ талаар 2011 онд Английн Телеграф мэдээллийн агентлаг мэдээлж байжээ. Түүнээс хойш энэ чимээг “The Hum” буюу дүнгэнэх дуу гэх зэргээр нэрлэдэг болсон байна. Энэ үзэгдлийг олон хүн өөрийн биеэр үзсэн гэж ярьж байгаа бөгөөд зарим нь бичлэг хийж амжжээ. Strange Sounds Around the World хэмээн интернэтээс хайх юм бол энэ үзэгдэлтэй холбоотой үй түмэн видео, бичлэг, нэвтрүүлэг гарч ирнэ.

Энэхүү хачирхалтай чимээ Их Британи, Швед, АНУ, Канад зэрэг орнуудад илэрсэн байна. Доктор Глен МакФерсон энэ үзэгдлийг сонирхон судалж байгаа бөгөөд 2018 оны байдлаар 17 мянган хүн энэ үзэгдлийг өөрийн биеэр харсан хэмээн түүнтэй холбогдон үзсэн, сонссон зүйлсээ хуваалцжээ.


2015 онд Канадын Ванкувер арлынханд энэ чимээ бас сонсогдсон байна. Гол төлөв шөнө сонсогддог хэмээн нутгийнхан ярьж байна.

Тэгвэл өнгөрсөн жил, 2019 оны 8 сард ч мөн энэ дуу чимээ Германы Хайделберг хотын ойролцоо сонсогдсон байна.

Энэхүү хачин чимээ маш бага, доогуур долгионы хуваарь дээр (low band) сонсогдож байгаа бөгөөд зүгээр сонсогдоод зогсохгүй сонсож байгаа хүний бие доргиж мэдрэгддэг гэнэ.


2019 онд Канадын Онтариод ан хийж явсан хүн мөн энэ дуу чимээг сонсчээ.


2019 оны 12 сард энэ чимээ Ливид мөн сонсогджээ.

https://www.youtube.com/watch?v=9x0LSakNgfw&feature=youtu.be&fbclid=IwAR1bI3QJZeVpvBXRDSlLycyKHHDNIAZ7mcqYmfnQib5rPbITAFMyzmN7CRo

Энэ хачирхалтай чимээ юун чимээ, юунаас үүсэж байгаа нь одоогоор тодорхой болоогүй байна. Зарим нь үүнийг харь гаригтай холбоотой, нисдэг таваг, харь гаригийн араатан гэх зэргээр таамаглаж байгаа бол зарим нь үүнийг байлдааны тийрэлтэт онгоц агаарын эсэргүүцлийг давах үед үүсч буй дуу чимээ гэж тайлбарлаж байна. Харин өөр зарим нь цэргийн нууц туршилт гэж сэрдэж байгаа бол зарим нь гео-инженерчлэлийн нууц төсөл байх хэмээн таамаглаж байна. Юутай ч энэхүү сонин дуу чимээний нууц бүрэн тайлагдаагүй л байна. Арай “Араатан” кино уран зөгнөл биш бодит баримтан дээр тулгуурласан юм биш байгаа даа!

Холбоотой мэдээнүүд